Саргүй шөнө чөтгөр болдог эгч дүүс алтны нинжаг үнхэлцэгийг нь хагартал айлгав
Баянмөнхийнх харахад л нүд дүүрэн гурван сайхан охинтой өнөр өтгөн сайхан гэр бүл. Охид хоорондоо хоёр, хоёр насны зөрүүтэй нутаг усандаа гайхагдсан сайхан бүсгүйчүүд болж торнижээ. Бага охиныг 16, том охиныг 20 шүргэхэд тэдний гадаа машин, мотоцикль, уяан дээр нь дэлийг нь яралзтал зассан жороо сайвар хүлэг морьд багширч байдаг болов. Холоос дурандсан нэг нь Баянмөнхийнх найр хийж байна уу, эсвэл багахан овооны наадам болж байна уу гэж андуурмаар, тэгж их хөл хөдөлгөөнд дарагдах болов.
Сумын заан Хүрлээ Баянмөнхийн том охин Ганчимэгийг хоргоож, улс амьтан удахгүй шинэ найр хийх нь гэцгээх болов. Гэтэл тэр нэг шөнө хос залуус голын эхэнд чивэлт ажил хийснээс хойш сумын заан залуу ахиж Ганчимэг рүү очсонгүй, холбоогоо тасалжээ. Таслаад ч зогсохгүй өнөөх Хүрлээ юу болоов гэсэн мэт гэртээ тогтож суухаа байж хот руу гараад сураг нь тасрав. Түүнээс яагаад Ганчимэгтэй суугаагүй талаар асуухад бөх залуугийн царай хачин барайж ирснээ “Энэ тухай би яримааргүй байна л даа. Одоо ч надад тэр аймшигт шөнө харагдах шиг болдог. Битгий надаас энэ тухай асуу” хэмээн “Шөнө дундын яриа” нэвтрүүлгээр орж буй хүн шиг хамаг бие нь салгалаад, хоолой нь чичирхийлдэг болжээ. Шооч зарим нь “Манай начин Хүрлээ эр хүнийхээ үүргийг гүйцэтгэж чадахгүй Баянмөнхийн том охинд гологджээ” гэцгээнэ.
Үүнээс хойш хэдэн жил өнгөрсөн ч тэдний охидын нэг нь ч нөхөрт гарсангүйд нутгийнхан төдийгүй төрүүлж өсгөсөн эцэг эх нь гайхна. Царай зүс бие галбир, зан ааш сайтай, үйлэнд уран, ажилсаг нямбай гурван бүсгүй хятад хулхи бараа шиг борлогдохгүй удах тусам Баянмөнх, эхнэр Хандын хамт сэтгэл санаа зовних болов. Гэхдээ хадаг бариад бэр буулгахаар гуйгаагүй ч хайрын үг шидсэн нутгийн харчуулыг охид царай өгч охин чинь “Горьдлого” компани гэгчээр орсон гарсан эрчүүдийг харцаараа өдөж хэрдээ л аальгүйтэх, сээтэгнэх авч тэднийг нэг нүдээр тоож үзэх залуус гарсангүй. Харин тус нутагт алтны уурхай нээсиээс хойш Баянмөнхийнд хоноц салахаа больжээ.
Алтны нинжа хийхээр ирсэн 21 аймгийн есөн шидийн харчуул цуглаж гурван бүсгүйг шохоорхон өмдөн дороо зангирах эрхтэнийг хоргоож явахад хэцүү болсон байна. Дорноговиос ирсэн Дондог гэх хижээл эр ямар ч хүүхнийг өөртөө татах сүрхий увидастай нэгэн гэнэ. Тэр нэг харсан хүүхнээ ганц тарнидаад үлээсэн байхад л авшиг хүртсэн бүсгүй Дондогоос салахаа байж, юу байдгаа бариад гүйчихдэг юмсанж. Тэр нэг удаа үнээ сааж буй сайхан бүсгүйг эзэмдэхээр тарниа уншиж, Утайгаас авчирсан улаан шороогоо цацтал нөгөө хүүхэн нь Дондогоос салахаа байсан гэдэг. Бүр нөхөр, гурван хүүхдээ орхиод түүний араас ээрүүлдэн, сүүлдээ амь насаа хорлох дээр тулж байсан удаатай. Алтны нинжа эрчүүд оройхон хэдэн шил архи өмнөө тавьж, тос даасан цуйван сэгсрэх зуураа Баянмөнхийн гурван охиныг яаж эд бахдалтай, эн тэнцүүхэн эдлэх тухай хүүрнэв.
Гурван бүсгүйн хамгийн царайлаг нь отгон охин Ганжаргал байлаа. Харин том охин Ганчимэг бол царай зүсээр гүзээ шиг бөөрөнхий, хөх нь гэж эрлийз үнээний дэлэн шиг том хэрнээ бэлхүүс нарийхан нуруулаг бүсгүй, Дунд охин Ганцэцэгийн хувьд царай зүс тийм ч сайхан биш авч нөгөө хоёроо бодвол ааш ааль зөөлөн даруухан бүсгүй байлаа. Баянмөнх мал хуй багатай тул алтны эрэлчдэд ширхэг бууз 1000, шил архи 10000 төгрөгөөр зарж хоёр сарын дотор тэрүүхэндээ хөөрхөн мөнгөжөөд авчээ. Ганжаргал, Ганчимэг хоёр алтны нинжа нарт өдрийн хоол, тамхи тариа залгуулна. Оройхон алтны нинжанууд ажлаа дуусган амарч байхад Баянмөнх Ханд хоёр хэдэн авдар архиа морин тэргэндээ ачаад хөдөлдөг байв.
Гурван сарын дараа мань эр мөнгөө нягтлан тоолж үзвэл 5 сая төгрөг аль хэдийнэ унагажээ. Эхнэртэйгээ зөвлөж байгаад ямар ч байсан эхний ээлжинд “портер” авч унахаар шийдэв. Хотод байдаг ах дүү нартайгаа холбогдож хүн амьтнаас 3 сая төгрөг зээлээд супер “Бонго” машин авахаар болсон ажээ. Ингээд Баянмөнх гэнэт баяжиж эхнэрээ дагуулан хот орсон байна. Тэд хотод овоо хэд хонож машины үнэ ханш сайтар судлахаас гадна гурил будаа, мөн хямдхан архи ахиухан нөөцөлж авахаар тохирчээ. Эцэг эх хоёр нь хот руу явж гурван бүсгүй гэрээ сахиж байгаа тухай олж сонссон нинжанууд бөөн хөөр амьтад үс, зүсээ янзалж эхлэв. Хагсарч үхэхээ шахсан алтны нинжанууд гурван бүсгүйг яаж эдлэх тухай шөнийн шуурхай хуралдаан хийсэн гээд бод.
Хар мунаг нь дэндсэн алтны эрэлчдийн зарим нь “Эгч дүү гурвыг энэ шөнө дараад хуурайшиж, хатсан тээрхийгээ нэг сайн дэвтээж хономоор байна” гэхэд нөгөө хэсэг нь “Үүрэн телефон хөгжсөн өнөө үед яах ийхийн завдалгүй сумын төвөөс цагдаа сэргийлэх давхиж ирээд бөөн хэрэг дэгдэнэ. Бид эгч дүү гурвыг хүчиндсэн гээд улс орон даяар шившиг болцгооно. Үгсэн тохирсон, зохион байгуулсан, бүлэг этгээд гээд 10 жил торны цаана суух эрхээр шагнуулах вий. Тэрний оронд эхний ээлжинд хамгийн сайн хүүхэн панаалдаж чаддаг нэгийгээ явуулъя” гэцгээн санал хураахаас наагуур юм болжээ.
Ах настай, арга чарга хийдэг, жүд уншлагатай Дондог “зайран” эхлээд том охин Ганчимэгийг оролдоод үзэхээр шийджээ.
Оройхон бүсгүйчүүд сааль сүүндээ гарсан үед Дондог “Мустанг” мотоциклио чарлуулан Баянмөнхийнд буужээ. Эгч дүү гурав нэг их цааргалсан шинжгүй байгаа бололтой идээ будаа тавьснаа тогоо залгуулав. Ийнхүү тогооны архинд хөлчүүрхсэн эр удалгүй эгч дүү гурвыг ээлжлэн татаж чангаан, гижигдэж, маазарсан нь ойлгомжтой. Нэг ухаан орвол Дондог том эгчийг нь өвөртлөн жаргаж цэнгэсээр шөнө дунд хүргэв.
Уусан архи, унтсан хүүхэн хоёртоо нам цохиулсан зайран эр үүр шөнийн заагаар босч, морь харах гэтэл түүний хөнжилд үзээрийн муухай царайтай хүүхэн гэхэд арай биш, тийм эмгэн хэвтэж байх нь тэр. Дондог саяын харсан зүйлдээ итгэж ядан “Би чинь зүүдэлж байгаа юм биш үү” хэмээн нүд рүүгээ гараа чичиж үзвэл өвдөж байна гэдэг жигтэйхэн.
Тэгэхээр нь мань эр сэмхэн босч гутлаа углаад яг гарахын даваан дээр хөнжилд нь хурхиран унтаж байсан үзэшгүй муухай царайтай хүүхэн “Хайр аа, чи надаас зугтааж байгаа юм уу?” гэж час хийтэл орилоод мань эрийн нуруунаас нь тас тэврээд
авчээ. Энэ үед Дондог огт юм мэдээгүй царай гаргаж “Ганчимэг ээ, ах нь гарч морь харчихаад ороод ирье” гэж хаалга руу зүтгэвэл хүүхэн “Тэгвэл намайг үнс” гээд хүзүүнд нь нүүрээ наасан байна. Зэвхий саарал царай, яв ягаан буйл, хөх шүднүүд
нь хоорондоо зайтай, хамаг ам нь үрчилдсэн хачин сүг сүүдрийг Дондог үнссэн болоод гэрээс яаруухан гарчээ. Айсандаа ам нь
гацчихсан тэрбээр үг хэлж чадахгүй харганын ёроолд сууж байтал Ганцэцэг, Ганжаргал хоёр хормойгоо намируулсаар гэрээс гараад ирсэн байна.
Тэр хоёр хоорондоо нудралцан инээж “Дондог ах аа, та хаа байна вэ?” гэвэл зайран “Хөее миний хоёр дүү. Та хоёр мэдэв үү. Эгч чинь хүн шиг чөтгөр юм байна!” хэмээн арайхийн тасалдан өгүүлбэл хоёр бүсгүй аниргүй шөнийн нам гүвийг эвдэн тас хийтэл хөхрөлджээ. Энэ үед хоёр бүсгүйн толгойных нь нүдний ухархай нь гэрэлтэн, хөл нь явж байгаа биш урс байгаа мэт агаарт хөвөн үзэгдэх нь тэр. Хөндий хоосон төмөр нүдэж байгаа мэт инээлдсэн Ганжаргал, Ганцэцэг хоёр “Та сая манай эгчийг юу гэнэ ээ” хэмээн түүн рүү улам ойртжээ. Энэ үед алцайн суусан Дондог өөрийн мэдэлгүй өмдөндөө шээс алдан хойшоо ухрав. Хоёр чөтгөр бие биеэ нудран нэг нь “Өө чааваас, ийм аймхай амьтан байсан юм уу. Үнхэлцэг нь хагарчих вий дээ.
Эртээдийн залуу бол бидэн рүү дайрч, бүр буугаа сумлан буудсан ш дээ” гэж шоолон инээхэд нөгөөх нь “Бид гурвыг буудаад байхдаа яахав дээ. Яаж үхнэ гэж түүний толгойд орсон юм бол” хэмээн ямар ч утгагүй юман дээр нирхийтэл хөхрөлджээ. Дондог дэмий л маани тарни уншиж, чөтгөрийг зайлуулах гэсэн боловч, гэрээс өөртэй нь энгэр зөрүүлсэн үзээрийн царайтай эмгэн нэмэгдэж, эгч дүү гурван чөтгөр түүнийг тойрон доог тохуу хийж эргэлдсээр байлаа. Аз болж, үүрийн гэгээ тэмтрэгдэх үед гурван сүг сүүдэр энгийн хүнийхээ дүрд шилжээд юу ч болоогүй юм шиг гэртээ орж хаалгаа түгжээд унтаад өгчээ. Үнхэлцэг нь хагартлаа айсан Дондог гэрлийн хурдаар майхан руугаа харайлгажээ.
Тэр нэг амьсгаагаар Баянмөнхийн гэрт шүглэсэн гурван чөтгөр өдөр нь эгч дүү гурвын дүрд хувирдаг тухай ёстой 5D шиг ярьсан нь ойлгомжтой. Алтны нинжанууд тэр шөнөөс хойш Баянмөнхийнхөөр бууж мордохоо байсан төдийгүй тэднийхээс хоол, архи ч авахаа зогсоож, дөлж явдаг болсон түүхтэй.
ХОРИОТОЙ СОНИН
URL: