Хуулийн нэрийг өөрчилье
Өр гэхээр толгойтой үс нь босдог зан монголчуудад бий. “Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй” хэмээн цээрлэж ирсэн ард түмэн хэн нэгэнд өртэй явах, өрөөл бусдад өр зээл тавихаас татгалзаж ирсэн уламжлалтай. Тиймдээ ч хөрөнгө оруулалт гэж харах бус өр хэмээн харж бухимдаж байгаа тэдний үйлдлийг буруутгах аргагүй.
ОХУ-ын Их өр гэгчээр ард түмнийг айлгаж, Их өрийг төлөөгүй бол улсаа хүртэл өгчих байлаа хэмээн улстөржиж байсан улстөрчдийн пиар тэднийг ийм айдастай болгосон байхыг ч үгүйсгэх аргагүй юм.
Улсын өр, ДНБ-ий харьцааг 70 хувь болгон тогтоож, гурван тэрбум ам.долларын эх үүсвэр гаднаас нэмж татах боломж бүрдүүлэх нь эдийн засгийг идэвхжүүлэх, гацаанд ороод байгаа олон том, том төслүүдийг урагш явуулах гарц гэж Засгийн газар үзсэн нь яг өнөөдрийн нөхцөл байдалд хийж болох хамгийн зөв гарц нь болчихоод байна.
Хэн нэгэн эрх мэдэлтэн нь баахан өр зээл тавьчихдаг, дараа нь тэрнийх нь үйл лайг бид үүрэх нь гэсэн айдсаас эмээж өнөөдрийн хөрөнгө оруулалт авч байгаа бүхнийг өр хэмээн болгоомжилж байгаа хэрэг юм. Эдийн засгийг идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхлэхэд энэ хуулийг оруулж ирсэн болохоос ийм хууль боловсруулна гэдэг нь бараг л жилийн өмнө яригдаж байсан санагдаж байна.
2014 оны Төсвийг хэлэлцэж батлах үеэр Өрийн удирдлагын тухай хуультай болж Чингис, Самурай гэх мэт бүх бонд, өр зээлийг нэгтгэсэн нэг хуультай болох ёстой гэдгийг олонхийн бүлгийн гишүүд илэрхийлж байсан нь үнэн. Нэг талаараа энэ хууль зөв асуудлыг хөндсөн. Өөрөөр хэлбэл, хэн дуртай нь хаа, хамаагүй өр зээл тавих бус гаднаас авч байгаа хөрөнгө оруулалт, бонд болгоныг хянаж, улсын төсвөөс гадуур ямар ч мөнгө эргэлдэхгүй байх талаар нэгдсэн бодлоготой байх учиртай юм.
Нөгөөтэйгүүр, Улсын өр, ДНБ-ий харьцааг 70 хувь болгон тогтоож, гурван тэрбум ам.долларын эх үүсвэр гаднаас нэмж татах боломж бүрдүүлэх нь эдийн засгийг идэвхжүүлэх, гацаанд ороод байгаа олон том, том төслүүдийг урагш явуулах гарц гэж Засгийн газар үзсэн нь яг өнөөдрийн нөхцөл байдалд хийж болох хамгийн зөв гарц нь болчихоод байна. Нүүрснээс олигтой ашиг олохгүй байгаа нь үнэн. Оюутолгой үндсэндээ хүлээлтийн байдалд шилжсэн, бондын мөнгө бараг дуусчихсан, “Эрдэнэс Тавантолгой” Чалькод өрөө төлж дуусаагүй байгаа энэ үед Монгол Улсын эдийн засагт орж ирэх мөнгө байгаа дансанд хүлээж байгаа бил үү гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх биз.
Чингис бонд шиг хэдэн арван жилийн дараа үр ашгаа өгөх, гудамж зам барихад зарцуулах бус Сайншанд шиг том бүтээн байгуулалт, томоохон үйлдвэрүүд гээд дэлхийн нүд чих манай аль зах зээлийг сонирхож байгааг мэргэн харж хөрөнгө оруулж чадвал зээлийг өр биш “алт” болгож чадах юм. Гагцхүү үүнийг эрх баригчид нь ч, сөрөг хүчин ч хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа учраас энэ асуудлаар улстөржиж иргэдэд илүү их айдсыг бий болгоод байгаа юм.
Өчигдөр гэхэд л Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр царцаасан обьектуудыг хөдөлгөх мөнгөгүй болчихлоо хэмээн буруугаа нэг нэгнээсээ эрж байгаа нь харагдаж байв. Эцсийн дүндээ харилцан ойлголцол л энд чухал байгаа юм. Өр гэдэг үгнээсээ эхлээд л улстөржилт дагуулж байна. Зээлийн эрсдлийг зохицуулах зэргээр нэрийг нь өөрчилж, 70-аасаа бууруулах байдлаар харилцан тохиролцож ямартай ч бүтээн байгуулалтаа урагшаа явуулахгүй бол Монгол Улсын эдийн засагт аюулын дохио ажиллаж эхэлчихээд байна. Төлбөрийн тэнцлийн хямрал руу орж байгаа энэ үед зарцуулалтаа зөв хянаад, таван жил, нэг жилийн хугацаатай мөнгийг ямар салбарт оруулж, эргээд ашгаа түргэн хугацаанд олж чадах вэ гэдгээ тооцоолъё.
Өр, өр биш гэж талцаж хэрэлдэх цаг биш. Өр тавихгүйгээр бид хөгжлөө түргэтгэж чадах уу, өмнөх авснаа үр ашигтай зарцуулж чадсан уу, зээл аваад аль салбарт, ямар үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ л улстөрчид маань харилцан ярилцаж ойлголцох нь чухал болчихоод байна. Сөрөг хүчин ч гэсэн зөрүүдлэх бус яг юунд зарцуулах, эргээд хяналтыг хэн тавих, үнэхээр зээл аваад хэдэн жилийн хугацаанд үр ашиг нь гарах вэ гэдгийг асууж, шалгааж нягталж, хариуцлагын хэн хүлээх вэ гэдгийг нь ч ярих болоод байгаа юм.
Б.Өнөртогтох
URL: