Тэрбумтан салсан эхнэртээ 4,5 тэрбумыг өгнө

32_566b02d806f24c1f9a13a7656813fc50da5037a7Женевийн шүүхээс Оросын бизнесмэн Дмитрий Рыболовлевыг салсан эхнэртээ дөрвөн тэрбум швейцарь франк буюу 4,5 тэрбум ам.долларын нөхөн төлбөр өгөх ёстой гэсэн шийдвэр гаргажээ.

    Бүтэн зургаан жил үргэлжилсэн зарга ийн дуусч Францын хөлбөмбөгийн “Монако” клубийн эзэн, тэрбумтан Рыболовлев нийт хөрөнгийнхөө тэн хагасыг салалтын төлбөрт өгөхөөр болсон байна. Түүнээс гадна шүүх Рыболовлевын эхнэр Еленад 13 настай бага охиноо нэр дээрээ авахыг зөвшөөрч, Женевээс холгүй барьсан харшийг ч түүний эзэмшилд өгөхөөр шийдвэрлэжээ. Энэ нь Швейцарийн шүүхээр орсон гэр бүл салалтын хэргүүдээс хамгийн өндөр нөхөн төлбөртэй шийдэгдсэн нь болж буй гэнэ. Хэдийгээр анхан шатны шүүхээс гаргасан эл шийдвэрийг давж заалдах нь тодорхой ч нөхөн төлбөрийн хэмжээг үүнээс багасгаж тогтоохгүй гэдэгт нэхэмжлэгч тал итгэлтэй байгаа аж.

    Дмитрий Рыболовлев эхнэр Еленатайгаа 1987 онд гэрлэсэн. Тэд хоёр охинтой. Том нь Екатерина. Тэрвээр Нью-Йоркийн төдийгүй дэлхийн хамгийн үнэтэй 20 барилгын нэг Манхетанны “15 Central Рагк”-ын эзэн төдийгүй аавынхаа эзэмшдэг хөлбөмбөгийн “Монако” клубийн Удирдах зөвлөлд багтдаг. Мөн 2008 онд аав нь түүнд Скорпиос, Спарти гэж хоёр ч арлыг тэрбумтан Аристотель Онассисын ач охин Афинагаас 100 гаруй саяар авч өгсөн гэдэг. Грекийн эргээс баруун тийш Ионийн тэнгист байх Скорпиос арал хааш хаашаагаа км гаруй үргэлжлэх бөгөөд энд гурван орон сууц, нисдэг тэрэг буух талбай, дарвуулт завины зогсоол бий. Арлын жилийн зардал 1,5 сая евро хүрдэг.

    Тэрбумтны эхнэр нөхрөөсөө салах өргөдлөө сүүлийн хэдэн жилийн турш амьдарч буй Женевийн шүүхэд 2008 онд гаргажээ. Гэвч шүүхээр тэдний салалтыг албан ёсоор баталгаажуулж өмч хөрөнгийг нь хуваахаас өмнө Елена Рыболовлев дахин шүүхэд ханджээ. Гэхдээ нэг биш хэд хэдэн улсын шүүхэд хандсан гэнэ. Тэрбээр нөхөр нь өөрийн эзэмшилд байсан дэлхийд толгой цохидог калийн бордооны “Уралкалий” болон “Сильвините” тучынаг худалдсан нь гэр бүлийн бусад гишүүдэд хуулийн дагуу оногдох хувийг багасгах гэсэн оролдлого хэмээн буруутгасан байна.

    Тэрбумтан компанийнхаа хувьцааг худалдаад голдуу өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө худалдаж авсан мэдээлэл байдаг. Тухайлбал, Хавайд жүжигчин Уилл Смитээс байшин, Нью-Йорк болон Монакод 300 сая “ногоон”-оор пентхаус авчээ. Мөн тэрбумтан Дональд Трампаас тухайн үедээ хамгийн өндөрт тооцогдох ханшаар Флоридагийн Пальм бичид эзэмшил газар худалдаж авсан гэхчлэн үл хөдлөх хөрөнгөө арвижуулсан жагсаалт хөврөх гэнэ.

    Гэвч Швейцарийнхаас бусад шүүхэд Елена ялагдсан. Шүүх тэдгээр өмч хөрөнгийг нөхөр нь хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө, мөн заримыг нь өөртэй нь гэр бүл болохоос өмнө бий болгосон учраас захирч зарцуулах эрх нь Еленад биш Дмитрийд хамаатай гэдгээр шийджээ. Харин Швейцарийн шүүхээс 2010 онд Дмитрий Рыболовлевын хөрөнгөө захиран зарцуулах эрхийг хязгаарлаж байсан удаатай

    Нөхрөөсөө салах өргөдөл өгснөөсөө хойш Елена Рыболовлева таагүй үйл явдалтай нэг биш таарч байжээ. Киприйн Цагдаагийн газар түүнийг 25 сая долларын үнэтэй бөгжний хэргээр баривчилсан ч өдөрт нь сулласан бөгөөд цагдаагийнхны өгсөн мэдээллээр тэрбумтны экс эхнэрийг 2009 онд эл бөгжийг тур хугацаагаар зээлж авчихаад эзэнд нь буцааж өгөхийн оронд охиндоо дамжуулсан хэмээн буруутгасан байна. Хамгийн хачирхалтай нь уг бөгжийг түүний нөхөр уг хэргээс зургаан жилийн өмнө бэлэглэсэн, мөн хурууных нь хэмжээнд яг таарсан байдаг гэнэ. Гэтэл өөрсдийгөө бөгжний хууль ёсны эзэмшигч хэмээсэн зуучлагч сан нь уг зарга гарахаас ердөө хоёр жилийн өмнө байгуулагдсан гэхчилэн олон сэжигтэй асуудал гарч зохион байгуулалттайгаар хийсэн хэмээн таамаглахаар үйл явдлууд өрнөсөн ч тун удалгүй Елена Рыболовлеваг бөгжний хууль ёсны эзэмшигч гэдгийг тогтоосон баримт олдож эл хэрэг өндөрлөж байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих