Нийслэлийн иргэд хотын соёлд санаа зовдоггүй гэх дүгнэлт гарчээ

4Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар өөрсдийн санаачилгаар өнгөрсөн 3-р сард нийслэлийн иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг явуулсан судалгаа, зөвлөх үйлчилгээний “MMCG” ХХК-иас гаргасан судалгааны дүнг танилцуулсан юм.

    Уг судалгааг Улаанбаатар хотын 9 дүүргийн 152 хорооны 500 өрхөөс авсан бөгөөд судалгаанд хамрагдсан нийт өрхийн  55 хувь нь гэр хороолол, 45 хувь нь орон сууцны айл байжээ. Хүрээлэн буй орчны талаар иргэд агаар болон хөрсний бохирдолд илүү анхаарал хандуулсан байна. Агаарын бохирдолд хамгийн их нөлөөлж буй зүйлсэд бүрэн шаталтгүй зуух, ил задгай бохир ус, хог хаягдал, тээврийн хэрэгслийн мотороос ялгарч байгаа хорт нэгдлүүд, халаалтын уурын зуух, тоос шороо, цахилгаан станцууд гэж үзжээ. Харин агаарын бохирдлыг бууруулах хамгийн оновчтой арга замыг судалгаанд оролцсон иргэдийн 51 хувь нь гэр хорооллыг орон сууцжуулах гэж хариулсан байна. Тиймээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрхэн үнэлэж байгаа талаар асуухад иргэдийн 71 хувь нь дэмжиж байгаа, дахин төлөвлөлтийн бүсэд байгаа өрхийн 78 хувь нь эерэг хандлагатай, хамрагдаагүй өрхийн 61 хувь нь хамрагдахыг хүсч байгаа гэж хариулжээ.
    Эрүүл мэндийн үйлчилгээний талаар өрхийн эмнэлгийн эмч нарын ур чадварт илүү ач холбогдол өгсөн бол боловсролын үйлчилгээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмж, ЕБС-ийн насны хүүхдүүдэд ногдох сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн байна. Судалгаанд оролцсон иргэдийн 20 хувь нь амьдрал сайжирсан, 40 хувь нь хэвэндээ, 32 хувь нь муудсан гэж хариулсан бол нийслэлийн амьдралын чанар сайжирсан шалтгааныг 66 хувь нь хот доторх зам сайжирсан, 29 хувь нь төрийн үйлчилгээ сайжирсан, 24 хувь нь гэмт хэргийн гаралт багассан, 21 хувь нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэнд сайшаалтай ханджээ. Харин энэхүү судалгаагаар хотын соёлын талаар иргэдээс асуухад 50 хувь нь мэдэхгүй гэж хариулсан нь нийслэлийн иргэд хотын соёлд төдийлөн санаа зовдоггүй гэх дүгнэлт гарахад хүргэсэн  байна. Хотын соёлгүй байна гэж үзэж буй шалтгааныг 43 хувь нь хогоо ил зайдгай хаях, 33 хувь нь харилцааны соёлгүй, 15 хувь нь нус, цэр, шүлсээ олон нийтийн газар хаях, 12 хувь нь архидан согтуурах, 9 хувь нь үйлчилгээний болон төрийн байгууллагуудын хүнд суртал гэж тодорхойлжээ. Хотын соёлыг сайжруулахын тулд 40 хувь нь нийслэлийн хогийн цэгүүдийн нөхцөлийг сайжруулах, хогийг ангилан ялгаж авдаг болгох, иргэдийг хогоо ялган өгдөг системд сургах, татан авалтын тоо давтамжийг нэмэгдүүлэх, 30 хувь нь дунд сургуулийн хөтөлбөрт хотын соёлын талаар хичээл оруулах, хотын соёлыг сайжруулах сурталчилгааны ажлыг хийх гэсэн хэрэгтэй гэсэн байна. Харин 2013-2014 оны өвлийн улиралд болсон онцлох үйл явдал, бүтээн байгуулалтад дараахь үнэлгээг өгсөн байна.
    Нийслэлийн удирдлагын зөвлөлийн гишүүд дээрх судалгааны үнэлэлтэд анхаарч, цаашид хийж, хэрэгжүүлж буй ажлууд иргэдэд хэрхэн нөлөөлж, үнэлэлт өгч байгаа талаар улирал бүр судалгаа явуулан авч байх шаардлагатай.

 

Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих