“Намуудад хөгжлийн бодлого алга”
Гавъяат эдийн засагч Н.Дашзэвэгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Монгол оронд хөгжлийн бодлого байна уу?
-Төр барьж буй намуудад хөгжлийн бодлого алга. 2007 онд УИХ-аар баталсан Үндэсний хөгжлийн цогц бодлогод мэдлэгт суурилсан эдийн засагтай болно гэсэн зорилт тавьсан. Ийм зорилгыг МАХН-ын 2007 оны болон саяхан хуралдсан их хурлууд тавьсан. Тэгээд бүгд мартдаг. Зүй нь давуу тал, цаашилбал боломж дээрээ түшиглэж, тоогоор хэмжиж болохуйц зорилго тавих ёстой. Энэ шалгууруудыг дээрх зорилт давж чадахгүй байна гэж би шүүмжилж байгаа.
-МАХН-ын саяын их хурал монгол орны ирэх 20 жилийн бодлогыг тодорхойлж чадсан уу?
-2030 онд хүрэх нийгэм эдийн засгийн ямар ч үзүүлэлт дэвшүүлсэнгүй. Хөгжлийн сценари харуулж чадсангүй. Уг нь энэ гол асуудлаа хайрцаглаад оруулаад ирэх байсан юм. Энэ бол хөгжлийн стратеги, тактикаа тодорхойлж чадаагүйг харуулж байна. Мөрөөдлийг жагсааж болсон. Ард түмнийхээ 20 жилийн хүлээлтэд хариу өгч чадсангүй. Ард түмнээ ядуурлаас гаргаж, дундаж анги болгох арга замаа, мөн цаг хугацаагаа мэдэхгүй хэвээр байна.
-Удахгүй АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж Монгол орны ирэх 20 жилд баримтлах бодлогоо тодорхойлно гэсэн. Энэ талаар таны байр суурийг сонирхоё?
-АН сайн эдийн засагч олонтой. Гэхдээ хөгжлийн бодлогоор” бичдэг нь ховор. Дээр нь Үндэсний хөгжлийн хорооныхны мэдлэг чадвар нэн дорой байна. Тэд 20 жил байтугай нэг жилийн дараахаа хэлж мэддэггүй. Иймд бас л хүсэж, мөрөөдөх биз. Зүй нь, АН хурлаа тогтвортой хөгжлийн тулгын гурван чулуу болсон эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэсэн гурван гол салбараар хийж ярьж чадах цөөн эдийн засагчид, эрдэмтдээс шууд урьж (онолын хурал урьдчилж хийх цаггүй болчихож, эсвэл урьд өдөр нь хийж болно) оролцуулж, зөвлөлдвөл ирэх 20 жилийн стратеги, тактикаа зөв дэвшүүлж болно. Дэлхийн эдийн засгийн хөгжлийн хаана нь Монгол Улс явж буйг харж чадвал зорилтоо томъёолж болно.
Ер нь АН Гүйцэтгэх зөвлөлөө өргөжүүлж, Бодлогын зөвлөлүүд байгуулах ёстой. Энэ талаар би “МАХН, АН-аа, Бодлогын бүтцээ байгуулна уу” гэж бичиж байсан www.mdc.mn хаягаар үзэж болно.
Ж.Солонго http://www.niigmiintoli.mn/
URL: