Өгүүллэг: П.Дэлгэржаргал : Бөгтөр охин
Энэ зун би чамтайгаа санаандгүй таарлаа. Чиний минь гэрэлтсэн алаг нүд холын холд очин, чи үл мэдэг ядарсан гэлтэй, бас чиний биеээ авч яваа байдал өмнөхөөсөө тэс өөр нь нэг л хачин.
Чамтай энэ олон жил юу ч ярьж чадаагүйгээ нөхөх гэсэн мэт намайг чам руу хандахад чи минь өөрөөсөө ичингүйрэн цааргалсан янзтай надаас холдон одлоо.
Би яг тэр л газраа хэдий удаан зогссоноо ч мэдсэнгүй, намар, өвөл, хавар, зун дахиад л намар ирж дээ…
Харин энэ удаа чиний минь харц өмнөхөөсөө сэргэлэн байсан тул би чамтайгаа хүүрнэж эхэллээ.
Чи минь сайн уу , одоо яаж шүү аж төрж байна даа?
-Би сайн, нээрээ найз нь ээж болсон. Сайхан амьдарч байна аа. Энэ хэдэн хүүхдүүдийнхээ төлөө бүхнээ зориулсан хүн л байна даа. Бага байхдаа энэ дэлхий уудам байна, хийх зүйл ч их байна, тэгээд зурагчин болоод энэ тэрүүгээр аялаад л олон сайхан сайхан орноор явж, олон гоё зурагнуудтай болно, олон ч найз нөхөдтэй болно хэмээн их боддог байж билээ.
Гэтэл эргээд хартал би зүгээр л ээж л байсан байна, гэхдээ сайн ээж байсан гэж боддог. Харин хамгаас хайрт хань минь миний залуу сайхан байсныг огт мартсан юм шиг, би түүний хувьд зүгээр л эд хөрөнгө нь болсон байх юм. Гомдмоор байдаг ч одоо яая гэх вэ дээ, эх хүн, ээж хүн энэ хорвоо дээр үр хүүхдийнхээ төлөө л бууж ирдэг юм байлгүй дээ.
- хн, чи ч гал цогтой сайхан хүүхэн байж билээ, чиний тас тас хийх инээдэнд би их дуртай байж билээ,
- Тийм үү. би чамайг байдаг гэж мэддэг ч үгүй байсан. Дурлал гэдэг чинь угаасаа боломжгүй бүхний араас амиа өргөн гүйдэг болохоороо, нэг талаар өөрөө өөрийгөө гээх урлаг юм уу даа, байгаа бүхнээ хайртынхаа өлмийд өргөөд л өөрөө түүний нэг хэсэг болж орхих юм.
- Чи минь хамгаас үзэсгэлэнтэй хэвээрээ л байна шүү дээ, яагаад байна найздаа хэлээч?
- Би чинь одоо ийм болсон. Хар даа. Миний нуруу нэг ийм бөгтөр л болоод л байна. Яагаад ийм болсноо ердөө ч ойлгохгүй юм. Манай гэрийнхэн дотор над шиг хүн алга, азаар хүүхдүүд минь ч зүгээр байна, Одоо намайг ийм бөгтөр болсноос хойш би ханийнхаа хувьд ёстой л шүүр барьсан эмгэн болж харагддаг байх гэдгээс санаа зовох юм. Ямар сайндаа л үүр цүүрээр ингэж ганцаараа суух вэ дээ. Гадаа гараад сэрүүн агаар үнэрлээд л, холын холд байгаа одод руу хараа билчээн сэтгэлийн гүндээ нисэн одох л жаргал болж дээ.
- Нээрээ чи нисэхийг хүсэж байна уу, тэгвэл гараа нааш нь өг дөө.
Би түүнд гараа өглөө. Хамгаас энхрийхэн халуун дулаан гар намайг тэврэн авч тэнгэр өөд нислээ. Салхи татуулан дээшилсээр л байлаа, хараа хүрэмгүй өндрийн өндөрт ч би юунаас ч айлгүй, түүний энгэрт наалдан улам шурган эрхэлж байлаа. Над руу харах тэр харц, сэтгэл зоволтгүй ээ чи энэ хорвоогийн хамгийн эрхэм хүн минь шүү хэмээн энхрийлэн элбэх мэт ээ.
Өндөрт гарсан хүн даардаг гэлцдэг гэтэл би даарсан ч үгүй, холын холд дээдийн дээдэд очсон хэрнээ, гүний гүнд бүхний гүнд нэвтрэн орсон мэт аз жаргал, баяр баясгалан энэ бүхнийг хэмжээлшгүйгээр мэдэрч байх нь гайхалтай.
….Дор тэртээ дор нэгэн жаахан охин тоглон наадна, тэрээр сайн ээж болох гэсийн хэмээхэд өөрөө хүүхэд байж яаж ээж болох гээ вэ хэмээн хэн нэгэн хүүрнэнэ.
….Нэгэнтээ шувууны дүрд хувилан энэ замбуулинд бууж ирэхдээ хайрын өмнө өвдөг нугаран хэн байснаа хүртэл мартсан аж.
…. Нэгэн удаа гэрээ цэвэрлэж байгаад тавилганыхаа араас зөндөө их зулгарсан өд сөд олоод учиргүй их уйлж байж билээ, зүгээр л сэтгэл өмрөн тэр шувууны жигүүрийг хугалсан юм шиг шаналалд автаж байлаа.
… Голын эрэг дээр эрхлэн наадах бяцхан хүүхдүүд, нэгэн жаал гол руу унахад хэдий нь хүсэл сэтгэл минь түүнийг гаргаж авахаар усанд шумбан байсан юм.
Ингээд л би энэхүү орчлонд эх хүн болж ирээд одоо нисэн байна даа.
Дотор хүн маань хань маань унтаж байна, тэрээр миний бөгтөр нуруу түүний хувьд юу ч биш байдаг аж. Гагц хүү миний бодол л түүнийг минь надаас холдуулах шалтгаан байж шүү дээ.
Би хорвоогийн олон зүүн сайн сайхан бүхний дотроос өөрт хамаатай бүхнээ уудлан уудалнам.
Баяр хөөр дүүрэн би гунигын манангаа үлдэн хөөн, бөгтөр дээрээс минь жигүүр задран гарч буйг мэдэрнэм. Тийм ээ, би та нарын хайртай хүн байсан даа баяртай байна, газар дэлхийн бөгтөр охин би тэнгэрийн нэгэн дагина болоод одоо холын холдоо нисэн одьё доо.
Хэзээ нэгэн цагт би хэрэгтэй босон цагт өр зүрхнээсээ хайгаарай, тэнд миний хайр хязгааргүй далай адил халгин залгин хүлээж байна би нислээ. холын холд бас гүний гүнд
URL: