Фейсбүүкээр танилцаад хүний наймааны золиос болох дөхжээ /болсон явдал/
Миний амьдрал бараг Фейсбүүктэй нэлээн холбоотой. Яагаад гэвэл би хаана явж байгаа, хаана хооллож байгаагаа бас өнөөдөр болсон сонин жигтэй бүх л зүйлээ Фейсбүүктээ оруулдаг. Намайг Уянга гэдэг. Би 17н настай. Фейсбүүк дээр янз бүрийн л хүмүүс над руу юм бичдэг. Би тэр болгонд нь нээх хариу өгөөд байдаггүй л дээ. Харин нэг хүн над руу “сайн уу” гэж бичсэн. Би тэр хүний Фейсбүүк рүү байнга л орж зургыг нь үздэг. Тэр хааяа Фейсбүүкээ хаачихдаг болохоор ч тэр үү үгүйлэгдээд байдаг. Түүнийг над руу юм бичихэд би маш ихээр баярлаж хөөрч байлаа. Бараг баярласандаа болоод дотны хэдэн найзууддаа хүртэл хэлсэн гээд боддоо. Тэр үнэхээр царайлаг, бас их нүдэнд дулаахан залуу байсан. Магадгүй тэр надаас ах байх л даа. Надаа тэхдээ хамаагүй ээ. Тэгээд бид хоёр олон зүйлийн тухай ярьлаа. Тэр надаас “Хаана байдаг вэ” гэж асуухад би хотын төвд байдаг гэрийнхээ хаягыг хэлэхэд тэр “хөөх танай гэр манайхтай ойрхон юм байна шүү дээ” гэж хэллээ. Тасралтгүй хоёр цаг гаран чатласан болохоор ч тэр үү нэлээн бие биенийгээ мэддэг болсон юм. Тэгээд цаг нэлээн орой болсон болохоор би гарах гэтэл тэр надаас “дугаараа өгөөч” гэж асуусан юм. Би шууд өгмөөр байсан ч эмэгтэй хүн гэдгээ бодож жоохон их зан гаргах гэж байтал тэр “Би удахгүй хөдөө явах гэж байгаа тийм болохоор Фейсбүүк орж чадахгүй байх” гэж хэлэхэд нь өөрийн эрхгүй дугаараа өгчихлөө. Тэр “баярлалаа сайхан амраарай“ гэж хэлээд гарчихлаа. Би түүнтэй чатласан болохоор миний сэтгэл үнэхээр их баяр хөөрөөр дүүрэн унтсан юм. Долоо хоног өнгөрөхөд би түүнийг санаж эхэллээ. Тэр яагаад дугаарыг минь авсан мөртлөө ярихгүй байгаа юм бол гэж бодсоор гуниглан Фейсбүүкээ ширтэн суулаа. Удалгүй нэгэн танихгүй дугаараас:
-Уянга мөн үү?
-Тийм байна өөрөө хэн бэ?
-Аан би нөгөө Фейсбүүкээр танилцсан залуу байнаа. Санаж байна уу?
-Аан тиймээ санаж байна. Сайн уу?
-Сайн сайн… Чи завтай байвал байрныхаа гадаа гараад ирээч. Би гадаа чинь байна. Гэж хэлэхэд надад эвгүй санагдсан ч чадлынхаа хирээр гоёчихоод гараад очлоо. Харин очоод уулзахад зургыг нь харж байснаас арай жоохон өөр байсан юм. Тэгээд бид хоёр яриа өрнүүлэхэд тэрний хоолой бас яриа нь үнэхээр таалагдаж байлаа. Бид бүх л зүйлсээ ярьсаар нэг л мэдэхэд орой болчихсон бас нэлээн алхасан болохоор гэрээсээ нэлээн холдчихсон байсан юм. Тэрэнд би оройтсоноо хэлэхэд намайг хүргэж өгье гэж хэллээ. Бид хоёр манай гэр лүү алхаж явахад яг хажууд нэлээн том машин зогсоод дотроос нь гурван залуу бууж ирээд миний амыг таглаад машин руу оруулсан юм. Би үнэхээр их айж, айснаасаа болоод орилоход нэг том биетэй ах намайг чанга гэгч нь алгадлаа. Би чимээгүй болоод тэдний яриаг сонсоход хамгийн аймар нь надтай Фейсбүүкээр танилцсан залуу маань энэ хүмүүст намайг зуучлаж өгсөнийг мэдэж авсан юм. Үүнийг сонсоход миний уур, айдас, гомдол энэ бүгд зэрэг хүрэхэд би чанга гэгчээр орилсоор цонхийг нь онгойлгоод “Туслаарай” гэж чангаар хашгирлаа. Аз болж тэдний машины ардаас цагдаагын машин дагаж явахад тэр залуучууд бүгд сандран над руу хараад “Наад ө*****өө хая” гэж хэлээд намайг машинаасаа шидчихсан юм. Би шидүүлснийхээ дараа цаашаа юу болсоныг сайн санахгүй байна. Харин би эмнэлэгт сэрсэн байлаа. Ээж минь хажууд орыг минь дэрлэн унтаж байсан юм. Намайг боссоныг ээж минь зөнгөөрөө мэдэн сэрлээ. Ээж маань намайг тэврээд:
-Миний охин сэрчихэв үү? Бие нь яаж байна?
-Ээж би хэр удаан унтсан бэ?
-Гурав хоног…. За ээж нь эмийг нь аваад ирье. Гэж хэлээд байж байтал өрөөнд нэгэн цагдаа орж ирлээ. Тэр цагдаа над руу хараад:
-Сайн байна уу? Намайг мөрдөгч Жаргал гэдэг. Бие нь яаж байна…….. Чамайг барьцаалсан хүмүүсийг бид хайж байгаа. Удахгүй олдоно гэдэгт итгэлтэй байна
-Би нэг залуутай танилцсан юм. Тэр л намайг энэ хүмүүст зуучлаж өгсөн. Гэхэд тэр цагдаа цүнхнээсээ нэг зураг гаргаж ирээд надад үзүүлэхэд Фейсбүүкээр танилцсан залуу мөн байлаа.
-Чи энэ залууг хэлээд байна уу? Энэ хүн урьд нь хэд хэдэн удаа охидуудыг хүний наймаанд зуучлаж байсан байна лээ. Бид энэ залууг сэжиглээд байж байсан юм. Харин өчигдөр шөнө цогцосыг нь оллоо. Гэж хэлэхэд биений минь хамаг шар үснүүд босох шиг боллоо. Хүн гэдэг үнэхээр аймар юм даа. Бидний амьдралд олон л сайхан хүмүүс тааралддаг. Гаднаа сайхан харагдаж байгаа ч дотроо араатан мэт хүмүүс бидний нийгэмд өдөр ирэх тусам олширсоор л байна. Би тэр өдрөөс хойш хүнийг харагдаж байгаа царайнд нь биш ярьж буй яриагаар нь дүгнэдэг болсон юм. Ийм муухай зүйлс надаар төгсгөл болог…
www.ugluu.mn
URL: