Нэгэнт нүүрлээд замынхаа дунд хүрчихсэн эдийн засгийн хямралыг илааршуулах 100 хоногийн аяныг Засгийн газраас зарлаад ажиллаж буй. Юутай ч хямралд хамгийн ихээр өртөөд байгаа Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд зугтаж, мөн элгээрээ хэвтээд байгаа Уул уурхайн сайд нь, эзэн нь хаяад явсан салбарыг давхар удирдах юм гэнэ, донгосно биз. Хямралаас давах хамгийн шилдэг арга нь элдэв шагнал урамшууллыг зогсоох, төсвийн тансаглал, гадаад дотоодын аялал айлчлалыг хумих бодлого аж. Үүнээс том ажил нь гэвэл Хөгжлийн банкаар дамжуулж, бонд босгох л доо. Тиймээс өчигдөр Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хурлаар 560 тэрбум төгрөгийн бонд босгохоор боллоо. Одоо УИХ-ын чуулганаар хэлэлцээд баталвал Монгол Улсын өр 560 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, хямарлаа өрөөр давах бодлого юм л даа. Нөгөө талаар алс хэтдээ ихэд хортой зүйл гэдгийг эдийн засагчид ярьж буй. Яахав, хүний эдэлж хэрэглэж байгаа машины дугуй хагарч, ахин хэрэглэх боломжгүй боллоо гэж үзье. Гэтэл өөрт нь дугуй авах мөнгөгүй бол зайлшгүй мөнгө зээлж л дугуй авна л даа. Гагцхүү эзэн хүн энэ мөнгөө ямар эх үүсвэрээс төлөх вэ гэдгээ тэнэг л биш бол тооцоолсны үндсэн дээр зээлж таарна. Цалингаасаа төлөх юм уу, машинаараа халтуур хийгээд олсон мөнгөөрөө төлөх үү гээд тооцсон байх юм. Гэтэл манай эрх баригчид энэ ярьж буй 560 тэрбум төгрөгөө юунд зарцуулахаа ч тооцож, ТЭЗҮ гаргаагүй аж. Өнөөх л “Чингис” бондын мөнгө шиг. Өнгөн дээрээ ярихдаа нэг зам барина, “Гудамж” төсөл, орон нутагт эмнэлэг, сургууль хэмээн санаанаасаа тоо зохиогоод л явуулчихна. Үүний дараа өнөөх л эрх баригчдын халаасны гэх компаниуд нь тендер нэрээр зууж одно. Ингээд л өр нэмэгдэнэ.
Тиймээс дээр ярьсанчлан өнөөх төсвийн тансаглалыг танана, хурган дарга нарын гадаад дахь томилолтыг хасна гэх. Ингэлээ гээд хямрал илаарших уу. Хамгийн гол нь дарга сайд нар маань идэж уухаа танаж чадах уу, гадагшаа аяладгаа болих уу гэдэгт л хамаг учир бий. Ер нь өмнөх хямрал бусад эдийн засгийн байдал уруудсан үеийн түүхийг санавал дарга сайд нар идэж уухаа танаж байсан түүхгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Эрхэм дээдсүүд хэзээ ч тансаглалаа орхихгүй л дээ.
Тэгэхээр Засгийн газар маань хямарлаа илааршуулах түүнийг давах нэрээр дараагийн өрийг хийж байна гэсэн үг. “Шинэчлэгчдийн” анхны босгосон “Чингис” хэмээх өр, дараагийн босгосон “Самурай” хэмээгч өр бий. Үүнээс үр дүн гарсан бол анхныхаа үр ашгийг өгч эхэлсэн байх учиртай. Тодруулж хэлбэл, хямрал ийн туйлдаа хүрэхгүй байх байв. Энэ их мөнгийг үр ашиггүй зарцуулж хямралд хүргэсэн эрх баригчид маань ийнхүү дараагийнхаа өрийг хийж 2015 оны босгоор давахаар шийдэв бололтой.
2012 оны долдугаар сард бүрэлдсэн Засгийн газар “шинэчлэл” нэрийн дор ажиллаад хоёр жилийн хугацаа хараахан хүрээгүй байхад ийнхүү гурван том өр хийж байна л даа. Гэтэл айсуй 2016 он хүртэл эд нарын эрх хадгалаатай байна гэсэн үг. Тэгэхээр Монгол Улсын өр чухам хэдэд хүрэхийг таашгүй. Юутай ч хямрал бий боллоо гээд ихэс дээдэс маань тансаглалаа зогсоох уу.
А.Гал
URL: