Дахин 2 Өвөрмонгол иргэнийг нутгаасаа хөөн гаргасан Монголын талаар гадны хэвлэлүүд ингэж бичжээ
СӨҮЛ. /Ёнхап/. Монгол Улсад орогнож байсан Хятадын Өвөр Монголын өөртөө засах орны (ӨМӨЗО) хоёр иргэнийг хүний эрхийн хөдөлгөөн зохион байгуулсан хэмээн Монголын холбогдох байгууллага хүчээр Хятад руу хөөн гаргасан гэж энэ сарын 16-нд АНУ-ын “Чөлөөт Ази” радио мэдээлэв.
Монголын Засгийн газар энэ сарын 13-нд тус улсад хөгжмийн сургуульд сурч байсан Далайбаатарын Дөвчин, Тулгуурын Нороврэнцэн нарыг хүчээр Хятадын галт тэргэнд суулган Хятад руу хөөн гаргасан гэж АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй Монгол үндэстний хүний эрхийн байгууллага болох “Өмнөд Монголын хүний эрхийн мэдээллийн төв”-өөс (SMHRIC) мэдээлсэн байна.
Өвөр Монгол дахь Хятадын дарамт шахалтыг шүүмжилдэг тэр хүмүүс өнгөрсөн сарын 9-нд Өвөр Монголын алдартай тэмцэгч Норовсүрэнгийн Алхааг Монгол Улсаас хүчээр гаргахгүй байхыг шаардан хэвлэлийн бага хуралд оролцох гэж байхдаа цагдаад баривчлагджээ. Н.Алхааг өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголын холбогдох байгууллагаас тус улсаас гарахыг шаардаж эхэлсэн бөгөөд тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид захидал бичиж, Хятад руу хүчээр гаргавал өөрийгөө шатаана гэж мэдэгдэж байсан. Монгол Улс түүнийг хүчээр гаргахаа түр азнаад байна. Монгол Улс 2009 оны аравдугаар сард Өвөр Монголын иргэн болох нэгэн алдартай эмчийг хүчээр гаргаж байсан ба таван жилийн дараа дахин хоёр хүнийг хүчээр хөөн явуулж байгаа нь энэ юм. Уг үйл явдлын талаар Өвөр Монголын монгол үндэстнүүд, “Монгол, Хятадын харилцаа ойртож, өвөр монгол цагаачдын эрхэд халдаж байна” гэж үзэх болжээ.
Өвөр Монгол урьд нь Монгол Улсын нэг хэсэг байсан бөгөөд Хятад улс Өвөр Монголыг өөрийн бүрэлдэхүүн болгон авч Монгол Улс тусгаар тогтнож үлдсэн аж. Хятадын төв Засгийн газрын хавчин шахах бодлого болон хан үндэстнүүд Өвөр Монголын нутагт уул уурхай, газар тариалан эрхэлж байгааг эсэргүүцдэг өвөр монголчууд Монгол Улсыг гол түшиг тулгуураа гэж үздэг юм.
А.Цацралт
Монцамэ
URL: