Хэн юу хэлэв

-23052014-1400835192-902217024-dc33ef425d22fb79mediumД.Тэрбишдагва: МАН АН-д жийгдэх биш, шаардлага гарвал орхиод явах чадвартай улс төрийн хүчин шүү

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаан дээр “бантан хутгаж” байх үед Н.Алтанхуяг сайд “Бид МАХН-тай санамж бичигт гарын үсэг зурсан” хэмээн мэдэгдсэн нь сөрөг хүчний шүүмжлэлийг ихээр хүртсэн билээ.

Тэгвэл энэхүү шүүмжлэл явцын дунд Ерөнхий сайдыг биш МАХН-ыг чиглэж, гишүүд “МАХН Засгаас гарахгүй гэсэндээ АН-ын үйлдэл бүрийг өөхшүүлж байх гэлээ”, “Энэ тохирооны ард ямар балиар улс төр нуугдаж байгаа бол” гэхчилэн шүүмжилсэн. Тэгвэл МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва энэхүү санамж бичгийн талаар хэвлэлд тайлбар өгчээ.

Тэрбээр санамж бичиг байгуулах болсон шалтгаанаа “Аль нэгийнх нь ажил хэн нэгэнд нь таалагдахгүй бол огцруулах бичиг өгч гүйхээ больё гэж ярилцсан юм. Бид нэгэнт хамтарч ажиллаж байгаа бол хэн, хэн  рүүгээ “чулуу” шидээд яахав, тууштай, хариуцлагатай  байя гэсэн үүднээс санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Элдэв гацаагүйгээр ажлаа хиймээр байна шүү дээ” хэмээн тайлбарласан бол “Засгаас гарахгүй гэхдээ АН-тай үгсэж, тохиролцсон” гэж шүүмжлэгчдэд “Бид хамтарч хийсэн гэрээнийхээ дагуу хэлсэн ярьсандаа хүрч ажиллана. Хэрвээ шударга бус үйл ажиллагаа явуулбал харин ч бид жийгдэх биш хаяад явах чадвартай улс төрийн хүчин шүү” хэмээн хатуухан хариу барьсан байв.

Гэхдээ тэрбээр шударга бус юм гэж яг юу хэлснийгээ тодорхой ярьсангүй. Эрхэм сайдын ярианаас харахад, одоогоор АН-МАХН-ын харилцаанд  “шударга ёс” үйлчилж байгаа юм байна.

Б.Бат-Эрдэнэ: Эдийн засаг нь шалан дээр, авч байгаа зээлийнх нь хэмжээ тэнгэрт байна

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар гишүүд төсвийн тодотгол хэлэлцсэн. Энэ үед Б.Бат-Эрдэнэ гишүүн ам.долларын ханшийг тогтоохгүйгээр төсөвт тодотгол хийгээд ямар ч нэмэргүй хэмээн ихэд бухимдсан.

Өр зээлтэй байхыг үзэж чаддаггүй монгол зан өөрчлөгдөөд байгааг ихэд хачирхан гайхсан эрхэм гишүүн “Эдийн засаг нь шалан дээр, авч байгаа зээлийнх нь хэмжээ тэнгэрт байна.

Зээл авахгүй бол энэ улс чинь хөдлөж чадахаа больчихсон улс уу. Өрийн асуудал хүнд байдалд хүргэнэ гэдгийг мэдээд байдаг. Гэхдээ дэмжих ёстой өр тавих ёстой гээд байдаг нь ямар учиртай вэ” гэх зэргээр шүүмжилсэн юм. Нээрээ ч төлж дийлэхгүй зээл авч хэрэггүй гэдгийг 10 жилийн хүүхэд ч мэддэг шүү дээ.

“Эдийн засгийн алуурчны өчил” хэмээх номд “Бид олон улсын агентлагуудаар эхлээд тухайн улс орны эдийн засаг ирээдүйд маш их өсөх юм шиг өөдрөг төсөөлөл гаргуулж, зээл авахуулдаг. Дараа нь улстөрчдийг нь хахуульдаж байгаад тэр мөнгийг зардлаа удаан нөхдөг дэд бүтэц гэх мэт зүйлд оруулж алдагдалд оруулна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг нь худалдаж авахгүй. Ингээд улс оронд үй ойлголцол, улс төр, эдийн засгийн хямрал үүсдэг” хэмээн тов тодорхой бичсэн байдаг.

Гэтэл зарим хүмүүс “Ямар ч хэрэггүй ном, капиитализмыг эсэргүүцсэн коммунистуудын суртал ухуулга” гэж тухайн үедээ бичиж байв даа. Латин Америкийн орнууд, Ирак, Өмнөд Судан, Сири гээд шинэ, шинэ жишээ гарч ирээд байхад л дуугүй суугаад байгаа юм шүү дээ.

Г.Шийлэгдамба: Их өрийн асуудлыг сөхөж байгаа нь улс төрийн шалтгаантай

“Монголросцветмет” нэгдлийн Монголын талын хувь хөрөнгийг бүрдүүлэх зорилгоор ЗХУ-аас зээлсэн 180 сая ам.долларын зээл одоо болтол төлөгдөөгүй байгаа гэсэн мэдээлэл хэвлэлд гарч шуугиан тарьсан билээ.

Монгол Улсын Засгийн газар уг өрийг тэглэх асуудлаар ОХУ-ын талтай хэлэлцээр хийж, 97.8 хувийг хөнгөлүүлэн үлдсэн 3.6 сая ам.долларыг 2011 оны төсөвт суулгасан тухай мэдээлж байсан ч энэ онд хойд хөршийн хэвлэлд дээрх 180 сая ам.долларын өр хэвээр байгаа гэсэн мэдээлэл гарснаар энэ сэдэв анх сөхөгдсөн юм.

Тэгвэл энэ асуудалд МАН биш, МАХН илүү санаа зовж, хэвлэлээр тайлбар хийжээ. МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба “Одоо хэвлэлээр яригдаад байгаа 180 сая ам.долларын тухайд Монголросцветмет нэгдэл, Эрдэнэт үйлдвэртэй холбоотой.

Их өрийн нэг хэсэг хэмээн тайлбарлаж байгаа нь тухайн үед их өрийг тэглэх багц асуудлуудад оруулж байсантай холбоотой. Түүнээс биш улс хооронд тавьсан өрөөс ангид. Ер нь их өртэй холбон гаргаж ирж байгаа асуудлууд нь өөрсдийнх нь ярьж, бичиж байгаагаар зүгээр л улс төрийн ашиг сонирхолтой холбоотой” хэмээн өгүүлсэн байна.

Гэхдээ түүний хэлж байгаад бас эндүү ташаа зүйлс байна. “Их өр” гэдэг бол ЗХУ-ын үед хамаарах өрийг хэлж байсан. Яригдаад байгаа 180 сая ам.доллар бол их өрийн нэг хэсэг мөн. Дорж, Иван хоёр нийлж байгуулсан үйлдвэр биш шүү дээ. ЗХУ, Монгол хоёр улс нийлж байгуулахад Монголын талын хувь хөрөнгийг бүрдүүлэх зорилготой зээл.

Тиймээс их өрийн хэсэг мөн. Н.Энхбаяр, МАХН /тухайн үеийн нэрээр/ монголчууд өргүй боллоо гэж хэлэх эрхгүй байсан юм. Гэтэл “бага сага асуудал үлдсэн” гэж амандаа аяархан шивнэсэн хэрнээ их өр тэглэсэн гэж чанга хашгиран улс орныг “уяраагаад” хаячихсан билээ.

Л.Болд: Бид ийм ардчиллыг хүсээгүй

Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан ШШГЕГ-ын урьдчилан хорих 461 дүгээр ангид саатуулагдаад байхдаа нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан билээ. Түүний энэхүү хэрэг Монголын хууль шүүхийн байгууллагын өнөөгийн байдлыг гадаад ертөнцөд муугаар харуулах шалтгаан болжээ.

Гадны хэвлэлүүдээр “Монгол Улс асар том шорон болжээ” гэсэн утгатай нийтлэлүүд цацагдаж, олон сайт дамжин гарсан. Тэгвэл УИХ-ын Гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд Хүний эрхийн дэд хороооны хурал дээр энэ асуудлаар маш хурц шүүмжлэл хэлсэн нь олон нийтэд зохих нөлөөгөө үзүүллээ.

Тэрбээр 1990 оноос хойш бид юуны төлөө тэмцсэн юм бэ. Бид ийм айдсын төлөө 20 жил ажиллаагүй юм шүү. НАХЯ дуртай хүндээ дуртай хэргээ тулгадаг байсан. Бүх хүнийг айдаст байлгаж байсан. Бид өнөөдөр НАХЯ-тай л ижил байна. Бид хувьсгал хийж байж өөрчилсөн, одоо дахиад та нар НАХЯ байгуулах гэж байгаа бол үүнийг өөрчлөх гэж дахиад хувьсгал хийх болох уу. Бид бүгдээрээ нэг эх оронтой. Монгол Улс өнөөдөр эдийн засгийн хямралтай байна.

Хөрөнгө оруулалт буурлаа л гэж байна. Үүнд хүн бүрийн оролцоо байгаа шүү. Тэр дундаа хуулийн байгууллагын оролцоо асар их байгаа шүү. Өнөөдөр дэлхий хавтгай болж, нэг мэдээллийн орон зайд амьдардаг боллоо. Монголыг дэлхий дахин яаж дүрсэлж байна? Монгол Улс бол асар том шорон юм” гэсэн нийтлэлүүд олон улсын томоохон хэвлэлүүдээр гарлаа.

Үүний цаад эзэд нь хэн юм бэ. Ямар зорилгоор гадаадад ийм нөхцөл байдлыг үүсгэж, нэр хүндийг маань унагаж байгаа юм бэ. Үүний үр дагавар нь айл өрх, хүн бүрийн амьжиргаанд очиж тусч байгаа шүү дээ. Энэ байдлаас хамгаалахын тулд манай хуулийн байгууллага юу хийж байгаа юм бэ. Хэн тайлбарыг нь өгч байгаа юм бэ.

Хэн няцаалт өгч байгаа юм бэ. Эсвэл үнэн юм уу, том шорон юм уу. Хүний эрхийн үндэсний комисс энэ мөрөөр юу хийх юм бэ. Хүний эрхийн дэд хороо хуралдаад одоо нэг тайлбар гаргах ёстой байх.  “ШШГЕГ-ын хорих байранд хүн нас барахыг ноцтой учрал гэж хэлдэг юм байна. Үнэндээ энэ бол “учрал” биш Монголын эмгэнэл” хэмээн мэдэгдсэн юм.

Х.Батсайхан


URL:

Tags: ,

Сэтгэгдэл бичих