Явган зорчигч тээврийн хэрэгслийн огтлолцлыг багасгаснаар зам тээврийн осол бүурна

ЦАГДААЗам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарч энэ талаар холбогдох байгууллагууд болон дүүргүүдэд үүрэг өгсөн. Тэгвэл энэхүү захирамжийн хэрэгжилт Сүхбаатар дүүрэгт хэрхэн өрнөж байгаа талаар Тус дүүргийн Замын цагдаагийн тасгийн дарга Цагдаагийн хошууч Ц.Мягмарсүрэнтэй ярилцлаа.
-Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Үүний дагуу Сүхбаатар дүүрэгт ямар ажил хийгдэж байгаа талаар яриагаа эхэлье?
-Иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын А/87, Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/97 дугаар захирамжийн дагуу манай дүүрэг дээр ажлын хэсэг байгуулагдсан.
Энэ ажлын хэсэгт орсон хэлтсүүд маань нэгдсэн төлөвлөгөө гарган хамтран ажиллаж байна. Захирамж гарснаас хойш бид чамлахааргүй ажлуудыг амжууллаа. Зам тээврийн осол гэмтлийг бууруулах, замын хажууд гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа эрхлэж байгаа иргэдийг журманд оруулах, замын хаалт, тэмдэг тэмдэглэгээ хийх, замын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх гэх мэт нэлээд олон ажлууд төлөвлөгөөнд тусгагдсан байгаа.

-Тухайн захирамжинд иргэдийн зорчих хэсэг дээр зөвшөөрөлгүй баригдсан обьект болон хашааг буулгана гэсэн заалт орсон байсан. Энэ хүрээнд ямар ажлууд хийгээд байна. Ажил хийхэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээл юу байна?
-Энэ ажил дээр “Өмч газрын харилцаа”-ны алба маань сайн ажиллаж байгаа. Тухайн заалтын хүрээнд 32-н тойргийн баруун талд байсан таван обьектыг буулгасан. Энд түлээ нүүрс, тоосго, дугуй засвар гэх мэтийн үйлчилгээ явуулдаг обьектууд хамаарагдсан. Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс нь тухайн талбай дээр цаашид хийгдэх ажлын зураг хийгээд дуусч байна. Ингэснээр тухайн байршилд стандартад нийцсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, шат, цэцэрлэгжүүлэлттэй зэрэг иргэдэд зориулсан иж бүрэн тохижилтын ажил хийгдэх юм. Энэ хугацаанд Худалдаа үйлчилгээний хэлтэс зөвшөөрөлгүй элс хайрга, цемент худалддаг 50-иад тээврийн хэрэгсэлтэй иргэд, нөхөрлөлүүдийг нүүлгэн шилжүүлжзам талбайг чөлөөлсөн. Тэд явган хүний зам дээр зөвшөөрөлгүй үйлчилгээ явуулж, зорчих хэсэгт саад учруулдаг байсан. Мэдээж иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарна, энэ бүхнийг зохицуулаад шийдээд явж байна.

-Нийслэл болон дүүргээс замын хөдөлгөөний осол гэмтлээс урьдчилан сэргийлэх тал дээр олон ажлууд хийж байгаа. Гэтэл иргэдийн үүрэг хариуцлага арай дутмаг байгаад байх шиг санагддаг. Энэ тал дээр таны бодол?
-Энэхүү захирамжийн хүрээнд арай хоцрогдоод байгаа ажил гэвэл автобусны буудал дээрхи ТҮЦ-үүдийг буулгах ажил байгаа. Ер нь энэ ажлын зорилго бол иргэд рүүгээ чиглэсэн тэдний аюулгүй байдлыг хангах юм. Иргэд ойр орчимдоо чөлөөтэй зорчих хэрэгтэй шүү дээ. Гэтэл тэнд иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрх зөрчигдсөөр байдаг. Тухайлбал, хортой тос масло зэргийг иргэдийн амьдрах орчинд нь худалдаалж байсан. Харин захирамж хэрэгжиж эхэлснээр тухайн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь баталгаажиж байгаа юм. Тиймээс ч манай иргэд энэ ажилд сэтгэл хангалуун байгаа нь мэдэгдэж, бидний ажилд дэмжлэг үзүүлж байгаа.

-Тээврийн хэрэгсэл, явган зорчигч нарын хөдөлгөөнд саад болохгүй гэсэн үүднээс дээрхи арга хэмжээг авч байгаа гэлээ. Гэтэл тэнд олон хүний амьдрал ахуйтай холбоотой асуудал гарч ирнэ шүү дээ. Үүнийг хэрхэн зохицуулж өгсөн бэ?
-Тийм. Элс хайрга болон түлээ нүүрс зарж байгаа эдгээр иргэдийг нөгөө талаас нь аваад үзэхээр амьдрал ахуйтай нь холбоотой асуудлууд гарч ирж байгаа. Тиймээс ч тодорхой хэмжээний эсэргүүцэлтэй тулгардаг. Тэгэхдээ яриа ухуулга хийгээд ирэхээр иргэд маань маш сайн ойлгодог. Тэд буцаагаад биднээс нэгдсэн зохион байгуулалтай зөвшөөрөгдөх газрыг нь зааж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Түүний дагуу Өмч газрын харилцааны алба болон Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтсүүдтэйгээ хамтраад тодорхой хэмжээний зам талбайг нь шийдэж өгсөн байгаа.

-Бага насны хүүхдүүдийг тээврийн хэрэгслээр зөөвөрлөхдөө зайлшгүй зориулалтын суудал дээр тээвэрлэх ёстой байдаг. Гэтэл манайд эсрэгээрээ урд суудал дээр аваад явж байх тохиолдол их харагддаг. Түүнээс болоод бага насны хүүхдүүдийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөж байдаг шүү дээ. Энэ талаар?
-Энэ асуудал уг захирамжийн нэг зүйл заалт болоод орсон байгаа. Жолооч нартаа энэхүү ззахирамжийн хүрээнд шаардлага тавьж байна. Тодруулбал, хамгаалах бүс болон зориулалтын суудал хийж хүүхдүүдээ авч явахыг сануулдаг. Үүнээс болоод хүүхэд автомашины осолд орсноос эндэх явдал гарах болсон. Иймээс эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд бага насны хүүхдүүдээ аль болох зориулалтын суудалд авч явж байхыг уриалж байна.

-Ер нь зам тээврийн ачаалал болон хөдөлгөөний нягтралын хувьд Сүхбаатар дүүрэг ямар онцлогтой юм бэ?
-Манай дүүрэг төвийн дүүрэг учраас төв замууд олон байдаг. Мөн төрийн байгууллага аж ахуйн нэгжүүд ихээр суурьшсан байдгаас нэгдүгээр эгнээ болон авто зогсоолын асуудал маш их гардаг.

-Ажлын хэсэг байгуулагдаад маш олон ажлууд зохион байгуулж байгаа юм байна. Үр дүнг нь хзрхэн харж байгаа вэ?
- Дээрхи ажил бол зам тээврийн, осол гэмтлийг бууруулахад чиглэгдсэн ажил. Биелэгдэх тодорхой заасан хугацаагүй, бид хяналт тавьж сайжруулах ёстой ажил байгаа. Нэг талаараа төрийн байгууллагуудын хоорондын ажлыг илүү уялдуулж өгсөн
их харагдаж байна. Энэ ажилд гүүрэн байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээс сайжруулах гээд хоорондоо уялдсан олон ажлууд байгаа. Жишээлбэл, Чингисийн өргөн чөлөө буюу Төв шуудангаас урагшаа Энхтайвны гүүр хүртэл замын хоёр талаар хайсжуулж өгсөн. Ингэснээрээ зам дээгүүр явган гүйж осолд өртдөг явдал багасна гэсэн үг. Өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад явган явж байгаад осолд орсон хүний тоо 70-80 хувь багассан. Сүхбаатар дүүргийн хувьд урьд жилийн осол гэмтлийн шалтгаан нөхцлийг судлаад явган зорчигч дээрээ л анхаарч чадвал ослын тоо буурна гэж үзсэн. Тиймээс ч явган зорчигч, тээврийн хэрэгсэл хоёрыг аль болох огтлолцуулахгүй байх талыг баримталж ажиллаж байна.

-Гүүрэн гарцыг нэмэгдүүлж байж л явган зорчигч болон тээврийн хэрэгсэл огтлолцохгүй болох юм байна. Тэгэхээр явган хүний гүүрэн гарцыг нэмэгдүүлэх талаар ямар ажлууд өрнөж байна?
-Ер нь зам тээврийн ослын тоог цөөрүүлсэн, түүнээс шалтгаалж нас барьж буй иргэдийн тоог харьцангуй бууруулж чадсан хөгжилтэй орнуудыг харахад аль 1970 оноос эхлээд л хөдөлгөөн явган зорчигч хоёрыг огтлолцуулахгүй байх л арга хэмжээг маш сайн авч байсан юм байна лээ. Тэгэхээр одоогийн байдлаар дөрвөн газарт явган хүний гүүрэн гарц хийх шаардлагатай гэсэн судалгаа гаргаж, холбогдох газруудад хүргүүлээд байна. Тухайлбал, Монгол гуравдугаар сургууль буюу Авто плазагийн хойно, Зуун айл, долоон буудал орчим гэсэн газрууд багтаж байна. Эдгээр гарууд маань явган зорчигч мөргүүлдэг хар цэгүүд юм. Хар цэг гэдэг нь замын техник хэрэгсэл дутмаг байршлуудыг л хар цэг гэж байгаа. Манай дүүргийн хувьд явган зорчигчийн асуудалд анхаарч байж л замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжирна гэж харьж байгаа юм. Явган зорчигчид бүгд гэрэл дохио, гарцаараа гардаг хөдөлгөөнд соёлтой оролцдог болвол сайн байна.

-Явганаар зорчих иргэд маань замын хөдөлгөөнд соёлгүй оролцоод байгаа тал анзаарагддаг?
-Явганаар замын хөдөлгөөнд оролцдоггүй иргэн гэж байдаггүй. Хүүхдийг багаас нь л замын хөдөлгөөнд соёлтой оролцуулах дүрэм журмын талаар маш зөв хүмүүжил олгох хэрэгтэй. Нэгэнт л зөв ойлголттой хүүхэд хэзээ ч дүрэм зөрчиж осолд ордоггүй. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ зөв үлгэр дууриал үзүүлэх нь чухал. Өнөөдөр хүүхдээ хөтөлчихөөд улаан гэрлээр машины урдуур гүйх эцэг эхчүүд цөөнгүй байна. Энэ нь хэзээ ч байж болохгүй зүйл шүү дээ. Иймээс ч бид цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг амжилттай зохион байгуулсан байгаа.

М.ЯНЖИНЛХАМ /НИЙСЛЭЛ ТАЙМС/


URL:

Сэтгэгдэл бичих