69 настай эмгэнд 3 сар 10 хоног баривчлах ял оноожээ
Энэ сарын 10-нд хурдан удмын хоёр азрага буудаж хөнөөсөн 69 настай Б.Дулам гэдэг эмгэнд шүүхээс бусдын эд хөрөнгөнд оц их хэмжээний хохирол учруулсан хэмээн 3 сар 10 хоног баривчлах ял оноон шүүхийн танхимаас шууд Булган аймгийн Цагдан хорих төвд хорьжээ. Тэрээр тарианд орлоо хэмээн Г.Нэргүйбаатарын өсгий цагаан, Н.Эрдэнсайханы хүрэн зээрд азрагыг калибрь буугаар буудан алсан нь баримтаар тогтоогдож. Уг нь тарианд ороод байхаар нь үргээх санаатай угтуулан буудтал гай болж хурдан удмын хоёр ч азрагыг онож.
Н.Эрдэнсайхан нь хүрэн зээрд азрагаа хурдан удамтай хэмээн 60 саяар үнэлсэн ч мөрдөн байцаалтын явцад 35 сая болгосонд гомдолтой байна гэжээ. Харин нөгөө азрага нь гурван саяар үнэлэгдэж. Эмгэн хүүгийнхээ тарианы талбайг хардаг байсан тул хүүг нь иргэний нэхэмжлэгчээр татсанд тэрээр харин ч ачлалгүй загнажээ. Олон сая төгрөгний хохирлоос айсан хүү Д.Цэрэндаш нь “намайг иргэний хариуцагчаар татсаныг зөвшөөрөхгүй, би ээжийг албан ёсоор авч ажиллуулаагүй, манай ээж хэрэг хариуцах чадвартай хүн” гэж мэдүүлсэн тул иргэний хариуцагчаар татсан мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож. Ингээд Б.Дулам хоёр азрагны үнэлгээ болох нийт 18 сая төгрөгийн өрөнд унажээ.
NUUTS.MN
URL: