Өр нэмэгдэх нь дээ, яадаг билээ…

index
Монгол Улсын гадаад өр тогтоосон хэмжээнээс даваад удаж байна. Гэтэл ахиад л бонд босгохоор ярилцаад эхэллээ. Тухайлбал, УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Ингэхдээ ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгасан юм.
Уг хуулийн төслийг боловсруулах шатанд ажлын хэсэг 550 тэрбум төгрөгийн бонд гаргах нь зүйтэй хэмээн үзжээ. Бондыг Хөгжлийн банкаар дамжуулан гаргана. Түүнийг “авлигажсан” хэмээн энэ өвлийн турш асуудал болгосон обьектуудыг санхүүжүүлэхэд,  дээр нь замын ажлыг гүйцэтгэхэд зарцуулахаар төлөвлөсөн байна.
Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар нар “550 тэрбум төгрөгийн бонд гаргах саналыг УИХ-ын Төсвийн байнгын хороо дэмжих нь хууль зөрчсөн үйлдэл болно” хэмээн эсрэг байр суурь барьж буйгаа илэрхийлэв.
Харин УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Царцаагдсан обьектын тал хувь нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дотуур байр байгаа тул ажлыг нь хийлгэх ёстой” хэмээн үзсэн юм. Улмаар санал хураалгахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь 550 тэрбум төгрөгтэй дүйх бонд гаргах нь зөв хэмээн үзэж, дэмжив.

Ч.Дорж

URL:

Сэтгэгдэл бичих