Шилдэг кино: BraveHeart

braveheart

Төрөл: түүхэн сэдэвт

Найруулагч: Мел Гибсон

Продюсер: Брюс Дэйви, Мел Гибсон, бага-Элан Лэд, Стивин Макэвити

Кино зохиол: Рэндол Уоллас

Гол дүрд: Мел Гибсон, Софи Марсо, Пэтрик МакГуэн, Кэтрин МакКормек

Хөгжмийн зохиолч: Жэймс Хоннер

Зураглаач: Жон Толл

Кино компани: Америкт Paramount Pictures. Бусад оронд 20th Century Fox ажилласан

Хугацаа: 177мин

Төсөв: 53.000.000

Бүтээсэн орон: АНУ

Бүтээсэн он: 1995.05.24

“Хатан зүрх” нь Английн дарангуйлал, доромжлолын эсрэг тэмцэж байгаа Шотландын баатарлаг эрс, босогчдын тэмцэл, тулааныг харуулна. Шотландчуудын босогчдын удирдагч болох Уильям Уоллесын дүрийг нэрт жүжигчин, найруулагч Мел Гибсон бүтээсэн билээ. 1996 онд “Хатан зүрх” нь 10 төрлөөр “Оскар”-т нэр дэвшин тавыг нь хүртсэн бөгөөд 1995 оны хамгийн шилдэг киногоор шалгарч байсан юм.

Энэхүү түүхэн сэдэвт кино дээрх үйл явдал 1280 онд эхлэх болно. Тухайн үед Английн эзэн хаан байсан “Урт Хөлт” Эдуардтай тэмцсэн Шотландын домогт баатарлаг эр болох Уильям Уоллесын эмгэнэлт хэрнээ бахархам түүхийг та энэ киноноос мэдэж авах болно. Уоллесыг бага байхад эцэг нь англичуудын гарт амиа алдах хэдий ч хүүг авга ах нь Европод сайн хүмүүжлээр хүмүүжүүлж эх нутагт нь эргүүлэн авчрана. Тэрээр эх орондоо ирэхдээ аль хэдийн эрийн цээнд хүрсэн байх бөгөөд ямар нэгэн өшөө хорсол, тэмцэл тулаангүйгээр гэр бүлийн хамт амгалан тайван амьдрахыг эрхэмлэхээр шийдсэн байна. Гэвч хувь тавилан түүнд хатуурхан огт өөр амьдралыг түүнд “санал” болгоно. Түүний сүйт бүсгүйг Англичууд хороосны дараа тэрээр эрх чөлөөний төлөө тэмцэгч, өс хонзон авах баатар эрсийн нэг болон өөрчлөгдөнө.

Үйл явдал:

1920 он. Английн хаан “Урт Хөлт” Эдуард I Шотландлын хэсэг нутгийг өөрийн эзэмшилдээ авсныхаа дараа бүх шотландчууд биедээ ямар нэгэн зэвсэг авч явахыг хориглосон шийдвэр гаргажээ. Тэрхүү шийдвэрийг эсэргүүцсэн тэмцэлийн үеэр 10 настай Уоллес хүүгийн аав болон ах нь Английн хааны цэргүүдийн гарт амь насаа алдсан байна. Өнчин үлдсэн Уоллесыг авга ах Аргайл нь өөрийн асарамжинд авах болно.

Ингнээд тэр явдлаас хойш хэдэн жил өнгөрсний дараа Уоллес гэр бүлтэй болж, аж ахуй эрхлэн амар тайван амьдрах зорилготой төрөлх тосгондоо эргэн ирэв. Тэрээр хүүхэд насандаа найз байсан Маррон гэх бүсгүйтэй болзон уулздаг боллоо. Хаан Эдуардын тогтоосон “анхны шөнийн эрх” гэх харгис дэг журмаас зугатан тэр хоёр нууцаар гэрлэлтээ бүртгүүлнэ. Гэтэл нэг өдөр английн цэргүүд Марроныг хүчирхийлэхийг завдаж байх үед нь Уоллес тэдний гараас бүсгүйгээ зугатаалгаж чадсан хэдий ч Маррон тосгоноосоо гарч чадалгүй цэргүүдэд баригдана. Ингэтэл эсэргүүцэл үзүүлсэн гэж үзэн орон нутгийн цэргийн захирагч бүсгүйг ямар ч өчиггүйгээр хоолойг нь огтлон хороож орхилоо.

Ингээд хайртай бүсгүйгээ нүдэн дээрээ алдсан Уоллес уулынхантай нийлэн бослого гаргаж захирагчыг хөнөөж орхив. Түүнээс хойш Уоллесийн дайчидтай Шотландын өнцөг булан бүрээс олон дайчид босогчид нэгдэж эхэлсэн байна. Тэдгээр эрх чөлөөний төлөө босогчид хэд хэдлэн тулаан Английн дайчдыг булгаж авсан бөгөөд бүр Сттерлингийн гүүрийн дэргэдэх томхон тулаан тэдний ялалтаар өндөрлөжээ. Фолкеркскийн тулааны үеэр өөрийг нь английн цэргүүдэд олзлон өгөх гэж байсан хоёр урвагчийг илрүүлэн өөрийн гараар тэднийг хөнөөнө. Энэ үеэр Уоллес Эдуард хааны өв залгамжлагч  ханхүү Эдуардын эхнэр болох гүнж Изабеллтай нууцаар уулзаж байлаа.

Уоллес цаашдын тулаануудад ялалт байгуулахын тулд Шотландын язгууртан Роберт Брюсээс /тэр бол ирээдүйн Шотландын хаан Роберт I юм/ тусламж дэмжлэг авахаар болж түүнтэй нөхөрлөхөөр болдог. Гэтэл Робертын зэрэмдэг эцэг нь нууцаар отолт зохион байгуулж Английн цэргүүдэд Уоллесийг барьж өгөх болно. Лондонд түүнийг хаанаас урвасан гэх хэрэгт буруутган шүүнэ. Гэвч тэр Эдуардыг хэзээ ч өөрийн хаан гэж үздэггүй байсан тийм байсаар ч байх болно хэмээн өчиг өгсөөр байлаа. Ингэснээр шүүх түүнд өвчнийг хамгийн ихээр мэдрүүлж алах шийд гаргав. Лондонгийн төв талбай дээр Уоллесыг аймшигтайгаар тамлаж эхэллээ. Тэрээр өвдөлтийг тэсэхийн аргагүй болсон үедээ тэнд цуглагсдын зүг харан “-Эрх Чөлөө” хэмээн хамаг чадлаараа хашигарч байх тэр агшинд түүний нүдэнд эхнэр Маррон нь инээмсэглэн алхах нь харагдана. Энэ үед Уоллесын толгойг цавчина.

Хэсэг хугацааны дараа Роберт Брюс Шотландлын армийн үлдсэн цэргүүдийг удирдан Баннокбернын хөндийд Английн цэргүүдтэй тулна. Тулаанд орохдоо тэд Уоллесын нэрээр уриа хийн урагш давшина…

Түүхэн фактаас:

-Эдуард хаан тийм ч их  яриасаг хүн биш байсныг кинон дээр бодитоор харуулсан. Тэрээр наймдахь удаагийн загалмайтны аян дайн оролцож явсан нэгэн.

-Түүхэн хүн болох Уильям Уоллесын аав болон ах нь 1291 онд хүүг 21-тэй байхд нас барсан.

-Кинон дээр гардаг шиг Уильям Уоллес Изабелагаас төрсөн Эдуард III эцэг биш юм. Учир нь 1305 онд Уоллесыг цаазалсан бол Эдуард III нь долоон жилийн дараа буюу 1312 онд төрсөн билээ.

-Шотландуудад чухал ялалтыг авчирсан Стерлингийн гүүрний тулааныг харуулдаг хэсэгт уг гүүрийг зохиож хийсэн. Түүнээс биш жинхэнэ гүүрийг кинонд гаргаагүй.

-Уоллес болон түүний цэргүүдийг Англичуудад барьж өгсөн урвагч бол Роберт Брюсын аав биш юм. Тэр бол Английн хааны түнш болох Шотландын хүлэг баатар Жон де Ментейс гэгч юм.

-Уоллесын нүүрийг будсан цэнхэр будаг нь эртний кельтскийн дайчдаас үүсэлтэй. Гэхдээ XIII зуунд буюу киноны гардаг үйл явдлын үеэр үүнийг аль хэдийн хэрэглэхээ болиод байсан гэдэг.

-Хаан Эдуард I нь Уоллестай хамт үхээгүй. Тэрээр тэр өдрөөс хойш хоёр жилийн дараа буюу 1307 онд таалал төгссөн байна.

Уильям Уоллес

Англичуудын эсрэг хүч тэнцвэргүй тулаанд ард олныг уриалан удирдан оролцуулсан Шотландын үндэсний баатар энэ эрхэм 1270 онд төрж 1305.08.23-нд Лондонд цаазлуулан нас барсан.

Уилльям Уоллесын эцэг сэр Мальколм Уоллес нь Англиас Шотландад итгэмжлэгдсэн хүлэг баатар байсан бөгөөд Стюартын хязгаарт амьдардаг нэгэн байжээ.

1296 онд Эдуард хааны Английн арми Шотландыг эрхшээлдээ оруулж нутгийн баронуудаар дамжуулан ноёрхолоо тогтоогоод байв. Тухайн үед Шотландын хаан байсан Иоанн Баллиоль нь хаан ширээнээсээ бууснаар Шотланд Английн мэдэлд бүрэн шилжээ. Ингэснээр Английн цэргийн гарнизорнууд Шотландын томоохон цайзуудад байрлан нутгийн ёс заншлыг тэр чигт өөрчлөн Англи хэв маягт оруулахаар санаархаж байлаа. Тэгвэл жилийн дараа буюу 1297 оноос улс орон даяар английн дэглэм, дарагуйллын эсрэг бослого тэмцэл эхэлжээ. Тэрхүү бослогыг дайн тулааны өндөр мэдлэгтэй, цэргийн зохион байгуулах авьяастай хүлэг баатар Уилльям Уоллес удирдаж байв. Бослого нь сүүлчийн хаан Иоанн Баллиолийн нэр алдар дор хийгдэж байсан бөгөөд эхлээд удаагүй байхад Уоллесын цэргүүдтэй Роберт Брюс, Жэймс Стюарт болон өөр хэдхэдэн баронууд нэгдээд байжээ. Бослого асар богино хугацаанд бүх үндэстнийг хамарсан тэмцэл болон хувирсан юм.

1297.09.11-нд Уоллесоор удирдуулсан Шотландын цөөн хүнтэй арми Стерлингийн гүүрийн орчим 10 мянган цэрэгтэй гүн Суррейн армийг бут ниргэжээ. Уг тулааны үеэр Уоллес өөрийн үнэнч нөхөр де Моррейг алдсан байна. Энэ бослого тэмцэл нь ямар нэгэн улс төр, санхүүгийн эрх ашгийн төлөө биш зөвхөн эрх чөлөөний төлөөх эх орончдын өсөө хорсол байлаа. Эх нутгийнхаа ихэнх хэсгийн тэд англичуудаас чөлөөлөөд байв. Уоллесын нэр алдар Иоанн хаанаас ч илүүтэй ард олны дунд хүндлэгдэн бишрэгдэж байлаа.

1928 онд Эдуард хаан дахин их хэмжээний цэрэг илгээснээр Фолкерскийн тулаанд Шотландчууд ялагдал хүлээжээ. үүний дараагаар Уоллесын байдлыг сайжруулахын тулд Францад очиж франц шотландын холбоотны гэрээ хэлэлцээр хийн хамтран Англичуудын эсрэг тэмцэхийг санал болгожээ. Гэвч Францын хаан охин Изабеллагаа “урт хөлт” Эдуард хааны хүүтэй гэрлэхийг зөвшөөрсөн байсан тэр Англичуудтай дайтахыг хүсээгүй гэнэ. Ингээд хоёр жил орчим партизаны хэлбэрийн тэмцэл хийж байсан Уоллес тэмцэлдээ дахин бүх ард түмний дэмжлэгийг авч чадахгүй байв. Тэгэхдээ Англичуудтай тэмцэх бослогыг Жон Комин дахин эхлүүлсэн бол дараа нь Роберт Брюс энэ тэмцлийг үргэлжлүүлэв. 1305 онд Уилльям Уоллес Шотландад эргэн ирсэн бөгөөд Шотландын хүлэг баатар Жон де Ментейс гэгч урвагч түүнийг 08.23-нд Англичуудад барьж өгсөн юм. Түүнийг Лондонд цаазалсан. Уоллесын биеийг хэсэгчлэн цавчаад Шотландын өнцөг булан бүрд байх томоохон хотуудаар тараасан ажээ.

Р.Слава

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих