Төр олж, Төвбанк арвижуулах үүрэгтэй
Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт хийх 70 гаруй ажил байгаа. Түүний нэг нь гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Энэ хугацаанд амжиж хөрөнгө оруулалт татсан тохиолдолд валютын зах дээр тогтох 1830 төгрөгтэй тэнцэж буй ам.долларын ханш бууж мэдэх юм. Гэхдээ буулаа гэхэд өмнөх шиг импортыг дэмжиж Эрээнийг угждаг шигээ болох нь тун эргэлзээтэй.
Үндсэндээ уул уурхайн мөчлөгөө дагаад манай улсын эдийн засаг уруудсан хэмээн зарим эдийн засагч тайлбарлах аж. Экспортын салбарын өрсөлдөх чадвар муудсанаас улбаалан олох орлогын хэмжээ саарсан. Гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс багассан ч нөлөөлсөн байна. Мөн макро эдийн засгийн болон улс төрийн хүндрэл нь ханшийн өсөлтөд нэрмээс болж өгчээ.
Улс төрийн тогтворгүй орчин, төрийн тууштай бус бодлого, эдийн засагт үүссэн хүндрэл нь асуудлыг улам ч дэвэргэж. Эдгээр таагүй “мессеж” ханшийн захад сөрөг үр дагавар авчирсан гэх. Тэгвэл гадаад валют олж ирэх үүрэг хэнийх вэ. Өөрөөр хэлбэл, эдийн засагт хомсдоод буй валютын эрэлд хэн мордох учиртайг хуульд ингэж тодорхойлсон байна.
Валютын зохицуулалтын тухай хуулийн долдугаар зүйлд Засгийн газар гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төлбөрийн тэнцлийг сайжруулах арга хэмжээ авах хэмээн хуульчилжээ. Энэ нь дотоодын эдийн засагт валют олж ирнэ гэсэн үг. Мөн экспортын орлогоо нэмэгдүүлж, төсвийн алдагдалаа нөхөх. Эсвэл олон улсын зах зээлд бонд арилжаалах замаар шаардлагатай хөрөнгийг босгох.
Ингэснээр гадаад валютын дарамтаа чөлөөлөх. Цаашилбал, энэ нь төлбөрийн тэнцэл сөрөг утгагүй байхыг хэлээд байгаа юм. Засгийн газрын хуулийн өмнө хүлээсэн үүрэг энэ аж. Зуун хоногт багтаж валютыг “соронздох”-ын тулд бүхий л арга мэхээ ашиглах шаардлагатай болж байна.
Хэрэв ингэж чадах аваас ханшийн захад эерэг нөлөө үзүүлж, ам.долларын ханш дунд болон урт хугацаанд тогтвортой байх боломжоор хангагдах юм. Энд нэг зүйл тодорхой болж байна. Валют олж ирэх нь Засгийн газрын хүрээний асуудал төдийгүй түүнийг эдийн засагт шингээх явцад захад оролцогч нь Монголбанк болж таарч байна.
Харин макро эдийн засаг сайн байгаа нөхцөлд Төвбанк гадаад валютын нөөцөө хорогдуулах бус арвижуулах учиртай. Гэхдээ эдийн засгийн үндсэн үзүүлэлт эерэг байгаа тохиолдолд үүнийг Монголбанкнаас УИХ төдийгүй хувь иргэн ч шаардах эрхтэй. Түүнээс сөрөг байгаа үед валют олж ир, ханшийг тогтворжуул гэж шаардах нь хуулиас давсан шаардлага болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хязгаарлагдмал эрхтэй Төвбанк эцсийн ханш тогтоогч биш. Энэ нь зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар зохицуулагдах учиртай.
Бидний олонх Монголбанкны хийх ажил гэж үүнийг андуурах нь бий. Гэтэл Төвбанкны үүрэг хараахан өөр юм байна. Дээрх хуульд Монголбанкны эрх үүргийг дараах байдлаар тусгажээ. Үүнд, Монголбанк улсын хэмжээнд валютын гүйлгээг зохицуулж, хэрэгжүүлэх, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, Монгол Улсын болон гадаад валютын зах дээр эрх хэмжээнийхээ дотор валютын гүйлгээ, гадаад төлбөр тооцоо эрхлэх, төрийн өмчид байвал зохих валютын гадаад цэвэр нөөцийн доод хэмжээ тогтоох тухай санал боловсруулж шийдвэрлүүлэх, түүнийг хадгалах, оновчтой, үр ашигтай байршуулах, Засгийн газрын валютын гүйлгээ, гадаад төлбөр, тооцоог гүйцэтгэх… асуудлыг бүрэн утгаар нь хариуцах үүрэгтэй ажээ.
УИХ-аас Монголбанкинд баталж өгсөн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэлд Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох зарчмыг баримтлана хэмээсэн. Төвбанкны зүгээс шаардлагатай нөхцөлд ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх зорилгоор валютын захад оролцож байгаа. Гэхдээ экспортын орлого сэргэхгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэхгүй бол ханшийн дарамт нэмэгдэнэ үг.
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш Б.Эрдэнэбат “Монгол Улсын эдийн засгийн өсөлт хэтэрхий өндөр байна. Ийм өндөр өсөлттэй улсын ханш унадаг жамтай. Долларын эрэлт импортын хэмжээнээс шалтгаалж байна. Мал аж ахуй, газар тариалан бол Монголын баялаг.
Гэхдээ нэг цэгт төвлөрөөгүй. Үр шимийг нь олон хүн хүртэж болдог. Харин уул уурхай бол баялаг мөн боловч нэг цэгт төвлөрсөн. Үр шимийг цөөхөн хүмүүс эзэмшдэг. Тэд асар их хэмжээний ашиг олдог. Харин нэг цэгт төвлөрсөн баялгийн цөөхөн эзэмшигчдийн импортын хэрэгцээ үүсгэх чадавх асар их байдаг. Шавхагдах баялаг дээр тулгуурлаад урт хугацаанд амжилттай явж байгаа улс байхгүй. Харин мэдлэг бол шавхагдахгүй” хэмээн өгүүлсэн нь бий.
Нэмэгдэхүүний байрыг сольсон ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдэг. Үүнтэй адил улс төрийн орчин донсолж, түүнд халаа сэлгээ орлоо гээд өмнөх асуудал алга болчихгүй. Нэг талаар цаг алдах нь валютын ханш гаарахын шалтгаан бус уу. Тиймээс хүлээсэн үүргээ дор бүрнээ эрхийнхээ дагуу хэрэгжүүлж, улсынхаа эдийн засгийг аврах хэрэгтэй байна. Хариуцлагыг хэзээ ч хэнтэй ч тооцож болдог. Гэвч цаг хугацааг буцааж болохгүй.
Mongolian economy
URL: