ЦАГДААГИЙН ХЭРГИЙГ ЦАГААТГАЖ ИРГЭДИЙГ ЧАНГА ЯЛААР ШИЙТГЭДЭГ ГЭВ
Цагдаагийн байгууллагаас болж хохирсон гэх иргэд өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн жил болсон хэргийн талаар тэд сөхсөн юм. Ш.Жамъянсүрэн, Мөнгөнбаяр нарыг гудамжаар явж байтал согтуу цагдаа хажуугаар нь өнгөрчээ. Мөнгөнбаяр цагдаагийн мөрөнд санамсаргүй хүрснээс маргаж, уг хэрэг гарчээ. Бид хэвлэлийн хуралд оролцсон Д.Цэндсүрэнгээс хэргийн талаар тодрууллаа. Тэрбээр Ш.Жамъянсүрэнгийн ээж нь аж.
-Та бүхэн яагаад цагдаагаас болж хохирсон гэж яриад байгаа юм бэ. Тухайн үед ямар хэрэг болсон талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч болох уу?
-Манай хүү Ш.Жамъянсүрэн найзтайгаа Баянзүрх дүүрэгт явж байсан. Гэтэл манай хүүтэй хамт явсан Мөнгөнбаяр нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн эрүүгийн хэргийн мөрдөн байцаагчтай замд тааралдаад үл ойлголцох байдал үүсгэсэн юм билээ. Тэр цагдаа согтуу байсан болохоор хувцсаа тайлаад ‘Та хоёр ахыгаа зодож чадвал дээрэмдээрэй” гэж агсам тавьсан гэсэн. Согтуу цагдаа Мөнгөнбаяртай барилцаад авахаар нь манай хүү салгасан юм билээ. Хэн хэн нь шооконд орсон байх л даа. Манай хүү ч бас хувцсаа тайлчихсан байсан гэсэн. Тэгээд салаад явахдаа өөрийнхөө хувцсыг гэж андуураад цагдаагийн хүрмийг өмсчихсөн юм билээ. Ингээд цагдаагийн хувцсыг дээрэмдсэн хэрэгт орооцолдчихсон. Хамт явсан нь танхайн хэрэгтэн болж сүүлдээ бүлэг хэрэг болчихоод байна.
-Цагдаа нь аль дүүргийнх байсан юм бэ. Та нар яагаад өөрийнхөө хүүхдийг хохирогч гэж үзээд байгаа юм бэ?
-Тухайн үед 102 дуудаж асуудлыг шийдүүлээгүй. Согтуу цагдаа нь өөрийнхөө бичиг баримтыг үзүүлээд найз цагдаагаа дуудаж Баянзүрх дүүргийн IX хорооны цагдаагийн байранд хоёр хүүг аваачиж зодсон гэсэн. Ийм хэрэг болсон. Одоо 147-гийн хоёр гэсэн зүйл ангиар 461 дүгээр ангид хоригдож байгаа. Цагдаад зодуулснаас болоод манай хүү хамраа гэмтээсэн. Хамар нь битүүрээд хөндүүрлэж өвдөөд байгаа гэсэн. Гэтэл цагдаагийн хэргийг хэрэгсэхгүй болгох гээд байна.
-Шүүх хурал нь аль дүүрэгг болсон юм бэ?
-Шүүх хурал арваннэгдүгээр сард Баянзүрх дүүргийн шүүхэд болсон. Энэ хуралдаанаар цагдаа Болор-Эрдэнэ, Соёмбо нар Мөнгөнбаяр, Жамъянсүрэн хоёрыг зодсон нь тогтоогдсон. Түүнчлэн мөрдөн байцаагч Балдорж эрүү шүүлт тулгасан.
Үүнийг дахин шалгах ёстой гэсэн шийдвэр гарсан. Гэтэл дөрөвдүгээр сарын 7-нд Мөнгөнбаяр, Жамъянсүрэн хоёрыг гэнэт баривчлаад явсан. Цагдаа Болор-Эрдэнэ мэдүүлэгтээ хувцасныхаа халаасанд түрийвчтэй мөнгө байсан гэж мэдүүлсэн гэсэн. Манай хүү болохоор юу ч байгаагүй гэдэг. Гэтэл шүүх хурал дээр Болор-Эрдэнэ хувцасны халаасанд түрийвч байгаагүй, 300 гаруй мянган төгрөг сул хийсэн байсан гэж хэлээд төлүүлсэн. Хуулийн байгууллагад ажилладаг хүн байж өөрөө зөрүүтэй мэдүүлэг өгсөн байсан. Эхлээд Балдорж гэдэг мөрдөн байцаагч хэргийг мөрдсөн юм. Шүүх хурлын дараа бид энэ хүнийг солих хүсэлт гаргаж одоо Ганбаатар гэдэг мөрдөн байцаагч ажиллаж байгаа. Адилхан гэмт хэрэг хийсэн бол ял эдлэх хэрэгтэй биз дээ. Цагдааг болохоор зүгээр өнгөрөөгөөд бусдыг нь хориод байж болохгүй.
Б.ДОЛГОР /ӨДРИЙН ШУУДАН/
URL: