Цагаан давааны там болсон замыг яах вэ?
Хэд хоног үргэлжлэн орсон хур тунадасны дараа Цагаан давааны хогийн цэг ТҮК-ийн машинууд очих аргагүй болжээ. Тэнд хүрэх замын шавар шалбааг нь дийлдэхгүй зарим нь замдаа сууж, нэг хэсэг нь Цагаан давааны хогийн цэг хүрэлгүй наад бэлд нь хогоо асгаад буцаж байна. Тэр хавийн айлуудын хашааных нь үүдэнд, гудамжинд гээд хогон овоо бослоо. Уг нь өнгөрсөн жил “Цагаан даваа”-ны хогийн цэгийг тохижуулахаар нийслэлийн төсвөөс нэг тэрбум төгрөг гаргасан байдаг. Хогийн цэг хүрэх 1.66 км хайрган хучилттай автозамыг барих тендер хүртэл зарлажээ. Гэтэл өнөөдрийг хүртэл зам барих ажил эхлээгүй байна.
Үүнээс шалтгаалан наана нь дахин нэг хогийн цэг үүсэх боллоо. Ойрын хэдэн өдөрт “Хогийн цэгтээ хүрч чадахгүй” гэсэн шалгаанаар тус дүүргийн хэд хэдэн хороод хогоо ачаагүй гэсэн мэдээлэл байна. “Хоггүй Улаанбаатар” болохын төлөө нийслэлийн удирдлагуудын зүгээс ногоон уутаа хүртэл шамдан тарааж буй билээ. Гэтэл хогийн цэгт хүрч чадахгүй гэсэн шалтгаанаар түүнийг нь ачихгүй байх нь хоггүй гэсэн тодотголд хүрэхэд томоохон саад болж байна. Мөн өнгөрсөн онд тус хогийн цэгийг тохижуулах нэг тэрбум төгрөгөөр чухам ямар бүтээн байгуулалт хийсэн нь тодорхойгүй. Тэнд хүрэх зам нь ч өөрчлөгдсөнгүй, эвдэрч хонхойсон байна. Одоо нийслэлийн томоохон дүүрэг болох Баянзүрхчүүд “Бороо цас орохоо болиосой. Хогоо асгах юм сан” хэмээн ярьж суух болжээ.
Тиймээс Хотын дарга та энэ асуудлыг анхааралдаа авч “Цагаан даваа”-ны хогийн цэг хүрэх хайрган хучилттай автозамыг ажлыг эхлүүлнэ үү. Тэгэхгүй бол дараагийн борооноор дахин тийшээ зүглэх аргагүй болох нь.
Т.БАТСАЙХАН
Зууны мэдээ
URL: