Нэгэн зэрэг дөрвөн вирус дэгджээ
ДЭМБ-ын дарга М.Чэнь Женев хотноо нээлтээ хийсэн 67 дугаар ассамблейн хуралдаанаар нэгэн мэдэгдэл хийжээ. Тэрбээр өдгөө дэлхий дахинаа дөрвөн төрлийн вирус газар аваад буй. Тухайлбал, Саудын Аравид коронаровирус, Гвинейд Эбола вирус, Хятад болон зарим оронд шувууны томууны вирусийн Н5N1 ба Н7N9 вирус тархаад байгаа талаар онцолжээ. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар 2015 оноос хойш сүрьеэ өвчнеөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, даяарчлалын стратеги болон зорилтыг батална гэсэн хүлээлт байгаа аж.
Судалгаагаар нэг жилд 8.6-9 сая хүн сүрьеэ өвчний халдвар авдаг бөгөөд гурван сая хүн эмчилгээ хийлгэдэггүй болох нь тогтоогджээ. Мөн зарим нь эмчилгээ дутуу хийлгэснээс эмэнд дасалтай сүрьеэ газар авах болсон гэнэ. Түүнчлэн 1.4 сая хүн уг өвчнөөр нас бардаг байна. Сүрьеэг ДОХ-ын дараа буюу хоёр дахь халдварын агент хэмээн тооцдог аж. Үүний зэрэгцээ халдварт шараар жилд 1.4 сая хүн нас бардаг гэсэн судалгаа байдаг байна.
Мөн Ази, Африк, Ойрхи Дорнодын 10 оронд саа өвчин дэгдээд буй. Судалгаагаар хоёр жилийн өмнө уг өвчинг бүрэн яллаа гэж мэдээлж байсан бол одоо эргэлзээ төрүүлж байна хэмээн ДЭМБ-ын дарга онцолсон байна. Учир нь халдвар гараад буй Пакистан Сири, Камерун зэрэг гурван орноос хөрш зэргэлдээх оронд саа өвчнийг тараасан тохиолдол илэрчээ. /МХЕГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс/
URL: