Энэрэнгүй гэх Гэмт хэргийн тухай хуулийн төслийг танилцуулж байна

527-13843956031234681_449796138462619_130473778_nГэмт хэргийн тухай хуулийн төслийг УИХ-ын байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэж байна. Нэршлээсээ эхлээд маргаан дагуулж байгаа энэ төслийг эрдэмтэн судлаачид ингэж тайлбарлаж байна. Үүнд, “Эрүүгийн хууль гэсэн нэр томъёо Монголын хууль зүйн судлалд их олон жилийн өмнөөс хэвшиж тогтсон. Эрүүгийн гэх энэ үг бол Монгол хэлэнд эртнээс ял зэм гэсэн утгатай явж ирсэн. Нөгөө талаас Эрүүгийн хууль нь хоёр гол асуудлыг зохицуулдаг. Нэгдүгээрт, тухайн улс оронд ямар үйлийг гэмт хэрэгт тооцох вэ. Хоёрдугаарт, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ямар хэр хэмжээтэй ял шийтгэл ногдуулах вэ гэж.

Ийм байтал Гэмт хэргийн тухай хууль гээд нэрлэчихвэл ялын тухай асуудлыг орхигдуулж байгаа юм. Тэгэхээр эрүүгийн гэдэг уламжлалт нэр томъёо нь гэмт хэрэг, ял хоёроо багтааж явсан нэр томъёо. Дээрээс нь гудамжинд нус цэр, тамхины иш, хог цаас хаях нь одоогийн Захиргааны хариуцлагын тухай хуулиар бол захиргааны зөрчил. Гэтэл цаашдаа иймэрхүү жижиг зөрчлүүд гэмт хэрэг болно. Үүнээс гадна хамгийн ноцтой асуудал нь өнөөдөр Монголын өсвөр үеийнхэн толгой дараалан гэмт хэрэгтэн болохоор байна шүү дээ.  Яагаад гэхээр одоогийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуульд найман гэмт хэрэгт 14-16 насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа.

Бусдыг санаатай алах, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатайгаар учруулах, хулгайлах, булаах, дээрэмдэх, хүндрүүлэх шалтгаантайгаар танхайрах гэх мэт хэрэг хамаарна. Гэтэл төслөөр 14 насанд хүрсэн л бол Эрүүгийн хуульд заасан бүх гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр болж байна. Өөрөөр хэлбэл, 14 насанд хүрсэн хүүхдүүд Эрүүгийн хуульд заасан үйлдэл хийвэл гэмт хэрэгт тооцогдоод шийтгэлээ хүлээх юм шиг байна. Ер нь төсөл боловсруулагчид Монголын нийгмийг ингэж гэмт хэрэгжүүлж, шоронжуулахын тулд хэчнээн их эдийн засгийн зардал болоод хүний нөөц орно гэдгээ тооцолсон юм болов уу. Хамгийн гол нь захиргааны эрх зүйн зөрчлийг гэмт хэрэг гэж тооцсоноор бүх мэргэжлийн хүмүүс цаашдаа үйл ажиллагаагаа явуулахад их төвөгтэй болно” гэжээ.  Төслийг бүрэн эхээр нь танилцуулж байна.

http://www.parliament.mn/laws/projects/368


URL:

Сэтгэгдэл бичих