Шүүгч шүүх хуралдаан дээр зохисгүй байдал гаргасан гэх гомдлууд өмнөх онуудтай харьцуулахад эрс буурчээ

ШүүхӨчигдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүгчийн ёс зүй” сэдвээр болон цаг үеийн бусад асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Уг хуралд Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга н.Бямбаа, ёс зүйн хорооны хянан шалгагч Н.Оюумаа тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.

Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ёс зүйн хороо, түүний ажлын алба нь иргэд, албан тушаалтан, хуулийн этгээдээс гаргасан гомдол хүсэлтийг хянан шалгах ажиллагааг сайжруулах, шүүгчдийн ёс зүйн сахилга хариуцлагыгдээшлүүлэх, зөрчил гаргасан нь нотлогдвол хариуцлага тооцох, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд өөрчлөлт шинэтгэл хийж байна.

Тухайлбал, өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 15-наас Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлснээс хойш Шүүхийн ёс зүйн хороо болон Шүүхийн ерөний зөвлөлд 281 шүүгчид холбогдох 183 гомдол, хүсэлтийг иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс ирүүлсэн. Харин ёс зүйн хорооны хуралдаанаар 222 шүүгчид холбогдох 141 гомдлыгхэлэлцжээ. Эдгээрээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шалгалтаар сахилгын хэрэг үүсгэх үндэслэл тогтоогдоогүй, гомдол нь шүүгчийн ёс зүйтэй холбоогүй зэрэг үндэслэлээр 176 шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан хариу гарсан байна. Энэ нь нийт гомдлын 90 орчим хувийг сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан гэсэн үг. Үүнээс үзэхэд иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүсэн гомдлын дийлэнх нь нотлох баримтад тулгуурлаагүй, харъяаллын бус, шүүгчийн ёс зүйтэй холбоогүй гомдол гаргадаг гэж үзэж болохоор байна.

Мөн Ёс зүйн хорооны хуралдаанаар 16 шүүгчид сахилгын хэрэг үүсгэн нийт гишүүдийн хуралдаанаар найман хэрэг хэлэлцсэн бай-на. Үүнээс зургаан шүүгчид холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, нэг щүүгчид холбогдох сахилгын хэргийг хэлэлцэхийг хойшлуулж, нэг шүүгчид гурван сар цалингийн 20 хувь буу-руулах сахилгын шийтгэл ноогдуулахаар шийдвэрлээд байна. Мөн гомдол хянан шалгах ажиллагааны явцад найман иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас шүүгчийн ёс зүйн асуудлаар ирүүлсэн гомдлоосоо татгалзжээ.

Сүүлийн нэг жилийн байдлаар шүүгч нарын ёс зүйтэй холбогдуулан гаргасан гомдлыг агуулгаар нь судлан үзвэл шүүгч шүүх хуралдаан дээр зохисгүй байдал гаргасан гэх гомдлууд өмнөх онуудтай харьцуулахад эрс буурсан байна. Энэ нь шүүх хуралдааны танхимд дуу, дүрс хураагуурын тоног төхөөрөмж суурилуулан шүүх хуралдааны үйл явцыг бичлэгээр баталгаажуулж, олон нийтэд нээлттэй болгосон, шүүгчид мэргэжлийн болон ёс зүйн шаардлагыг хангаж ажиллаж байгаагийн илрэл гэж албаны хүмүүс хэлж байлаа.

Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос “Шүүгчийн ёс зүйн дүрэм”-ийг шинэчлэн баталж, өнгөрсөн гуравдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлээд байгаа билээ. Энэ дүрмээр шүүгчийн албаны үйл ажиллагаа болон хувийн амьдралдаа баримтлах зарчим, даган биелүүлэх хэм хэмжээг тодорхойлсноор шүүгчийн ёс зүй, хариуцлагатай байдлыг бэхжүүлж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх юм. Иймд уг дүрмийг нийт шүүгчдэд танилцуулах, “ёс зүйн сургалтын агуулгыг боловсронгуй болгоход чиглэгдсэн судалгаа хийх, сургалтын хөтөлбөрийг холбогдох газруудтай хамтран боловсруулах зэрэг ажил хийгдэж байгаа ажээ.

 

 
А.ХАЛИУН /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих