“Изинис эйрвэйз” компани дампуурлаа зарлалаа

Орон нутгийн нислэгийн үйл ажиллагааг эрхэлдэг Изинис эйрвэйз компани үйл ажиллагаагаа дөнгөж сая зогсоосон байна.

Изинис Эйрвэйз компани нь Ньюком Группийн хөрөнгө оруулалттайгаар 2006 оны 12-р сарын 06-ны өдөр байгуулагдаж, Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлд анхны хуваарьт нислэгээ үйлдсэн иргэний агаарын тээврийн компани билээ.

Тус компани Дорнод,  Хөвсгөл, Өмнөговь, Увс,  Баян-Өлгий  5 аймгийн 6 чиглэлд, мөн олон улсын 1 чиглэлд Өвөр Монголын Өөртөө Засах Улсын Хөлөнбуйр аймгийн Хайлаар хот руу тус тус тогтмол болон захиалгат нислэг үйлддэг иргэний агаарын тээврийн  компани байсан. Изинис Эйрвэйз нь цаашид бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулахаар зорин ажиллаж байжээ.

Орон нутгийн чиглэлийн нислэгийг тун чанартай, сайн явуулдаг хэмээн үйлчилгээнд нь иргэд ам сайтай байдаг. Чухам ямар учраас үйл ажиллагаа нь зогссоныг та бүхэнд удахгүй мэдээлнэ.

Изинис компаниас албан ёсны мэдэгдэл хийлээ. Та бүхэнд мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэе.

МЭДЭГДЭЛ

Изинис Эйрвэйс ХХК нь 2006 оноос үйл ажиллагаа явуулж, олон зуун мянган зорчигчдод тогтвортой үйлчилж ирсэн үндэсний агаарын тээвэрлэгч компани бөгөөд компанийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрч цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул 2014 оны 05 сарын 22-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа тодорхой бус хугацаагаар зогсоох болсныг үүгээр мэдэгдэж байна.

Өнгөрсөн хугацаанд биднийг сонгон үйлчлүүлж, хамтран ажиллаж байсан бүх зорчигчид, түнш байгууллагууддаа талархал илэрхийлье.

Компанийн гүйцэтгэх удирдлага, хөрөнгө оруулагчдын зүгээс өөрсдөөс хамаарах бүхий л бололцоог дайчлан ажиллаж, сүүлийн хоёр жилийн хугацаанд үйл ажиллагааг хэвийн явуулах, ажилчдынхаа ажлын байрыг хадгалах, хамгийн гол нь зорчигчдын эрх ашгийг хангахын төлөө чармайн ажилласан боловч цаашид улам бүр нэмэгдсээр буй санхүүгийн алдагдлыг хиймлээр нөхөн ажиллах боломжгүй болж үйл ажиллагаагаа зогсоох болсондоо олон жил бидэнтэй хамт цэлмэг тэнгэрээр тухлан аялж байсан эрхэм зорчигчид болон эрхэлсэн ажилдаа үнэнч шударга, сэтгэл зүрхээ өгч ажиллаж ирсэн ажилчид, инженер техникийн ажилтнууд, нисэх бүрэлдэхүүн, нийт хамт олноосоо уучлалт хүсье. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих