НӨАТ-ын босгыг 5 дахин нэмсэн ч дарамт нь 5 дахин нэмэгдэхээр байна

НӨАТУИХ-д өргөн мэдүүлэхээр болоод байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад мэргэжлийн хүмүүс эрс шүүмжлэлтэй хандаж байна.
Хэдийгээр өнөөгийн мөрдөж байгаа хуулиар НӨАТ төлөгч болох босго 10.0 сая төгрөг байсныг тав дахин нэмэгдүүлж 50.0 сая төгрөг байхаар хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан ч одоогийн хуулиар аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулж байсан асуудлыг шийдвэрлээгүйгээр барахгүй тав дахин илүү зарлагатай байхаар болгожээ. Энэ нь дундаж бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд улам хүндрэл учруулж, хаан боогдуулж байна хэмээн шүүмжилж байна.
Өөрөөр хэлбэл, “НӨАТ төлөгч”, “НӨАТ төлөгч биш” гэсэн ялгаанаас болж бизнес эрхлэгчдэд учруулж байсан дарамт, хуулийн гажуудлыг шийдвэрлэх өөрчлөлтийг тусгасангүй.

Хуульд НӨАТ төлөгчийн босго тавьснаар НӨАТ төлөгч, НӨАТ төлөгч биш гэсэн хоёр этгээдээс бизнес эрхлэгч, компаниуд худалдан авалт хийдэг. Ингэснээр НӨАТ дамжуулагч компаниуд НӨАТ төлөгч биш этгээдээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээнийх нь татварыг төлдөг. Энэ гажуудлыг засах өөрчлөлтийг хуулийн шинэчилсэн найруулгад тусгаагүй байна.

Жилдээ 50 сая төгрөгнөөс доош борлуулалт хийдэг гээд НӨАТ төлөгч биш болсон этгээдийн өмнөөс НӨАТ төлөгчид татвар төлж хохирдог. Тухайлбал, НӨАТ-ийн хуулийн шинэчилсэн найруулгад 50.0 саяын босгоос  гадна  мөн  дотоодын газар тариалан эрхлэгчид НӨАТ төлөхөөс чөлөөлөгдөнө гэж тусгасан байгаа. Өөрөөр хэлбэл төмс тариалагч нь НӨАТ төлөгч биш байна гэсэн үг. Тэгэхээр тэднээс 4000 төгрөгөөр төмс худалдаж авсан “хоолны газар” түүгээрээ дөрвөн гуляш хийгээд тус бүрийг нь 4000 төгрөгөөр нийт 16 мянган төгрөгөөр борлуулсан гэж бодъё. Хоолны газрын эзэн НӨАТ-аа 12000 төгрөгөөр тооцож 1200 төгрөг төлөх ёстой байтал 1600 төгрөг төлж төмс тариалагчийн өмнөөс 400 төгрөг илүү төлж байна гэсэн үг. НӨАТ-ын шинэчилсэн найруулгад энэ гажуудлыг арилгах ямар ч зохицуулалт ороогүй байна.

Хоёрдугаарт, НӨАТ-ын босгыг 50.0 сая төгрөг гэж бодохоор их тоо юм шиг санагдаж байгаа боловч өдөртөө 140 мянган төгрөгний борлуулалт хийдэг бизнес эрхлэгч бүр НӨАТ төлөгч болно гэсэн үг. Өдөрт дунд зэргийн чанартай нэг гутал зардаг бизнес эрхлэгч гэхэд л НӨАТ төлөгч болох ёстой. Тэгэхээр нөгөө л борлуулсан орлогоо нуун дарагдуулдаг, НӨАТ төлөгчөөс бараа, үйлчилгээ авсан болох гэж хуурамч падаан наймаалцдаг далд эдийн засаг байсаар байх нь.

Мөн одоогийн хуулиар “борлуулсан алт”, “борлуулсан сонин” НӨАТ-аас чөлөөлөгддөг. Гэтэл хуулийн шинчилсэн найруулгад алтыг нь үлдээгээд сонингхассан байна. НӨАТ-ын хууль энэ чигээрээ батлагдвал сонины газрууд үйл ажиллагаагаа явуулахад хүнд байдалд орохоор болжээ.

 

Б.Жаргал /ХӨДӨЛМӨР/


URL:

Сэтгэгдэл бичих