Авлига авсан гэдэг нь нотлогдоогүй
Д.Амарсайхан агсантай хамт шалгагдаж байгаа “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаярын эхнэр Ё.Оюунтай уулзаж цөөн асуултад хариулт авлаа.
-Шүүх хурал тодорхой шалтгаанаар хойшиллоо. Танай нөхрийг их хэмжээний мөнгө угаасан, авлига өгсөн хэрэгт сэжиглээд байгаа гэсэн үү?
-Мөнгө угаасан гэдэг чинь бохир мөнгө оруулж ирээд ямар нэгэн байдлаар түүнийг бизнест оруулаад буцаад гаргана гэж би ойлгоод байгаа. Манай хөрөнгө оруулагчдын оруулж ирсэн мөнгөнүүд нэг данснаас нөгөө данс руу шилжиж орж байсан. Тэгэхээр тэр мөнгөнүүд бүртгэлтэй гэсэн үг шүү дээ. Манай хөрөнгө оруулагчид дэлхий дахинд нэр хүндтэй байгууллагууд байдаг. Тэр хүмүүсийн мөнгийг бохир гэж хэлж байгаатай ялгаагүй юм.
-Талийгаач Д.Амарсайханы хэрэгт ямар холбоотой юм бэ?
-Талийгаач Д.Амарсайхан 50 сая доллартай ямар ч хамаагүй юм шиг байна лээ. Энэ хэргээс нь болж хорьсон гэж ярьдаг ч нотлогдоогүй гэдгийг өмгөөлөгч нь хэлж байна. Тэр хэрэг нь хүлээгдээд байж байгаа. Энэ байгаа хүмүүс нь 50 сая долларын асуудалтай ямар ч хамаагүй. Гэтэл хамсаатнууд л гэж яриад байгаа.
-Яагаад шүүх хурлыг хамт хийсэн юм бэ?
-Авлига өгсөн, авсан тийм үндэслэлээр шүүх хурлыг нэг явуулж байна. Авлига авсан гэдэг нь нотлогдоогүй.
-Таны нөхрийн биеийн байдал ямар байгаа вэ?
-Миний нөхрийн биеийн байдал үнэхээр хүнд байгаа. Нуруун дээр нь хоёр хавдар ургасан. Түүнээс болсон уу эсвэл сэтгэл санааны хямралаас уу 20 гаруй килограмм турчихсан. Энэ чинь одоо тураалын хоёрдугаар шат руу орж байна гэсэн үг шүү дээ.
-Эмчлүүлэх хүсэлт гаргасан уу?
-Гаргасан. Гэхдээ хорих 461 дүгээр ангид нарийн мэргэжлийн шинжилгээ хийх ямар ч боломж байхгүй. Нарийн шинжилгээ хийлгэе гэвэл нэг өдрийн эрх олгодог. Энэ хугацаанд бүх шинжилгээг өгөх боломжгүй.
-Хорих ангийн нөхцөл байдал ямар байдаг юм бол?
-Би тэр талаар сайн мэдэхгүй байна. Байнгын гэрэлтэй камерууд байдаг гэсэн. Дотроо ямар байдгийг энд хоригдож буй хүмүүсээс харж болох байх. Бүгд тураал өвчин зовлонд нэрвэгдээд ийм л байдалтай байна.
URL: