Х.Анхбаяр, А.Чандмань нарыг батлан даалтад гаргасангүй

 
Б.ЗАЯА

Газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын дарга асан талийгаач Д.Амарсайхан, “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, Н.Отгонболд, А.Чандмань нарт холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхэд товлогдсон юм. Шүүх хурал эхлэхэд Н.Отгонболдын өм­гөөлөгч ирээгүй байснаас хурлыг энэ сарын 29 хүртэл хойшлуулахаар шийдвэрлэлээ. Энэ үеэр  Д.Амарсайхан агсан цагдан хорих ангид нас барсан, “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаярыг олон сараар хорьж саатуулсан гэх олон шалтгаанаар өмгөөлөгчид улсын яллагч болон шүүгч нарын хооронд маргаан үүссэн юм. Энэ тухай тоймлон хүргэе.

О.Сарангэрэл: ӨМГӨӨЛӨГЧДИЙН ИРЦ 90 ХУВЬТАЙ БАЙНА. ШҮҮХ ХУРЛЫГ ЭХЛҮҮЛЬЕ

Шүүх хурлын танхимд шүүгчдийн хамтаар улсын яллагч О.Сарангэрэл болон Х.Анхбаярын өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, Б.Баярмаа, Ж.Эрдэнэбулган, талийгаач Д.Амарсайханы өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарын найман өмгөөлөгч ирсэн байлаа. Мөн шүүгдэгчдийн ар гэрийн 30 гаруй хүн танхимд цугласан байсан юм.  Хурлыг эхлүүлэх болоход шүүгдэгч Н.Отгонболд өмгөөлөгчгүйгээр хуралд оролцохгүйгээ мэдэгдсэн. Тэрээр “Миний өмгөөлөгч О.Сайнгэрэл хүнд гэмтлийн улмаас шүүх хуралд оролцох боломжгүй болсон. Өчигдөр /уржигдар/ 21:00 цагийн үед үл таних хүмүүс биед нь халдаж хүндээр гэмтээсэн байна. Тиймээс шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” гэв.  Харин улсын яллагч О.Сарангэрэл “Өмгөөлөгчдийн ирц 90 хувьтай байна. Өмгөөлөгчид түүнд туслах боломжтой” хэмээн шүүх хурлыг үргэлжлүүлэх саналыг гаргасан. Гэвч улсын яллагчийн саналаас өмгөөлөгчид эрс татгалзав. Тэд Н.Отгонболдын хэрэгтэй танилцаагүй, хууль ёсоор шүүгчдэгчдийн өм­гөөлөгч байхгүй то­хиолдолд хурал хойшлох үндэслэл болно гэц­гээв. Түүнчлэн Х.Анхбаярыг батлан даалтад гаргах хүсэлтийг тэд давхар тавилаа. Өмгөөлөгч Ц.Цэрэнжээ Х.Анхбаярын биеийн байдал хүнд, ямар төрлийнх нь мэдэг­дэх­гүй хавдартай болсныг онцолж, жил шахам цагдан хорьсон шалтгааныг нь тодорхой болгохыг улсын яллагчаас шаардав. Түүнчлэн О.Чандманийн биеийн байдал тааруу, нойр булчирхайн үрэвсэлтэй болсон гэнэ. Тиймээс түүнийг ч батлан даалтад гаргах хүсэлтийг тавьсан.

 

Х.Анхбаяр: БҮХ ЗҮЙЛ ГҮЖИР ГҮТГЭЛЭГ

Үүний дараагаар шүүгчид Х.Анхбаяр, Н.Отгонболд, А.Чандмань нараас хүсэлт байгаа эсэхийг тодруулахад О.Чандмань талийгаач ахыгаа өөрийнх нь гар дээр амьсгал хураасныг хэлээд хэсэг чимээгүй болов. Тэрээр Д.Амарсаайхан ансны ахынх нь хүү бөгөөд“Надад оргон зайлах шалтгаан байхгүй. Долоон хоногийн таван өдөрт АТГ-ын үүдэнд өнжиж байсан. Тиймээс батлан даалтад гаргаж өгнө үү” гэв. Харин Х.Анхбаяр “Бүх зүйл гүжир гүтгэлэг. Би 11 сарын турш хоригдсон. Олон удаа батлан даалтад гарах хүсэлт гаргасан. Одоо ч энэ хүсэлтийг дахин тавьж байна” гэв. Шүүгдэгчдийн саналаа хэлсний дараагаар өмгөөлөгчид гараа өргөн дахин санал хэлсэн. Х.Анхбаярын өмгөөлөгч Ж.Эрдэнэбулган “Хуульч хүмүүс хүнлэг энэрэнгүй байх ёстой. Хавдартай болчихоод байхад наад захын арга хэмжээ авахгүйгээр Ц.Анхбаярын хэргийг хүнд зүйл анги гэж үзэж байна. Хүнд гээд байгаа зүйл анги нь татвар төлөхөөс зайлхийсэн зүйлчлэл. Энэ хүнийг ийм зүйлчлэлээр цагдан хорих шаардлагагүй. Өнөөдөр татвар төлөхөөс зайлхийсэн олон мянган хүн байгаа” гэхэд өмгөөлөгч Ц.Цэрэнжээ “Прокурор цагдан хорих арга хэмжээг үргэлжлүүлэх санал гаргаж байгаад харамсалтай байна. Амь нас нь эрсэдвэл О.Сарангэрэл хариуцах уу. Эмчилгээ хийхгүй байгаа асуудлыг хэн ха­риуцах юм. Ингэж хүнлэг бус хандсаар байгаад нэг хүний амиар шорон тахилаа. Үүнд шүүгчид дүгнэлт хийх ёстой. Хүний амь насны хариуцлагын асуудал байнга тавигдах болно” гэсэн юм.

 

“БҮХ ЮМЫГ ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛНА”

Өмгөөлөгчид санал хэлж дуусахад шүүгчид 30 орчим минут зөвлөлдсөний эцэст Х.Анхбаяр, О.Чандмань нарыг батлан даалтад гаргах хүсэлтийг хүлээж авах боломжгүйг мэдэгдсэнээр шүүх хурал өндөрлөсөн. Талийгаач Д.Амарсайханы ар гэрээс эхнэр хүүхдүүд, хамаатнууд нь ирсэн байлаа. Талийгаачийн хүү “Бүх юмыг цаг хугацаа харуулна” гэхээс өөр зүйл ярьсангүй. Харин  шүүгдэгч Х.Анхбаярын эхнэр Ё.Оюун нөхөрт нь ямар хэрэг тулгаад байгааг одоо хүртэл тодорхой болгоогүй гэсээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй мэдээлэлд дараах хариултыг өгөв.

-Х.Анхбаярыг батлан даалтад гаргах хүсэлтийг хүлээж авсангүй. Нөхөртэйгөө уулзаж байна уу?

-461 дүгээр ангид ирснээс хойш хэд хэд уулзсан. Нөхөр маань 26 кг тураад хавдартай болчихсон. Гэтэл түүнийг 11 сарын турш ямар үндэслэлээр хорьсон нь одоо ч тодорхойгүй байна.

-Талийгаачийн хэрэг­тэй яагаад холбогдчихов?

-Талийгаачийн хэрэг­тэй ямар ч холбоогүй. 50 сая долларын асуудал энд хоригдож байгаа хүмүүст хамаагүй. Д.Амарсайхан даргыг ч энэ хэргээр хориогүй. Энэ хэрэгт бүх юм тодорхойгүй байгаа.

-Х.Анхбаярыг албан тушаалтнуудад авлига өгч лиценз сэргээсэн гэж яригдаад байгаа?

-Албан тушаалтнууд нь хэн юм бэ. Тэдгээр хүмүүс нь тодорхойгүй. Кадастрын албаны дарга нартай нийлж лиценз цуцлахгүйгээр үргэжлүүлсэн хэрэг гэсэн. Кадастрын албаны ямар дарга нартай хуйвалдаж, хэнд ямар авлига өгчихсөн юм бэ гэхээр хэн ч байхгүй байна.

Шүүх хурлыг ирэх долоо хоногийн пүрэв гаригт хийхээр боллоо.

zuunii medee


URL:

Сэтгэгдэл бичих