Монголын тэргүүн баячуудын хувийн цуглуулгаас…
Хүн бүр өөр өөрийн сонирхолтой, бас өөрийн гэсэн жижигхэн ч гэсэн цуглуулгатай. Энэ удаа олны танил эрхмүүдийн хоббиг сонирхож үзлээ.
УГЖ БАТСҮХ БУГУЙН ЦАГ ЦУГЛУУЛДАГ
Завханы гавьяат Батсүх сайн чанарын хувцас, хөөрөг хоёрт үнэ хайрладаггүй. Түүний гэрт нийтдээ 20 гаруй хөөрөг байдаг гэнэ. Хамгийн сүүлд нил яагаан болор хөөрөг авч цуглуулгандаа нэмэрлэсэн эрхэм гавьяат бөгж, бугуйвч, бугуйн цаганд ч бас нугасгүй дуртай гэсэн. Хаа явсан газраасаа байнга бугуйн цаг худалдан авдаг гэнэ.
МОНГОЛЫН ХАМГИЙН ҮНЭТЭЙ ЗООСНЫ ЦУГЛУУЛГА
Нүүрсний магнат гэгдэх “Ажнай” Бат-Эрдэнэ сүүлийн үед зоосны цуглуулга худалдаж авах хоббитой болсон гэнэ.Тэрбээр саяхан 3.2 сая ам.доллараар зоосны цуглуулга худалдаж авсан байна. Өөрийнхөө хүссэн зүйлд гар татдаггүй энэ эр зоосных нь цуглуулгын үнэ өдрөөс өдөрт өсөж байгаа хэмээн бардамнан ярих дуртай гэнэ.
Энэ жагсаалтанд тун олон улс төрчид, баячуудын нэр бичигдэх нь тодорхой. Монголын хамгийн үнэтэй адуутай хүнээр УИХ-ын гишүүн Г.Батхүү бичигддэг. Шунхлай удмын адуутай болно гэж ярьдаг эрхэм гишүүн 400 гаруй хурдан удмын адуутай. Хамгийн гол нь Г.Батхүүгийн адуунууд үүлдэр угсаа чанар чансаа сайтай гэдгээрээ бусдаас ялгардаг гэнэ. Тэгвэл хамгийн олон адуутай хүн Итгэлт орших компанийн захирал Билэгдэмбэрэл. Хоёр мянга гаруй адуутай энэ эр адуугаа агуулж маллах гэж нилээд сандардаг сурагтай. Түүний адуу Дорнод аймагт байдаг аж. Харин хамгийн үнэтэй адуу мэдээж “Мон-Уран”-ы захирал Г.Наранхүүгийн шарга азарга. Герман руу хөлөө эмчлүүлэхээр онгоцоор нисч байсан алдарт шарга азарга банкны өр зээлийн барьцаанд нэр нь бичигдснээсээ хойш хурдлахаа байсан гэж морь сонирхогчид харамсан ярьдаг. Морио хамгийн их гоёдог хүн бол УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу. Ганц морио 50 гаруй сая төгрөгөөр гоёж, хөдөлмөрийн алдарыг нь тэрбум орчим төгрөгөөр тэмдэглэдэг Ш.Сайхансамбуу сүүлийн үед л морь сонирхож эхэлсэн гэнэ. УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Ч.Улаан нарын морины хашаа, эрлийз морьдын амьдрал харин энгийн ядуусын гэрээс тансаг гэдгээрээ алдартай юм билээ.
Сүүлийн үед “Монгол поп” хэмээх шинэ урсгалыг гаргаад буй “Камертон” хамтлагийн дуучин Д.Болд машин цуглуулах хоббитой. Тэрбээр гадаад оронд аялах болгондоо сувенирийн машин заавал худалдаж авдаг аж. Ямартай ч Д.Болд өөрийн цуглуулгаараа үзэсгэлэн гаргах хэмжээний гэнэ. Гэвч түүний цуглуулга сүүлийн үед хүүгийнх нь тоглоом болон хувирч, аав хүү хоёрын дунд бөөн хэрүүл үүсээд байгаа сурагтай. Сувенирийн машин цуглуулаад хүүдээ алдсан дуучин Д.Болд сүүлдээ жинхэнэ машин цуглуулж эхэлжээ. “Хаммер”, “Бенз”, “Lexus-470”, “Range Rover” зэрэг нийт 500 сая төгрөгийн үнэ бүхий автомашинтай. Дуучин маань эдгээр машинаа ээлжилж унах дуртай бөгөөд бүх машин нь 4044 гэсэн улсын дугаартай.
СҮРЭГ ЗААН, УРАН ЗУРАГ
УИХ-ын гишүүн Батж.Батбаяр үнэтэй, бас чамин цуглуулгаараа алдартай. Түүнд монголын хамгийн үнэтэй уран зургууд, эртний хятадын уран бүтээлчдийн ховор нандин бүтээлүүд хадгалагдаж байдаг. Эрхэм гишүүн өөрийнхөө уран зурагт зориулан хагас тэрбум төгрөгөөр хоёр давхар байшин худалдан авсан. Түүний нөгөө нэг хобби нь заан. Зааны дүрс бүхий бэлэг дурсгалын цуглуулга нь ч гэсэн Батж.Батбаяр гишүүний талийгаач эхнэрийн нэрээр нэрлэгдсэн Бадамханд галлерейд нь хадгалагдаж байдаг аж. Заан эв нэгдэл, эрч хүчийг бэлэгддэг. Тиймээс заан цуглуулах дуртай хүмүүс олон бий. Тэдний нэг нь жүжигчин Өлзийхүү. Өлзийхүү гавьяатын цуглуулга гэртээ багтахаа байж, түүнийг сандаргаж байгаа сурагтай.
Монголын баячууд дунд машин цуглуулж кайф авдаг нөхдүүд цөөнгүй. Энэ жагсаалт “Буян”-гийн Жагаагаас эхлээд “Женко” Баттулга, “Нарантуул”-ын Ж.Сайхансамбуугаар үргэлжлэнэ. УИХ-ын гишүүн Х. Баттулгын цуглуулгад 650 мянган долларын үнэтэй машинаас өгсүүлээд олон машин байдаг гэх. Тиймдээ ч түүний машины цуглуулга нийтдээ 3 сая долларын үнэ өлхөн хүрнэ гэж тооцжээ. Х.Баттулгын машины цуглуулгыг “Хаммер лимүзинг” болоод Английн “Rolls Royce Motor Cars Ltd ” компанийн “Rolls Royce ” машинууд чимдэг. Угаас бизнес ухаан сайтай тэрээр “Хаммер лимүзинг” машинаа өдрийн 1000 ам.доллараар түрээслүүлдэг аж. Харин гаднын хөрөнгө оруулагч бизнесийн түншүүдийнхээ итгэлийг хүлээх, бэл бэнчингээ харуулахыг хүссэн бизнесменүүд Баттулга гишүүний лимузингийн түрээсэнд гар татдаггүй бөгөөд Монголд ганцхан ширхэг байдаг энэ машиныг ихэвчлэн “Чингис хаан” нисэх онгоцны буудал дээр харж болно.
Монголын улс төрчид уран зураг цуглуулан уралдах болсон.Батж.Батбаяр “Бадамхатан”, “Фортуна” Батбаяр “Хануда” уран зургийн галлерейтай. Тэгвэл Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уран зурагт багагүй хөрөнгө хаяж чаддаг нэгэн. Тэрбээр уран зураг цуглуулах дуртай бөгөөд түүний архивт Монголын үе үеийн уран зураачдын олон сайхан бүтээлүүд эхээрээ хадгаладдаг. Алтан үеийн зураачдаас өгсүүлээд шинэ цагийн хийсвэр ертөнцийг тольдогчдын бүтээлүүд өнөөдөр “Цагаан дариум” галлерейд хадгалагдаж байгаа гэнэ. Ц.Элбэгдорж, Цагаандарийн Энхтүвшин Монголын тэргүүн баячуудын нэг “MCS”-ийн Оджаргал, тус компанийн захирлуудын нэг Л.Энх-Амгалан нийлж Монголын хамгийн үнэтэй байранд байгуулсан юм. Энд Монголын нэртэй зураачид болох Д.Амгалан, Б.Чогсом, До.Болд, Ц.Энхжаргал, Я.Оюунчимэг нараас эхлүүлэн үе үеийн зураач, уран бүтээлчдийн таван зуу гаруй уран зураг, ХХ-р зууны өмнө үеэс эхлэн одоо хүртэлх Монгол улсын хөгжлийг харуулсан түүхэн зургуудын цуглуулга байдаг аж.
shudarga.mn
URL: