Н.Батшугар ба лиценз
Экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Надад ганц ч лиценз байхгүй. Цаашдаа нэг ч лиценз эзэмшихгүй” хэмээн мэдэгдэж байлаа. Уг нь ч үнэн бололтой юм, хөөрхий. Авлигатай тэмцэх газраас иргэн Н.Энхбаярыг ухаж төнхчиж, бор оймстой хөлийг нь гозгонуулахдаа лицензийн асуудал гаргаж ирсэнгүй. Авлига, албан тушаалын хэргээр аавын хаалга татуулж, эцэст нь одоогийн Ерөнхийлөгчийн хайр энэрлээр эргээд нийгэмшүүлсэн дэг.
Харин эксийн хүү Батшугар ааваасаа тэс хөндлөн нэгэн аж. Түүнд хайгуулын тусгай зөвшөөрөл бий. “Содмаргад” ХХК-ийнх нь нэр дээр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сум болон Ховд аймгийн Дуут сумын зааг дахь 31617.97 га талбайн эзэмшлийн гэрчилгээ бүртгэгдсэн байна. Н.Энхбаярын сэргэн мандалтын үед буюу 2008 оны наймдугаар сарын 28-нд тэрхүү хайгуулын тусгай зөвшөөрлийг халаасалсан нь “Надад ганц ч лиценз байхгүй. Цаашдаа нэг ч лиценз эзэмшихгүй” гэсэн аавын амлалттай зөрчилдөнө. Тухайн үед экс энэ улсын эзэн шиг байв даа. Улс төрийн хүрээнийхэн төдийгүй бизнесийн салбарынхан түүнд сунан мөргөж, хормойдож, хотойдог байсныг түүхийн хуудас гэрчилнэ. Харамсалтай нь, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар түүний амьдралын хүрд буруугаар эргэж, амаараа шороо үмхэхэд хүрэв. Гэхдээ хүүгийнх нь нэр дээрх хайгуулын лиценз чимээ аниргүйхэн үлдсэн байна.
Таван жилийн хугацаатай олгогдсон лицензийн хугацаа ирэх жил буюу 2014 оны наймдугаар сарын 28-нд дуусгавар болно. 5032938 хэмээх бүртгэлийн дугаартай энэхүү лицензийн эзэмшигч нь “Сод маргад” ХХК-ийн захирал Энхбаярын Батшугар. Хачирхалтай нь, Монголбанкны дэд Ерөнхийлөгч Э.Батшугар хайгуулын лицензээ АТГ-ын Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй орхигдуулсан нь С.Баярцогтын гадаад дахь дансаа мартсантай утга нэг юм болов уу. Үнэхээр хөөрхий, аавынхаа асуудалд сэтгэлээ чилээгээд ор тас мартчихсан л байх. Түүнээс бус төдий насны хүү тэгтлээ худал ярина гэж юу байхав.
Жилийн 4926.72 төгрөгийн орлоготой мань хүн хоёр орон сууцтай, түүнийгээ 200 сая төгрөгөөр үнэлэхээ мартаагүй байж шүү дээ. За тэгээд, “Медиахолдинг” ХХК-ийн Л.Чинбатад 205660.73 төгрөгийн зээлтэй гэдгээ ч зурайтал тоочсон байсан. Тийм атал лицензээ ор тас орхигдуулсныг нь ойлгоход бэрх. Магадгүй эцгийн нь хэлсэн эргүүлж ухагдах “хэрэг” болох вий хэмээн эмээсэн байж мэднэ. Уг нь Монголбанкны дэд Ерөнхийлөгч Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал бөглөсөн нь тогтоогдвол мөн ч том асуудал дэгдэнэ ээ дээ. Хал үзэж, халуун чулуу долоогоогүй болохоор хөрөнгөө нууснаас үүдэх хор уршгаа тооцоолоогүй бололтой.
Д.ДОРЖ
NEW
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Elbegdorjiig uhval uunees aimeer ym garna