Т.Энхбаатар: Хар арьстай хүмүүсийг нэг дор бөөнөөр нь харах эвгүй юм билээ
Монгол цэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцоод 10 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Эдгээр он жилүүдийн түүхийн хуудсыг бичилцэж яваа хүмүүсийн дунд зүй ёсоор багтах нэгэнтэй уулзлаа. Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн ротын ахлагч Түвдэндоржийн Энхбаатар одоогоор Зэвсэгт хүчний ахлагч нараас хамгийн олон удаа цэнхэр дуулга өмсөөд байгаа аж. Түүний дурсамжаас хүргэж байна.
-Яриагаа анхны ажиллагаанаас тань эхлэе гэж бодлоо…
-2003 оны 5 дугаар сарын 17-нд бэлтгэлд гарч байлаа. Ингээд гурван сарын дараа Ирак орныг зорьж байсан. Дотроо “Би чинь дайнд явж байгаа шүү дээ, учир зүггүй байлдаад л, буудалцах л байхдаа” гэж бодсон. Тэр үед нэг иймэрхүү л ойлголттой хүн байлаа шүү дээ.
-Тэр үеийн Иракийн байдлыг дүрсэлбэл…
-Кувейт Улсад 10 хоногийн бэлтгэл хийгээд өөрсдийн зэвсэг, техниктэйгээ Иракт очсон. Мэдээж, дайн болсон улс хойно юм бүхнийг нь орвонгоор нь эргүүлээд хаячихсан орчин угтсан. Шатсан, дэлбэрсэн машин энд тэндгүй, сумны нүх хананд нь гараагүй байшин ховор, орон гэргүй болсон хүмүүс, гуйлга гуйж, эцэг эхээ алдсан хүүхэд.
Энэ бүхнийг хараад ямар хувь тохиолоор ийм сайхан эх орны хүү нь болж төрсөн юм болоо гэж бодсон. Бид 600 гаруй км газар марш үйлдэж, Аль-Хиллах хотод очсон. Манай Зэвсэгт хүчинд ашиглагддаг машинаар марш үйлдэхэд америкийн цэргүүд ихэд гайхсан.
Ийм халуун нөхцөлд Оросын дээр үеийн машинаар яаж ирдэг байна аа гэцгээж байсан шүү. Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 гаруй жилийн энхийг сахиулах ажиллагаанд Б.Баярмагнай генералын гавьяа их.
Хоёрдугаар сарын 18-нд Чарли баазад болсон дэлбэрэлтийн мэдээг сарын өмнөөс тагнуулын мэдээгээр авсан. Иракт ганцхан Чарли баазад л халдлага гараагүй байсан.Тийм болохоор бид аюулгүй байдлаа өндөржүүлж, өдөр, шөнийн хугацаанд хуягтаар тойрон эргүүл хийж, cap гаруй маш ачаалалтай ажилласан.
-Та нарыг тийм ачаалалтай ажиллаж байхад бусад орны цэргүүд юу хийж байсан бэ?
-Бусад орны цэргүүд тус тусынхаа үүргийг гүйцэтгэж байсан. Тухайлбал, цуваа үйлдэх, хоол хангалт, ар тал, инженер, барилга гээд улс бүрийн гүйцэтгэх үүрэг өөр. Харин монголын цэргийн хувьд Чарли баазыг ямар нэгэн халдлагаас хамгаалах байсан. Тийм болохоор ачаалал бусад орны цэргүүдээс их байсан. Үүний дараа ээлжээ хүлээлгэж өгөөд удаагүй байхад тэр халдлага болсон байдаг.
-Тэр дайралтын дараа монгол цэргүүдийн нэр хүнд бусад орныхоос өндөр болсон гэж ярьдаг…
-Яг тэгж хэлж болохгүй л дээ. Манайхан чинь очоод cap гаруйхны дотор бусад орны цэргүүдээс ялгарч чадсан. Бид өөрт юу байгаагаараа орчин тойрноо тохижуулж, дэг журам гэж юу байдгийг харуулж чадсан. Мэдээж, монголын цэргийг дэлхий мэдэхгүй байсан тэр үед бид мэргэжлийн цэрэг гэдгээ харуулж чадсандаа баяртай байдаг. Гэхдээ I ээлжийн түүх, тэнд болж өнгөрсөн явдал ер нь Зэвсэгт хүчинд бүрхэг.
-Анх явж байсан манай цэргүүдийн сэтгэл санаа ямар байсан бэ?
-Хүн бүр л өөр өөрийн бодол тээж Иракийг зорьсон. Дан ганц энхийг сахиулах үйлс ч бус бусад орны цэргүүдэд эх орныхоо нэрийг хөөдөхгүй байх үүрэг бидэнд ноогдсон. Тиймдээ ч тухайн үед ямар нэгэн сонгон шалгаруулалт хийлгүй 150 дугаар ангиас тус багийг бүрдүүлсэн байх.
-Ер нь бусад орны цэргүүд биднээс юугаараа давуу болоод сул байдаг вэ?
-Дэлхийн жишиг арми болсон америк цэргүүдээс жишээ татахад цэрэг бүр өөрийн үүргээ маш сайн ухамсарладаг. Нэг зүйлээ дагнаж мэргэших нь тэдний гол зарчим. Тухайлбал, машины жолооч цэрэг бол машинаа л барина.
Нэг өдөр би Иракт байхдаа нэгэн америк жолооч цэргээс “Чиний бууг чинь би сонирхож болох уу” гэхэд надад сонирхуулахаар үзүүлэв. Гэтэл буугаа арчиж, тордохгүй байсаар буу нь зэврээд гацчихсан байсан. Түүнийг би тухайн үед энэ ч машинаа л сайн барьдаг нөхөр байна даа гэж бодсон. Өөр онцлог нь ямар ч түгшүүр, дохио өгсөн үед буу, дуулга, хантаазаа бариад нуувчинд ордог.
Харин монгол цэргүүд бүх хувцсаа гүйцэд өмсөхийг эн тэргүүнд үздэг. Гэхдээ хамгийн сонирхолтой нь монгол, америк цэрэг хоёулаа зэрэг нуувчинд ордогт байгаа юм. Бүр биднийг ямар сургалтаар ингэж хурдан хувцаслаж сурсныг хүртэл асууж байсан шүү.
-Энгийн үед найзууд болно биз…
-Ер нь америк хүмүүс маш найрсаг. Бид энэ занг нь тэднээс хамгийн түрүүнд сурч байлаа. Энэ бол энхийг сахиулагч цэрэг хүнд байх хамгийн эн тэргүүний чанар.
-Тийм шүү. Харин дараагийн ажиллагаа юу байв?
-2006 онд Сьерра Леон Улсад энхийг сахиулсан. Энэ нь манай улсын Афган дахь анхны энхийг сахиулах ажиллагаа байсан. Харин Иракийнх анхны энхийг дэмжих ажиллагаа юм. Мөн Б.Баярмагнай генералын удирдлага дор явж байлаа.
-Африкийн байдал Ирактай харьцуулахад тэнгэр, газар шиг байсан нь лавтай…
-Мэдээж, тэс өөр. Тэр үед Иракт дахин үүрэг гүйцэтгүүлэхээр 30-аад цэргийн алба хаагчийг сонгоод байсан. Энэ дотор би ч багтсан. Тэр нь хойшлогдоод Б.Баярмагнай генерал биднийг өөрийнхөө ажиллагааны багтай нэгтгэж авч явсан. Африкийн ажиллагаа сонирхолтой санагдсан. Хар тивд газардаад нэг дор бүр бөөнөөр нь харах маш эвгүй юм билээ.
Иргэний нисэхийн онгоцоор буугаад автобусанд суугаад усан онгоцонд – нутгийн иргэдтэй холилдоод явж байхад үнэхээр өөр ертөнцөд ирчихсэн юм шиг л бодогдсон. Ядаж байхад тэр үнэр нь үнэхээр сонин. Маш эвгүй.
Хар арьстай хүмүүс чинь ямар сонин үнэртэй юм бэ, усанд ордоггүй юм байхдаа гэж бодогдсон шүү. Ер нь улс улсын үнэр гэж байдаг. Монголчууд ч гэсэн гадныханд өвөрмөц үнэртэй санагддаг байх.
-Тэр үнэрийг өөр нэгэн зүйлтэй жишиж тайлбарлаж болох уу?.
-Африк тивийнхний үнэрийг жишиж болохгүй. Юутай ч харьцуулж тайлбарлахаа мэдэхгүй байна.
-Тэгээд үнэрт нь дасав уу?
-Ёстой үгүй. Хэзээ ч дасахгүй юм билээ. Бусад орны цэргүүд дасчихлаа, одоо юу ч үнэртэхгүй байна гэцгээгээд л байсан. Харин бид ерөөсөө дасаагүй.
-Ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?
-Бидний үүрэг Олон улсын тусгай шүүхийн аюулгүй байдлыг хамгаалах. Шорон дотор нь дэлхийн топ алан хядагчид хоригддог. Ард иргэдийгээ хомроглон устгасан, Либерээс Сьерра Леонд дайн дэгдээж олон хүний амийг хүйс тэмтэрсэн ялтангууд байсан. Бүр 28-хан настайдаа өөртөө генерал цол өгөөд дайн өдөөсөн хэрэгтэн ч явж байх жишээтэй.
Хүнд гэмт хэрэгтнүүдтэй байхад халдлага гарах боломж нөхцөл хэр байсан бэ?
-Ер нь тагнуулын мэдээ их ирдэг байсан. Гэхдээ Иракийг бодвол түгшүүр нь харьцангуй тайван. Монгол цэргүүд бэлэн байдал, дадал сургуулилтаа маш дэг журамтай хийдэг байсан учир НҮБ-ын төлөөлөгчид, бусад орны мэргэжилтнүүдийн итгэлийг хурдан хугацаанд олсон.
-Ард иргэдийнх нь амьдралаас сонирхуулахад?
-Мэдээж дайн болсон газар ямар олиг байхав. Дорой буурай, энд тэнд дэлбэрсэн байшингийн балгас, хог новш, хүн бүр зарах боломжтой бүхий л зүйлсийг зарж, өдрийг аргацаадаг амьдралтай. Гэвч Африкийн бусад улсуудыг бодвол Их Британий колони олон жил байсны хувьд хөгжил нь дээгүүрт тооцогддог.
-Сьерра Леоны дараа ямар ажиллагаа угтсан бэ?
-Дараа нь Косовогийн хоёрдугаар ээлжээр 36 хүнтэй нэг салаа орж байсан. Косово бол цаг агаарын хувьд монголтой төстэй. Хамгийн гол нь энэ ажиллагаа миний хувьд маш их туршлага хуримтлуулсан. Анх удаа монгол цэрэг машинтай эргүүл, агаарын эргүүлийг хийж эхэлсэн юм. Би харин жолоочоор явсан.
Ер нь ажиллагаа болгонд өөр өөр мэргэжлээр явдаг. Миний үүрэг бол тасгаа тээвэрлэнэ. Бие бүрэлдэхүүн тогтсон цагт, тогтсон цэгт очиж, явган эргүүл хийнэ. Энэ хооронд би холбоочинтойгоо хоёулхнаа үлддэг. Яахав, цэргийн хүн болсон хойно энд тэндээс аюул ирэхвий, бэлэн байх хэрэгтэй гэж байнга бодно.
Тэгээд газрын зураг бариад л дуудсан газар очно. Эхэндээ их төөрдөг байлаа. Харин сүүлдээ газар орны байдал гарт орсон. Бүр дөт зам хүртэл гаргаж очдог болсон. Үүний дараа дахин Сьерра Леон руу явсан. Харин тэр удаад салааны захирагчаар томилогдсон. Онгоцоор буухад аль хэдийн дасал болсон газраа ирж буй мэт санагддаг юм билээ.
Анх ирэхдээ буудагч байсан би ахиад ирэхдээ салааны захирагчаар үүрэг гүйцэтгэнэ гэдэг маш их ялгаатай. Анх би өөрийгөө л хариуцдаг байсан бол дараа нь 50 гаруй хүний өмнө хариуцлага хүлээсэн. Үүнийг дагаад бусдыг удирдах, хариуцлага хүлээх чадварууд хөгжсөн гэж боддог.
-Тэгээд хаашаа явсан бэ?
-Африк руу явж ирчихээд ахиад африк явсан. Тэр маань Чад улс байсан. Тэр үед тасгийн захирагчаар томилогдсон. Хол, ойрын, баазын эргүүлүүдийг байнга үйлдэхэд Косовогоос олсон туршлага маань их хэрэг болсон. Сьерра Леоны хүмүүс тослого хар байдаг бол Чад хүмүүс үнсэн саарал гэмээр хар арьстай юм билээ.
-Сүүлийн ажиллагаа чинь Судан байсан гэсэн үү?
-Тиймээ, тус улс руу явсан монголын цэргийн багийн хоёрдугаар ээлжээр явсан. Би энэ ажиллагаанд өөрийнхөө хамгийн өндөр албан тушаал болох батальоны ахлагчийн албан тушаалд томилогдсон. Үүрэг, хариуцлага ч их байсан. Очоод ахлагчийн зөвлөл байгуулна.
Тэднийхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ, хол, ойрын эргүүлийг авч явна гээд л ажил мундахгүй их. Ажиллагаа бүр өөрийн гэсэн онцлоготой, тэр бүрт өөр албан тушаалаар явж өөрийгөө сорьж байсан минь надад их туршлага болж үлдсэн.
-Энэ олон ажиллагаанд явахад гэр бүл ямар байдлаар хүлээж авдаг вэ?
-Би эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Гэр бүлийнхэн маань миний ажлыг маш сайн ойлгодог. Мэдээж ажиллагаанд бушуу яв гэж хэлээд байхгүй нь ойлгомжтой. Гэхдээ манай эхнэр алба, үүргийг маань сайн ойлгож, үргэлж дэмжиж, туслаж байдагт нь талархаад барахгүй.
Ярилцсанд баярлалаа. Дэлхий нийтэд энх тайвныг сахиулах үйлсэд тань амжилт хүсье.
М.Мөнхзориг
Эх сурвалж: “Соёмбо” сонин
URL: