С.Бямбацогт: Хүний кноп дарахаа боль, Эрдэнэбат дарга аа

8УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан төсвийн тодотголын асуудлаар нэлээд маргаантай болж өндөрлөсөн. Энэ үеэр УИХ-дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат бүлгийн гишүүдийнхээ картыг нь сугалж, заримынх нь кнопыг өмнөөс нь дарсан нь олон гишүүдийн дургүйцлийг хүргээд авав.  Тэр ч бүү хэл АН-ын бүлгийн гишүүд хүртэл дургүйцэж байгаагаа нуусангүй. Түүнчлэн  Засгийн газар төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчиж өрийн хязгаарыг давсан. Өөрөөр хэлбэл хуулиа зөрчсөн гэсэн үг. Хамгийн гол нь эрх баригчид энэхүү хууль зөрчсөн үйлдэлдээ УИХ-ыг чирэх гэж өрийн удирдлагын хуулиар өрийн хязгаарыг нэмэгдүүлье гэж байгаад сөрөг хүчнийхэн багагүй бухимдаж байгаа. Энэхүү байр сууриа байнга илэрхийлсээр ирсэн.
Тиймээс УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Бид Засгийн газраас оруулсан бүхнийг дэмжиж байгаа. Гэтэл Засгийн газар сүүлдээ УИХ-ыг хууль зөрчүүлэх асуудал руу түлхэж байна ” гэж онцолсон.  Мөн цаашлаад “Байнгын хорооны хурал дээр гишүүд нь бичгээр санал өгдөг болчихож.  Тийм юм бол бид хуралд сууж яах юм.  Мессеж бичээд л саналаа өгдөг болчихоё л доо.  Ер нь Д.Эрдэнэбат даргаа гишүүдийн карт сугалдагаа болих хэрэгтэй.  Р.Амаржаргал гишүүн хүртэл “Өглөө эрт ирээд битгий хүний карт сугалчихаарай” гэж хэлж байсан шүү дээ. Бас Г.Уянга гишүүн хүний кноп дарж байна.  УИХ-ын энэхүү замбараагүй байдлыг засах мундаг хууль оруулж ирнэ гээд байсан яасан Д.Эрдэнэбат даргаа. Нэг бол хоёулахнаа энэ танхимд суугаад үлдэе. Бусад гишүүдээ амраачихаад өмнөөс нь кнопуудыг нь дараад сууж байя. Хүний кноп дарахаа боль. УИХ-н даргаа одоо байгаа хуулиа мөрдүүл, нэмж оруулах хуулиудаа оруулья. Эдийн засаг хямралтай, төсөв хүндрэлтэй байна.  Өнгөрсөн дөрвөн жил багийн төв байгуулна гэж төсөвт 50 сая төгрөг л тусгадаг байсан. Гэтэл одоо 1.1 тэрбумаар багийн төв байгуулна гээд тавьж байна. Тэрбум тэрбумаар нь багийн төв байгуулдаг болчихсон юм уу”  хэмээн хатуухан үг хэлээд авав.

 

 


URL:

Сэтгэгдэл бичих