ДУУЧИН Ц.ХУЛАН: Охиноо би юугаар ч дутаахгүй учраас эцэгтэй нь уулзуулаад байх шаардлагагүй

ca9d9ef0d3667e70big1
Олон сайхан жүжгийн дууг амилуулан сонсогчдын хүртээл болгосон жазз дуучин Ц.Хулантай ярилцлаа.
-Таныг урлагийнхан олон хэлээр дуулдаг, чадалтай хоолойтой, сайн дуучин гэж үнэлдэг юм билээ. Урлагт хөл тавьсан үеэ дурсвал?

-Би I арван жилийг төгссөн. Тухайн үед Монголын Хүүхдийн ордны Ганчимэг багш дээр хичээллэдэг байлаа. Мөн олон уралдаан тэмцээнд оролцож байсан.  Одоогийн “Камертон”, “Номин талст” хамтлагийнхан болон дуучин Сокотой хамт уралдаанд оролцдог байсан. Эргээд харахад тэр үед хамт уралдаанд ордог байсан хүүхдүүд л рок попын тайзан дээр зогсч байна. Ингээд арван жилээ төгсөөд Дүрслэх урлагийн дээд сургуульд суралцаж, төгссөн. Мөн СУИС-ийн эстрадын дуу дуулаачийн ангид гуравдугаар курс хүртлээ суралцсан.
-Яагаад төгсч чадаагүй юм бэ?
-Яах вэ дээ, оюутан бүрт тодорхой нэг асуудал байдаг шүү дээ. Тэр үедээ удирдлагатайгаа муудалцсан юм. Багш нарын хувьд манай сургууль сайн. Харин Монголдоо ганц урлагийн сургууль гэгддэг СУИС-ийн удирдлагууд нь оюутнуудаа дэмжих тал дээр маруухан байсан. Одоо бол удирдлагууд нь солигдоод гайгүй болсон гэж сонссон. Түүнээс хойш  ямар нэгэн сургуульд сураагүй.
-Жазз стилиэр хүссэн болгон дуулаад байдаггүй. Энэ стилиэр дуулах болсон ямар нэг шалтгаан байгаа байх?
-Анх Мөрдорж гуай, Эрка багш хоёр намайг энэ стилиэр дуулахыг санал болгосон. Тэд жазз стиль ямар байх ёстойг өгүүлсэн ном авчраад “Чамд энэ стилийн дуунууд хоолойд чинь тохирох юм шиг байна” гэсэн юм. Тэгээд СУИС-ийн нэгдүгээр курсээс эхлээд багштайгаа бэлдэж эхэлсэн. Түүнээс хойш жазз стилийн уран бүтээл хийх гараа маань эхэлсэн гэхэд болно. Хоёрдугаар курсээс жазз хамтлагтай болсон. Хамтлагаараа хилийн чанад болон энд тэнд очиж, дуулаад тухайн үедээ мөнгөлөг оюутан байлаа.
-Таны дуулсан жүжгийн дуу болгон хит болоод байдгийн нууц нь юундаа байна вэ?
-Л.Балхжав ах өөрөө мундаг хүн. Олон дуучдад дуунуудаа өгдөг. Би өөрийгөө ганц удаа л магтчихъя. Сайн уран бүтээлчийн дууг сайн дуучин дуулвал илүү хүнд хүрдэг юм болов уу. Мэдээж ямар ч сайн дуу байсан муу дуулвал хүнд хүрэхгүй шүү дээ. Ер нь ялангуяа жүжгийн дууг үгээ тод хэлээд зүрх сэтгэлээсээ мэдэрч дуулах хэрэгтэй. Түүнээс биш зарим залуу дуучид шиг уянгалуулах гээд үгээ бүдэг хэлээд байвал утгагүй.
-Миний сонссоноор дуучин Ч.Цэлмүүнийг гадаад дуу дуулсаар байгаад монгол дуу дуулахаар үгээ хэлж чадахаа больсон гэж  шүүмжлэх хүмүүс байдаг юм билээ?
-Гэхдээ дуучны өөрийн гэсэн дуулах онцлог байдаг байх. Миний бодлоор Ч.Цэлмүүн Аделийн ч юмуу хуулбар шиг санагддаг. Хоолой нь өвөрмөц, гэхдээ зарим тохиолдолд хэтэрхий их маяг оруулаад байх шиг байдаг. Зарим дууг хэт уянгалуулахаар гадаад хүн ч дуулаад байгаа юм шиг үг нь огт ойлгогдохгүй болдог. Түүнтэй адил байх даа.
-Сүүлийн үед шинэ уран бүтээлчдийг төрүүлдэг тэмцээн уралдаан, төсөл их болжээ. Гэхдээ хоолойг нь биш царай зүс, бие хааг нь хараад л охидыг сонгон хамтлаг байгуулах, дуучин болгож байгаагаас рок поп урлаг хөгжихгүй байна гэж ярих юм. Энэ талаар та юу гэж боддог вэ?
-Гол нь тэр хамтлаг тууштай явж чадах уу, үгүй юу гэдэг нь л сонин байна. Үнэхээр дуучин болж чадах эсэх нь шалгуураар гараад ирнэ. Үеийн үед дуурсагдаж чаддаг хүнийг л дуучин гэнэ. Ер нь нэг тэмцээнд ороод ганц дуу дуулж, дүрсжүүлээд од болно гэдэг худлаа. Юм хийхгүй бол мартагдахдаа амархан. Тиймээс тэр хүн од гэж хэсэг хугацаанд дуудагдаж явна биз. Тэглээ гээд урлаг хөгжихгүй байна гэсэн зүйл байхгүй. Зарим нэг нь амьдралдаа ганц удаа ч гэсэн дуучин байж үзье гээд урлагт ордог ч хүмүүс байдаг. Гол нь мартагдах нь хурдан. Монголчууд нэг үеэ бодвол ам барих, өөрөө дуулах зэргийг ялгадаг болчихсон учраас шинэ хамтлаг дуучдыг чадвартай үгүйг нь дор нь мэддэг болсон. Харин тэр од гэдэг нэрээ улам дээшлүүлээд сайн уран бүтээл хийгээд явж байгаа жинхэнэ дуучид ч бас байна.
-Хэчнээн авьяастай, чадалтай байлаа гээд царай зүс муутай бол урлагийн хүн болоход хэцүү юм шиг ээ?
-Мэдээж урлагийн хүн олны нүдэн дээр байдаг учраас сайхан байх ёстой. Гэхдээ гадаад төрх, бие хаа сайхан байхаас гадна чадалтай сайн хоолойтой байх нь хамгийн чухал. Энэ бүгдийг хослуулдаг хүнийг дуучин гэж хэлнэ. Дэлхийн одод ямар байдаг билээ. Хаана ч, ямар ч тайзан дээр өөрөө амьдаар дуулж чаддаг, биеэ сайхан авч явдаг. Тэднийг л жинхэнэ дуучин гэнэ.
-Тэгвэл та жинхэнэ дуучин мөн үү?
-Би бол дуучин. Яагаад гэвэл 10 гаруй жил урлагт, ялангуяа жазз стилиэр дууллаа. Жаззыг одоогийн залуус тодорхой хэмжээнд сонсдог болсон. Би үүнд тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулсан гэж боддог. Жазз урлаг нэг хэсэг зогсонги байдалд орсон. Намайг дөнгөж оюутан, дуулж эхэлж байхад жазз урлагийг сонирхдог хүмүүс ховор байсан. Одоо бол дуулуулъя гэсэн хүсэлт их ирдэг. Тиймдээ ч БСШУЯ-аас анхны цомгийн баяр дээр минь жуух бичиг гардуулсан.
-Таныг дуучин Маралжингоотой адилтгадаг гэж сонсч байсан юм байна. Маралжингоо тантай эн зэрэгцэх дуучин мөн үү?
-Маралжингоо бол өвөрмөц хоолойтой сайн дуучин. Маралжингоо, Эгшиглэн хоёр бол залуусын төлөөлөл болсон номер нэг дуучид шүү дээ. Тэр ч утгаараа надад дуунууд нь таалагддаг. Өөрсдөө ч гэсэн зан чанарын хувьд дажгүй. Маралжингоо ч чадалтай, би ч чадалтай дуучин.
-Таныхаар одоо гарч ирж байгаа ирээдүйтэй чадалтай залуу дуучин хэн бэ?
-Одоо гарч ирж байгаа мундаг дуучид их байна. Энхзол гээд мундаг дуулдаг охин байна. Бас Агиймаа, түүний дуунуудыг сонсохоор Селин Дионыхтой ч төстэй юм шиг, хүчтэй хоолойтой дуучин. Эгшиглэнгийн хувьд өөрийнхөө хоолойд тохирсон дуунуудаа эвтэйхэн олоод дуулчихдаг. Харин хоолойны чадлаараа Маралжингоо яалт ч үгүй илүү.
-Шинэ хамтлаг дуучид таныг хүндлэхгүй байна уу. Байнга л бухимдах юм?
-Бидний үед ахмадуудаа хүндлэхээ мэддэг байсан. Миний хувьд насаараа учиргүй, хөгшрөөгүй ч гэсэн урлагт зүтгэснийхээ хувьд ахмаддаа ороод байх шиг байна. Ер нь сайн муу ч биднээс илүү зүйлийг хийчихсэн хүмүүсээ хүндэлж ядаж мэнд устай явж байх хэрэгтэй. “Сайн уу таны ажил сайн биз дээ” гээд хэлчихэд өөрөөс нь юм унахгүй л байх. Энэ бол нэг талаараа соёл шүү дээ. Шинээр гарч ирж байгаа хамтлагууд “Хэн илүү, чадалтай нь л хол явна. Ахмадуудаа хүндлэх хэрэг байна уу” гэх байр суурьтай ханддаг болсон.
-Тэгвэл тань дээр ирээд зөвлөгөө авч харилцаатай байдаг хамтлаг дуучид байдаг биз дээ?
-Анх “Гурван охин” хамтлагийнхан ирж байсан. “Яаж дотортой дуулах, харууд шиг нугалаа хийх вэ” гээд зөвлөгөө авсан. Мөн “Extacy” хамтлагийн охид ирсэн. Бас Монголоос хамгийн анх олон улсын хипхоп фестивальд явж байсан Женни байнга зөвлөгөө авдаг. Ер нь залуучууд зөвлөгөө авах гэхээр ахмадуудаасаа сүрддэг юм шиг. Намайг харахаар арай зөөлөн харагддаг юм байлгүй.
-Нээрэн та хип хоп дууны дахилт дуулж байсан юм байна. Хип хопт “урвах” ямар байв?
-Би ер нь өөрийгөө залуу гэж боддог шүү дээ. Өмнө нь альтернатив чиглэлийн хамтлагтай байж ч үзсэн. Хоёр жил дараалан “PlayTime”-д орж байсан. Намайг жазз дуулдаг болохоор хөгшин гэж бодоод байдаг. Гэтэл би залуусын сонирхдог бүх стиль рүү л явна. Би яагаад хип хоп дуулж болохгүй гэж.
-Залуу хүний хувьд гоо сайхны мэс засал хийлгэх бодол байдаг уу?
-Ер нь залуу мөн урлагийн хүний хувьд сайхан харагдъя гэж хэн ч бодно. Насан туршдаа онцгүй царайтай явах эсвэл мэс засал хийлгээд хөөрхөн болохын нэгийг сонго гэвэл сайхан болохыг л хүсэх байх. Сайхан болж, өөртөө анхаарал тавихгүй бол одоо үед бараг тэнэг эмэгтэй болох гээд байгаа юм биш үү. Намайг ер нь хүмүүс аль хэдийн мэс засалд оруулчихсан шүү дээ. Эрүүнээсээ хасуулсан, урууландаа силикон шахуулсан, хөх хийлгэсэн гээд л. Гэхдээ мэс засал хийлгэлээ гээд муудах зүйл байхгүй. Урлагийнхан маань бүгд л хийлгээд гоё сайхан болоод байна.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Танд ямар эр хүн таалагддаг вэ?
-Намайг чин сэтгэлээсээ хайрладаг. Сайхан сэтгэлтэй, ухаалаг, амьдралд хөлөө олоод явж чаддаг. Эмэгтэй хүнийг хүндэлдэг, боловсон, жентельмэн залуу таалагддаг. Харин бүдүүлэг талдаа, өнөөдөр уулзаад маргааш секс хийх бодолтой “хүү хаа” гэсэн залуус огт таалагддаггүй. Гайгүй царай зүстэй ч юм уу, дажгүй хувцасласан мөнгө төгрөгтэй гэдэгтээ бардсан залуучууд зөндөө л харагдаж байдаг. Гэхдээ амьдрал дээр эмэгтэйчүүд юу хүсдэг вэ гэхээр эр хүн шиг, хүчирхэг, жаахан их зантай, бага зэрэг онгироодуу, эмэгтэй хүнийг хүндэлдэг жентельмэн залууст бүгд л дуртай байдаг шүү дээ.
-Танд тийм хүн олдохгүй байна уу эсвэл та тоохгүй байна уу?
-Одоохондоо тийм бодол алга. Гэхдээ хааяа таалагдсан залуутайгаа танилцах үе байна аа. Найзууд маань танилцуулна. Яг сэтгэлд хүрэх эр хүн шиг хүн алга  байна. Эмэгтэй хүнийг жаахан охин болгож чаддаг, эзэрхэг, хүчирхэг залуус байдаг даа. Гэхдээ манайхан бөх гэж ойлгож магадгүй. Би бөх хүн ерөөсөө сонирхдоггүй. Яг сэтгэлд таарсан сайхан залуу тааралдахгүй л байна. Хааяа нэг болзоонд яваад хоолонд орохоор ярианаасаа эхлээд таалагдахгүй, бараг шоолсоор байгаад таардаг.
-Та охиныхоо аавтай холбоотой байдаг уу?
-Үгүй. Охины маань аав одоо гэр бүлтэй болсон. Анхнаасаа салахдаа охиноо өөр дээрээ аваад холбоогоо тасалсан. Охиноо би юугаар ч дутаахгүй учраас эцэгтэй нь уулзуулаад байх шаардлагагүй. Гэхдээ охины маань аав сайн хүн л дээ. Тэр хүн сайн явж байгааг охин бид хоёр гаднаас нь хараад явж байвал боллоо. Түүнээс биш заавал охиндоо мөнгө төгрөг өг гээд байх хэрэг байхгүй.
-Охин чинь таны хүчтэй хоолойг өвлөж авсан уу?
-Надаас хамаагүй илүү дуучин шүү. “Харанга” хамтлагийн Чука ах хүртэл сонсоод “Пөөх ямар өвөрмөц, саак хүчтэй хоолойтой юм бэ” гэдэг. Намайг хүчтэй хоолойтой гээд байдаг. Тэгсэн надаас илүү хүчтэй хоолойтой гэхээр бас овоо байгаа биз.
-Охиноо дуучин болгох уу?
-Дуучин болгохгүй. Хувцас загвар, дизайны  чиглэлийг сонирхоод байгаа. Гэхдээ сургуулиа төгстлөө хэд өөрчлөгдөхийг нь бас мэдэхгүй. Одоохондоо гадагшаа энэ чиглэлээр нь сургуульд явуулах бодолтой байна. Милан эсвэл Итали руу явуулна гэж бодож байгаа. Тэндээ сайн суралцаж ирээд Монголынхоо гоё охид залууст дэгжин хувцас хийж өгөөд байвал гоё шүү дээ.


URL:

Сэтгэгдэл бичих