Төсөв нэмсэн шалтгааныг аудитынхнаас тодруулна

улсын төсөвУИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр төсөвт өртөг нь нэмэгдсэн объектуудыг оруулж ирлээ гэх асуудал маргаан дагуулсан учир Аудитын байгууллагын төлөөллийг байлцуулж, үдээс хойш хуралдахаар боллоо.

 Хуралдааны эхэнд МАН-аас төсвийн тодотголыг сайтар нягталж,  дахин оруулж ирэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Үдээс өмнөх хуралдаанаар тус бүлгийн гишүүд энэ байр сууриа хүчтэй хадгалж оролцсон. Тухайлбал,  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Зээлийг төсвөөс гадуур зарцуулдаг, үүнийг хариуцах эзэнгүй явж байна, энэ нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхийг үгүй гэх газаргүй гэсэн бол  гишүүн Ч.Хүрэлбаатар, Төсвийнхөө зардлыг хянаж хямгадъя гэдгийг Эдийн засгийг идэвхжүүлэх хөтөлбөрийг батлах хүрээнд  намууд тохирсон. Өнөөгийн эдийн засгийн хямралын гол шалтгаан энэ. Гэтэл АН-ынхан төсвийн зардлыг нэмэх төсвийг гар өргөөд батлаад байна.

Төсвийн бүх тоо худлаа болохоор төсвийн бодлого чинь худлаа болоод байна. Худлаа бодлогоор явснаас өнөөгийн энэ хүндрэлүүд гараад байна. Миний тойрог гэлгүйгээр улс эх орныхоо нийтлэг эрх ашгийг бодож зардал нэмэх асуудал дээр бүгдээрээ эсрэг кноп дарахыг уриалж байна гэв. Мөн Д.Хаянхярваа гишүүн төсвөөс гадуур яваа “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг нэгдсэн төсөвт тусгаж, тэгснээр ДНБ-д эзлэх өрийн хэмжээ чухам хэдэд хүрснийг тооцоолсны  дараа төсвийн тодотголоо ярих нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Засгийн газраас орж ирсэн санал дээр байнгын хороо дур мэдэн төсвийг нэмэгдүүлж оруулж ирж байна гэсэн асуудлыг гаргаж тавьсан. Ц.Даваасүрэн гишүүн болон холбогдох албаны хүмүүс “Төсөвт өртөг нэмэгдсэн объектууд нь бүгд аудитын дүгнэлтттэй орж ирсэн. Тэр нь өртөг нэмэгдсэн юм шиг харагдаж байгаа. Гэхдээ шалгуулж болно” гэсэн хариулт өгөв.  Иймд хуралдааныг даргалагч З.Энхболд, Аудитын байгууллагынхны тайлбартайгаар хуралдааныг үргэлжлүүлэх шийдвэр гаргав.

Б.Туул

Монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих