Д.Мөнхбаяр иргэншлийн асуудлаар дахин хандах боломжтой
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний газраас Гавьяат тамирчин Д.Мөнхбаярын иргэншлийн асуудалтай холбоотойгоор мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлдээ “Монгол Улсын Харьяатын тухай хуулийн дагуу хоёрдмол харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй тул ХБНГУ-ын иргэн Д.Мөнхбаярын иргэний харьяаллыг сэргээн тогтоохоос татгалзсан тухай мэдээлж байна. Д.Мөнхбаяр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны есдүгээр сарын 05-ны өдрийн 39 дүгээр зарлигаар Монгол Улсын харьяатаас гарсан.
Үүнээс хойш найман жилийн дараа буюу 2013 оны дөрөв дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын иргэний харьяаллаа сэргээн тогтоолгох тухай хүсэлт гаргасан байдаг. Түүнийг хянан шалгахад Газрын даргын 2002 оны 94 дүгээр тушаалаар баталсан Монгол Улсын иргэний харьяаллын асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах бичиг баримтын жагсаалтын дагуу баримт бичгийг бүрэн бүрдүүлээгүй. Харьяатын тухай хуулийн дөрөвдүгээр зуйлийн 4.2-т “Гадаад улсын харьяат нь Монгол Улсын харьяат болохыг хүсвэл тухайн улсынхаа харьяатаас гарсан байх шаардлагатай” гэж заасан шалгуур нөхцөл хангагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, ХБНГУ-ын харьяатаас гарсаныг нотлох баримт, эрх бүхий байгууллагын тодорхойлолт ирүүлээгүй юм.
Монгол Улс иргэний давхар харьяаллыг хуулиар хүлээн зөвшөөрдөггүй тул Д.Мөнхбаярын иргэний харьяаллыг сэргээхээс татгалзаж, түүний баримт бичгийг 2013 оны долдугаар сарын 19-ний өдрийн 3/1679 дугаар бүхий албан бичгээр буцаан хүргүүлсэн.
Д.Мөнхбаяр нь хуульд заасны” дагуу татгалзсанаас хойш зургаан сарын дараа Монгол Улсын харьяатаа сэргээн тогтоолгах хүсэлтээ дахин илэрхийлэх боломжтой.
Н.АЛТ /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL: