ТӨРИЙН ДОРОМЖЛОЛ ХЭРЭЭС ХЭТРЭВ

51Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид амь насаа алдсан Газрын тосны газрын дарга Д.Амарсайханыг нутаглуулаад удаагүй байтал ар гэрийнхнийг нь цочирдуулсан дахин нэг дуулиан дэгдлээ. Түүний нас барсан шалтгааныг тогтоож, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох зорилгоор Баянгол дүүргийн Цагдаагийн II хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Гэтэл Цагдаагийн хэлтсээс уг хэрэгт Цагдан хорих төвийн эмнэлгийн дарга болон эмчлэгч эмч нарт Эрүүгийн хуулийн 95.1-д зааснаар эрүү үүсгэсэн тухай ар гэрийнхэнд нь дуулгасан байна.

Эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж буй зүйл анги нь Монгол Улсын Эрүүгийн хуульд “Бусдыг амиа хорлоход хүргэх” хэмээн зүйлчлэгдсэн байдаг. Тодруулбал уг хуулийн 95.1-д “Эд хөрөнгө, албан тушаалын болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа болон өөр бусад хүмүүстэй харгис хэрцгий харьцсан буюу нэр төр, алдар хүндийг нь байнга гутаан доромжилсны улмаас хохирогч амиа хорлосон бол хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг юм байна.

Тэгэхээр талийгаач амиа хорлосон, Цагдан хорих төвийн эмч нар түүнийг амиа хорлоход хүргэсэн болж таарах нь. Үүнийг сонсоод гайхаж цочирдсон ар гэрийнхэн нь төдийгүй хэвлэлийнхэн цагдаагийнханд хандаж чухам яагаад ийм зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэснийг лавлахад ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан нь золгүй байдлаар нас барсан. Монгол Улсын Эрүүгийн хуульд “золгүй байдлаар нас барсан” гэдэг зүйл анги байдаггүй. Тиймээс золгүй байдлаар амь насаа алдсан бүх хохирогчид Эрүүгийн хуулийн 95.1 зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг юм.

Шалгалтын явцад хохирогчийн нас барсан шалтгаан хүн амины хэрэг үү, өвчний улмаас уу гэдэг нь тодорхой болж, хэргийг хаах, эсвэл өөр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн үргэлжлүүлэн шалгах эсэхийг шийддэг” хэмээн тайлбарлаж байх юм.

Хуульд ингэж заасан учраас гэсэн мохоо бас модон тайлбар хэлж суудаг хуулийнханд энэ тийм ч хачирхмаар бас эгдүүцэж зэвүүцмээр зүйл биш бололтой. Нэгэнт хуульд ийм заалт байхгүй юм чинь амиа хорлосон гэж шалгахаас яах билээ хэмээн мөрөө хавчиж суугаа нь хүнээ алдсан ар гэрийнхэнд нь чухам яаж тусахыг тэд огт боддоггүй. Магадгүй бүр бодохыг хүсдэггүй ч байж мэднэ гэж бодогдохоор үйл явдал энэ хэргээр дамжин олон хүнд төрсөн.

Талийгаачийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам “Анх цагдан хоригдоход нь бид бие нь хүнд байгаа талаар хэлж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэн батлан даалтад гаргуулсан юм. Ингэж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлсний дараа 2014 оны нэгдүгээр сарын дундуур бас найм ес хоног цагдан хорьсон. Харин дөрөвдүгээр сард түүнийг дахин цагдан хорьсон. Түүнээс хойш 28 хонож байв. АТГ-т шалгаж буй хэргийн мөрдөн байцаалт бараг дуусч, хэргийг боож прокурорт шилжүүлэхээр болж байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу бид хэрэгтэйгээ танилцаж байтал нэг өдөр үйлчлүүлэгчийг маань “Хүрээд ир” гэж дуудсан. Очтол “Цагдан хорихоор боллоо” гэсэн. Цагдан хорих үндэслэлээ ч хэлэлгүй шууд хорьсон. Таслан сэргийлэх арга хэмжээг бидэнд хэлэлгүй өөрчилсөн. Цагдан хорьсон захирамжийг нь аваад юмдол гаргахдаа бид “Энэ хүний бие маш муу, ялангуяа тархины хүнд өвчтэй. Оргон зайлах боломжгүй. Цагдан хорих ямар ч шаардлагагүй” гэж дурдсан.

Гэтэл Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн ерөнхий шуүгчийн үүрэг гүйцэтгэгч Ё.Цогтзандан гомдлыг хүлээж аваагүй. Д.Амарсайхан гуайг “Хүнд гэмт хэрэгт холбогдсон, оргон зайлж болзошгүй тул сэрэмжлүүлэх зорилгоор цагдан хорьсон” гэх утгатай зүйл хэлсэн. Талийгаачийн зүгээс мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулах, мөрдөн байцаалт, прокурорын шатнаас оргон зайлах үйлдэл огт хийгээгүй. Түүнийг гадаад дотоодод эмчлүүлж байсан өвчний түүхийг нь хавсарган гомдол гаргасан ч шүүх хүлээж аваагүй. Ингэх болсон үндэслэлээ “Өвчтэй байгаа хэдий ч хорих 461 дүгээр анги дэргэдээ эмнэлэгтэй, тэнд эмчилгээ хийлгэх боломжтой” гэсэн. Цагдан хорих захирамж хэвээр үлдсэн тул бид ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн эмнэлгийнхэнд хүсэлт гаргасан. Толгойны хүнд өвчтэй гэдгийг нь дурдаад эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж өгөөч гэсэн ч “Боломжгүй” гэдэг хариу өгч байлаа” гэж ярьсан.

Талийгаачийн хувьд авлигын хэрэгт хамаатай байж магадгүй хэмээн шалгуулж байсан болохоос авлига авсан, мөнгө хөрөнгө идэж уусан буруутай гэдгийг нь хэн ч батлаагүй. Тэгсэн хэрнээ Үндсэн хуульд заасан эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхээ ч эдэлж чадалгүй амиа алдсан. Өмгөөлөгч нь, ар гэрийнхэн нь түүнийг хүнд өвчтэй, эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатайг нь нотлох баримтыг хавсарган хэдэнтээ хүсэлт гаргасан ч манай прокурор, шүүхийн байгууллагын хөлдүү, хүнлэг биш хандлагын золиос болсон учраас түүний үхэлд төр буруутай. Тэгсэн хэрнээ буруугаа хүлээхийн оронд “амиа хорлосон” болгож шалгахаас өөр гарцгүй мэдээр тайлбар хийж суугааг нь доромжлол гэхээс өөрөөр нэрлэх арга ч алга.

 

Н.ГЭРЭЛ /ӨДРИЙН ШУУДАН/


URL:

Сэтгэгдэл бичих