Монголын тулааны урлаг – Нударган зодоон

ЦэвээнпүрэвМонгол үндэстэн эртнээс цэргийн зохион байгуулалтанд шилжсэн хүчирхэг овог, аймгуудаас бүрдэж байсан бөгөөд чухамхүү тэр л үеэс Монголын тулааны урлагийн үндэс суурь тавигдаж эхэлсэн юм. Тодруулбал аливаа дайн тулаан болон бусад үйлээр шалгарсан баатар дайчид өөрийн үр хүүхэд болон овог, аймагтаа өөрийн эзэмшсэн зэвсэгтэй болон зэвсэггүй тулалдах сонгодог арга мэхүүдийг заан сургадаг  байсан. Мөн бидний нүүдэлчин амьдралын онцлог, ахуйн хэв маяг нь бидний үр хүүхэд, залуусыг бэлтгэх нэгэн шат дамжлага байсан юм. Нударган зодооны Банди-Зо гэсэн оноосон нэртэй урлаг гарч байсан. Энэхүү урлаг нь нэрнээсээ л алдаатай байсан гэж болно. Учир нь Банди гэсэн үг нь Төвд үг бөгөөд Буддын шашинд анх орж сахил хүртэж буй хүний “Гэнэн” гэсэн сахилын нэр билээ.

Гэтэл манай ард түмний ёс заншилтай уусаж ирсэн Буддын шашны энэ үг, нэр монгол хүний сэтгэхүйд их ойрхон сонсогдож байсныг тухайн үедээ үгүйсгэх аргагүй юм. Орчин үед Банди-Зо нь Монгол-Зо нэртэйгээр хөгжиж байна. Манж чин улсыг мөхсөний дараа Монгол улс тусгаар тогтнолоо олж хүрээ хийдэд байсан манж, хятадын дарангуйлагчид, хятадын шунахай худалдаачид, мөнгө хүүлэгчидийн эсрэг тэмцэхдээ нударган зодооны тэмцлийн аргыг өргөн хэрэглэж байжээ. Тухайлбал: Бадруулт төрийн 27 он /1901 оны үе/ Маймаа хотын хятад иргэд Хүрээний баруун зүүн талд худалдаа хийдэгээс үүдэн Дамнуурчны гудамжинд үе үе томоохон зодоон болдог байж. 1911 онд гарсан монгол хятадын өргөн их зодоон нь Манж амбан Сандог хөөхөд ихээхэн түлхэц болсон гэдэг.

Тэр үеийн аливаа нэг зодоон нь иргэд хоорондын ахуйн шинжтэй бус эх орноо гэсэн чин зүрх сэтгэлийн хөөрлөөр илэрдэг байжээ. Ялангуяа зүүн, баруун Дамнуурчны гудамжинд хятад, монгол иргэдийн хооронд 1920 он хавьцаа цөөнгүй зодоон болдог байв. Дамнуурчин гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл одоогоор ачаа зөөгч буюу хүний барааг хусан дамнуургаар дамнан зөөж зардаг бүлэг хүмүүсийг хэлдэг байлаа. Тэр үед яг л Майдар эргэх гэж байгаа юм шиг олон хүн цуглаад зодоон үзнэ. Зарим сэтгэлийн хөөрөлдөө автсан жирийн ардууд зодоонд оролцож цус нөжиндөө холилдчихсон байдаг гэдэг.

Хүрээний зодоон нь хятадын шунахай худалдаачид, манж эздийг эсэргүүцсэн ард түмний жижиг бослого мэт байж. 1921 оны партизануудын олонхи нь хүрээ зодоонд гарамгай байж. Тухайлбал: Хожим нь Монгол улсын ерөнхий сайд болсон, Ардын хувьсгалын анхны долоогийн нэг Догсомын Бодоо лам байхдаа зүүн хүрээ, баруун хүрээний банди нарын хооронд болсон нэгэн зодоонд түрүүлж байсан байна. Энэ үеийн зодоон хоёр цагаас илүү үргэлжлэхгүй бөгөөд монгол эрчүүд хятад худалдаачдыг дээрэмдэх, чулуудах зэргээс үүсдэг. Зодооныг харах гэж хийдийн лам, эгэл ард, гуйлгачид тэр ч байтугай ноёд түшмэдүүд хүртэл ирдэг байж. Хятадын талаас Элбэг-Амгалант гацааны “Цагаан шаахайт” буюу Бан Ляо хэмээх шөрмөслөг байрын эрийн толгойлсон кунфу, ушугийн мэдлэгтэй хятад залуус ирдэг байж. Бан Ляо хоёр хөлдөө нийт зургаан жингийн туухай зүүж явдаг байжээ. Түүнийг туухайгаа аваад үсрэхэд морьтой хүний дээгүүр гардаг, тэр ч байтугай өндөр дааман хаалган дээгүүр дүүлэн гарсан гэж нүдээрээ сургуулилалтыг нь харсан хүмүүс ярьцгаадаг байжээ. Тэр үнэхээр сайн зодоонч байсан. Түүнийг зодолдох сургаар хятадууд хөөрцөглөж, монголчууд бутран алга болдог байж.

“Цагаан шаахайт”-ын зодолдож байгаа нь яг л бүжиглэх шиг санагддаг байлаа. Үе үе гутлынх нь цагаан ул гялалзаад л дор хаяад арван монгол эр нармайгаа нээлгээд хоцордог байв. Тэр энд тэнд яваа харагддаггүй, худалдаа наймаа хийдэггүй байсныг бодоход монголчуудын дээрэм тонуулыг дарахын тулд Бээжингээс авчирч эүгээр тэжээдэг байсан бололтой. Тэр зүгээр ч нэгэн байсангүй бас хятад залуусыг тулааны урлагт сургадаг байжээ. Манай хүрээ хийдэд дээр үеэс олон сайн нударган зодоончтой байлаа. Жишээ нь гэхэд Богдын хар Жамба, хүрэл Төгсөө гээд шээзгий араган дээр гарч зодолддог сайн зодоончид байжээ. Арган дээр гардаг нь өөрийгөө хэр сайн суурь сайтайг харуулж байгаа хэрэг. Нэг удаа хар Жамбыг даншигийн начин Сундуй арагнаас нь түлхэж унагаад дараа нь айхтар гүвшүүлсэн гэдэг. Манай зодоончид “Цагаан шаахайт”-тай ер тулгардаггүй байлаа. Таарсан ч гэлээ хэрсэн бух шиг өөд өөдөөсөө муухай харж байгаад л хоёр тийшээ сална. Харин засагт ханы “Солгой” Бадамжав гэдэг сайн зодоонч эр “Цагаан шаахайт”-тай нэг удаа нударга зөрүүлсэн юм.

Тээр туулай жилийн өвөл Засагт ханы “Солгой” Бадамжав Дамнуурчны гудамжинд хэд хэдэн хужааг цус нөжтэй нь холиод “Та нар Бан Ляогоо дагуулаад ир” гэжээ. Ер нь тэр үед монгол иргэд Маймаа хот руу зүглэхээ байгаад байсан цаг. Тэнд дор хаяж гурав дөрвөн мянган хятад иргэд суурьшсан болохоор ганц нэгээрээ яваа монголчуудыг тэр дор нь л балбаж орхино. Харин хятадууд наймаа хийхийн тул хүрээний зүүн, баруун дамнуурчинд заавал ирнэ. Зүүн дамнуурчинд хятад монгол зодоонч эрсийн тулаан болох сураг сонсогдож тэр хавийн худалдааны пүүсний мухлагууд нэг хоногийн өмнөөс үүд хаалгаа барьсан байна. Зодоон болох өдрийн үд дундад тас хар хувцастай өндөр цагаан хятад залуу гудамжинд гарч ирсэн нь Бан Ляо байж. Тэгтэл баруун талаас толгойгоо цагаан даавуугаар боосон солгой Бадамжав ээтэн монгол гутал өшиглөсөн шиг өвлийн тачигнасан ид хүйтнийг үл тоон дан цагаан цамцтай уур цан татуулан гарч иржээ.

Хүрээний борчууд хүүхдүүд хэрэгт дуртай авгай чавганц нар ч хашаа гэрээсээ гүйлдэн гарч ирцгээжээ. Бан Ляо дороо бүжиглэх мэт дэвхцэн жороолж, харин Бадамжав Богд уулын оройг харсан шигээ толгой дээгүүр зогсчээ. Бан Ляо түүнд ойртонгуутаа гэнэт муухай хашгираад үсрэн өшиглөхөд Бадамжав хагас доош суун дээгүүрээ гаргаад хятад эрийн ар зоонд нь өшиглөж орхиж. Нүд ирмэхийн зуур болсон энэ гайхалтай өшиглөлт хятад эрийн тэнцвэрийг алдагдуулж орхив. Бадамжав энэ боломжийг ашиглан зогсоо зайгүй довтолж цохилт хийсэн ч амжилт олсонгүй. Бан Ляо зодолдохын тулд зайгаа авч ухарч эхлэхэд хөлийн нь аясаар бужигнасан цас бүжиглэх мэт үнэхээр гайхалтай байсан гэдэг. Хүмүүсийн сэтгэл хөдөлж “наад муу хужаадаа үзүүлээд өг” гэж хашгирцгаана. Төд удалгүй Бадамжавын ээтэн хоншоорт монгол гутал хятад кунфучийн булталтыг угтуулан өшиглөж хамрыг нь чихэж орхижээ.

Ингэж анх удаа монгол эр монгол нударган зодооноор хятад кунфучыг ялж ард түмнээ баясгажээ. Бадамжавыг нэгэн ноёны сүйх тэргэнд суугаад явахад зодоон харж, сэтгэл нь хөөрсөн монголчууд гудамжинд тааралдсан хятадуудыг нэлд нь зоджээ.
Солгой Бадамжав 1937 оны хэлмэгдүүлэлтэнд өртөж цаазлагдсан бол Бан Ляо хэмээх хятад эр Барон Унгерн нийслэл хүрээг эзлэх үед ор сураггүй алга болсон гэдэг.


URL:

Нэр: bandi zo Огноо: 4 July 2015

Банди зо Монгол зо нэрээр хөгжиж байгаа юм бишээ энэ 2 чин.өөр шүүдээ. Монгол зо г японы каратетэй хольж гаргасан гэж бгаа. Монгол карате юм шүүдээ. Хувцас хэрэглэл нь ч өөр.

Нэр: bandi zo Огноо: 4 July 2015

Банди зо Монгол зо нэрээр хөгжиж байгаа юм бишээ энэ 2 чин.өөр шүүдээ. Монгол зо г японы каратетэй хольж гаргасан гэж бгаа.Монгол зо урлаг нь Монгол карате юм шүүдээ. Хувцас хэрэглэл нь ч өөр.

Сэтгэгдэл бичих