С.Бямбацогт: Хоёулаа гишүүдээ амраагаад өмнөөс нь кноп дарья Д.Эрдэнэбат дарга аа!
УИХ-ын нэгдсэн чуулганы үдээс өмнөх хуралдаан төсвийн тодотголын асуудлаар нэлээд маргаантай болж завсарлалаа. Энэ үеэр УИХ-дахь АН-ын бүлгийн зарим гишүүдийг байхгүй хойгуур бүлгийн дарга Д.Эрдэнэбат картыг нь сугалж, заримынх нь кноп дээр дарж санал өгсөн нь МАН-ын бүлгийн даргыг багагүй эгдүүцэхэд хүргэжээ. Засгийн газар төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчиж өрийн хязгаарыг давсан. Хуулиа аль хэдийн зөрчөөд явж байгаа. Гэтэл хууль зөрчсөн үйлдэлдээ УИХ-ыг чирэх гэж өрийн удирдлагын хуулиар өрийн хязгаарыг нэмэгдүүлье гэж байгаад сөрөг хүчнийхэн багагүй бухимдаж байгаа.
УИХ-дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Бид Засгийн газраас оруулсан бүхнийг дэмжиж байгаа. Гэтэл Засгийн газар сүүлдээ УИХ-ыг хууль зөрчүүлэх асуудал руу оруулж байна ” гэж болж буй үйл явдлыг тодорхойлов. Цаашлаад “Өчигдөр төсвийн байнгын хороон дээр бичгээр санал хураасан. Бичээд гарын үсэг зураад болдог юмаа гээд. Бид хуралд суугаад яах юм бэ. Мессеж бичээд, нэг нэгэндээ захиа дайгаад хуралд оролцдог болчихоё л доо. Хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, урьдчилж мэдэгдээгүй гарвал хэлэлцэж буй асуудлаар эсрэг санал өгсөнд тооцогддог. Р.Амаржаргал гишүүн өглөө эрт ирээд битгий хүний карт сугалчихаарай гэж хэлээд гараад явсан.
Карт нь сугарчихсан байна. Бас Г.Уянга гишүүн хүний кноп дарж байна. Цахим картаар санал өгдөг больё гэдэг хуулийг хэлэлцүүлэхгүй, би мундаг хууль оруулж ирнэ гээд та нэг жил дарж байгаа Д.Эрдэнэбат даргаа. Нэг бол хоёулахнаа энэ танхимд суугаад үлдэе. Бусад гишүүдээ амраачихаад өмнөөс нь кнопуудыг нь дараад сууж байя. Хүний кноп дарахаа боль. УИХ-н даргаа одоо байгаа хуулиа мөрдүүл, нэмж оруулах хуулиудаа оруулья. Эдийн засаг хямралтай, төсөв хүндрэлтэй байна. Өнгөрсөн дөрвөн жил багийн төв байгуулна гэж төсөвт 50 сая төгрөг л тусгадаг байсан. Гэтэл одоо 1.1 тэрбумаар багийн төв байгуулна гээд тавьж байна. Тэрбум тэрбумаар нь багийн төв байгуулдаг болчихсон юм уу” гэв.
URL: