Алдаатай, буруу бодлого хямралыг улам гүнзгийрүүлэх уршигтай

buleg_05_22УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгээс хийсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар уншиж танилцууллаа. Уг дүгнэлтэд төсвийн тодотголыг сайжруулж, дахин өргөн барих шаардлагатайг онцлов.

 

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2014 оны төсвийн  тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдийг нягтлан үзэж, холбогдох төрийн байгууллагуудын санал, дүгнэлтийг үндэслэн УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг дараах ДҮГНЭЛТИЙГ хийж  байна. Үүнд:

 

НЭГ. Монгол Улсын Засгийн газар УИХ-ын тогтоолоор  өгөгдсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлж, хариуцлагатай ажиллаж чадахгүй байна. Учир нь Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухайУИХ-ын 2013 оны 63 дугаар тогтоолын 2 дахь зүйлд “… төсвийн тодотголыг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэсэн хугацааг 36 хоногоор, “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” УИХ-ын 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн З0 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “.. ажлын 5 өдрийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэсэн хугацааг 12 хоногоор тус тус хэтрүүлэн УИХ-ын тогтоолыг ноцтой зөрчсөн байна. Зөвхөн энэ үйлдэл л гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох дээд байгууллагынхаа дээр гараад суучихсан, УИХ нь Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ хэрэгжүүлэх эрх зүйн чадамжгүй болсныг нотолж байна.

 

ХОЁР.  Монгол Улсын Засгийн газар хууль зөрчин үйл ажиллагаагаа явуулж байна. Засгийн газрын гадаад, дотоод өрийн хэмжээ сүүлийн хоёр жилд эрс нэмэгдэж ДНБ-ий 62 хувьд хүрсэн нь Төсвийн тогтовортой байдлын тухай хууль, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн зүйл заалтуудыг ноцтой зөрчсөн гэж УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг үзэж байна. Олон Улсын Валютын Сангаас ч үүнийг нотолж, улсын өрийн хэмжээ хуульд заасан босгыг давсан, Монгол Улсын нэгдсэн төсвийн гадуур зарцуулагдаж буй “Чингис”, “Самурай” бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг төсөвт суулган тооцвол төсвийн алдагдал ДНБ-ий 10,1 хувьтай тэнцүү байгаа тухай тайландаа тусгажээ. Энэ нь төсвийн тусгай шаардлага болох Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2.-т заасан “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Тиймээс эдийн засгийн хямралын үндэс болсон Засгийн газрын хууль бус үйл ажиллагааг УИХ өөгшүүлэх бус таслан зогсоох шаардлага нэгэнт бий болжээ.

 

ГУРАВ.  Монгол Улсын нэгдсэн төсвөөс гадуур зарцуулагдаж буй “Чингис”, “Самурай” бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн зарцуулалтыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 4.1.8., Төсвийн тухай хуулийн 49.3. дахь зүйл заалтад нийцүүлэн төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгохыг эрх баригчдаас удаа дараа шаардсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн “Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн зарцуулалтын талаар” 2014 оны 5 дугаар сарын 06-ны өдөр гаргасан зөвлөмжийн 2.1. дэх хэсэгт “Засгийн газрын үнэт цаасыг Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн улсын нэгдсэн төсөвт оруулах асуудлыг боловсруулж Улсын Их Хуралд оруулан шийдвэрлүүлэх” гэснийг дурдах нь зүйтэй.

Засгийн газар 2014 оны төсвийн тодотголыг боловсруулахдаа дээрх асуудлыг шийдвэрлэхгүй орхигдуулсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2.1. дэх хэсэгт заасан “Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах” гэсэн заалтыг зөрчсөн байна.

 

ДӨРӨВ. Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголд тусгагдсан орлого, зарлага, хөрөнгө оруулалтын тооцоо алдаатай хийгдсэн гэж УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг үзэж байна. 2014 оны төсвийн төслийг боловсруулан батлах үед ам.долларын ханш 1700 төгрөг байсан ханшийг 1384 төгрөгөөр тооцсон нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан “төсвийн бодлогыг тодорхойлохдоо олон улсад нийтлэг хэрэглэгддэг аргачлал, мэдээллийн эх сурвалжийг ашиглах замаар төсвийн тооцооны хараат бус, үнэн зөв байдлыг хангах” гэсэн зарчмыг зөрчсөн. Ам.долларын ханшийг бодит байдалд ойртуулан төсвийн тооцооллоо хийхийг манай бүлгийн зүгээс удаа дараа шаардаж ирсэн, одоо ч шаардсаар байгаа. Засгийн газрын зүгээс нэг ам.долларыг 1384 төгрөгөөр тооцоолсноо “тооцооны ханш” хэмээн тайлбарлаж байгаа нь үнэн хэрэг дээрээ энэ Засгийн газар эдийн засгийн төлөв байдлаа мэдэхгүй, мэдрэхгүй, ямар ч тооцоо судалгаагүйгээр эдийн засгийн бодлогоо боловсруулж байгаагийн илрэл болж байна.  Засгийн газар Монгол улсын 2014 оны төсөв, мөн оны төсвийн тодотголыг боловсруулахдаа тооцооны гэх ханшаа 1384 төгрөгөөр тооцсон бол Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн 2014 оны тооцооны ханшийг 1690 төгрөгөөр тооцож боловсруулжээ. Ингэснээр Засгийн газар Төсвийн тухай хуулийг ноцтой зөрчөөд зогсохгүй тооцооллын зөрчилтэй хуулийн төслүүдийг хүч түрэмгийлэн УИХ-аар батлуулах гэж байгаа нь УИХ-ыг дэндүү басамжилсан үйл ажиллагаа гэж УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг  үзэж байна.

Төгрөгийн ханшийн буруу тооцоог засаагүйгээс төсвийн бүх тоо, тооцоо алдаатай болж, улмаар төсвийн бодлого ч буруу тийшээ хэлбийж байна. Алдаатай, буруу бодлого хямралыг улам гүнзгийрүүлэх уршигтайг энэ Засгийн газар огтхон ч ухаарахгүй байна.

 

Иймд Засгийн газрын өргөн мэдүүлсэн 2014 оны төсвийн тодотголын хуулийн төслийг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4. –т заасан “… төсвийн тусгай шаардлагыг баримтлахгүйгээр … төсвийн төсөл боловсруулах, батлах, батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.”, мөн хуулийн 18.2.- т заасан “Засгийн газраас өргөн мэдүүлсэн …төсвийн төсөл нь төсвийн тусгай шаардлагыг хангаагүй тохиолдолд төсвийн төслийг буцаана.” гэсэн заалтуудыг үндэслэн  тус төсвийн тодотголын төслийг Засгийн газарт буцаан, Монгол Улсын хууль, тогтоомжид нийцүүлэн, “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2014 оны 34 дүгээр тогтоолоор өгөгдсөн чиглэлийг баримтлан төсвийн тодотголыг сайтар боловсруулан дахин шинээр өргөн барих нь зүйтэй гэж УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг үзэж байна.


URL:

Сэтгэгдэл бичих