Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Албан тушаалтнуудын хэрэг замхарч алга болохгүй”
Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй уулзаж, цаг үеийн зарим асуултад хариулт авлаа.
-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргий, МИАТ гээд албан тушаалтнуудтай холбоотой сүүлийн үеийн томоохон хэргүүд юу болсон бэ. Энэ талаар тодорхой тайлбар өгөхгүй юу?
-Би хэргийн нарийвчилсан дотоод бүтцийг ярих боломжгүй. Хуулийн процесс өөрөө түвэгтэй бөгөөд удаан байдаг. Тиймээс удаан хугацаанд зарим зүйл бүрхэгдсэн юм шиг сэтгэгдэл хүмүүст төрж магадгүй л юм.
Албан тушаалтнуудын хэрэг хуулийнхаа дагуу шалгагдаж байгаа. Эдгээр хэргүүд замхарч алга болох байдал гарахгүй. Хууль зүйн яам, Салбарын сайдын зүгээс хууль сахиулах байгууллага тэр дундаа Мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж буй албан хаагчдад хөндлөнгийн нөлөөлөл оруулахгүй. Үүний тулд баталгааг бүрэн дүүрэн хангах байдлаар ажиллаж байна. Гэхдээ хэрэг шалгахад ямар нэгэн түвэг олон талаараа учирдаг л юм. Энэ бүх зүйлийг бид сорилт гэж харж байгаа. Түүнийг давж, ямар ч байсан шүүх дээр хэргүүдийг аваачна.
-”Эрдэнэт” үйлдвэр Хонконгд нууц нэрийн данстай гээд байсан нь юу болов?
-Одоогоор ийм нарийн мэдээллүүдийг миний зүгээс өгөх боломжгүй. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой хэрэг шалгагдаж байгаа. “Эрдэнэт” үйлдвэр, улсын өмчийн компанийг барьцаалж, зээл авсантай холбоотой асуудлуудыг цагдаагийн байгууллага шалгаж, прокурорт хэрэг үүсгүүлэхээр шилжүүлсэн. Прокурорын зүгээс албан ёсоор шийдвэр гаргаагүй л байна.
-Шүүхийн цогцолборын барилгыг хаана барихаар болсон бэ?
-Шүүхийн цогцолбор барилгыг барих тухайд бид газрын судалгаануудыг хийсэн. Улаанбаатар хотод шүүх, хуулийн үйлчилгээг хүртээмжтэй болгохын тулд иргэдэд ойр, үйлчилгээг нь бүрэн дүүрэн авах тэр газрыг бид сонгох ёстой байдаг. Гэтэл үнэндээ газрын наймаачид Улаанбаатарт нэг ч газар байхгүй болтол нь заржээ. Одоо болтол шүүхийн байшин барих газар бидэнд олдоогүй л байна.
-”Жаст” группийн захирал Ш.Батхүүтэй холбоотой хэрэг ямар шатандаа явна?
-”Жаст” группийн захиралтай холбоотой хэрэгт эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр прокурор руу шилжүүлсэн. Энэ хэрэг дээр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуул, цэгцэл гэдэг даалгаврыг өгсөн байгаа.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаярт уучлал үзүүлсэн. Хууль зүйн сайдын хувьд энэ талаарх таны тайлбарыг сонсмоор байна?
-Уучлал үзүүлэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал байдаг. Харин өршөөл үзүүлэх бол УИХ-ын мэдэх асуудал л даа.
Хууль зүйн сайдын хувьд Ерөнхийлөгчийн уучлал үзүүлж байгаа асуудал дээр тайлбар хийх эрх надад байхгүй. Хэнд ч уучлал үзүүлэх эрх нь Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгогдсон байгаа.
-Өршөөлийн тухай хууль сүүлийн жилүүдэд ойр ойрхон гарсанд хуульчид шүүмжлэлтэй ханддаг. Харин та Өршөөлийн хуулийг зөвтгөдөг байр сууринаас ханддаг хэвээр үү?
-Өршөөлийн хууль гарснаар ял завшиж байна гэж яригдах нь зүй ёсны хэрэг. Нөгөөтэйгүүр манай Эрүүгийн хууль иргэдийг шоронжуулсан учраас энэ нөхцөл байдлаас арилах нэг заавар болчихоод байна. Жишээ нь Финляндын Хууль зүйн сайдын хэлснээр тус улс таван сая хүнтэй, 3000 хоригдолтой юм билээ. Гэтэл манайх гурван сая хүнтэй мөртлөө 7000 хоригдолтой. Эргэцүүлээд харахаар хүнийг шоронд хийх нь сайн үйл биш. Гэхдээ гэмт хэрэг хийсэн хүнийг тусгаарлаж, хариуцлага тооцох ёстой. Гол нь гэмт хэрэг дахиад хийхгүй байх үйлчилгээг төр үзүүлэх ёстой. Монголын шорон бол гэмт хэрэгтнийг дахиад гэмт хэрэг хийхэд нь сургадаг сургууль болж хувираад байгаа юм. Жишээ нь, утас хулгайлж, сая төгрөгийн хохирол учруулсан 17 настай хүүхдийг шоронд хийх хэрэг байна уу. Тэр хүүхэд утас хулгайлаад шоронд орсон боловч маргааш нь машин хулгайлах хэмжээний “боловсрол”-той болоод гараад ирж байна шүү дээ. Энэ байдлыг бид эргэн харж, наанатай, цаанатай бодох ёстой.
Би лав өршөөлийн хуулийг буруутгаж чадахгүй. Иргэддээ өршөөл үзүүлэх, хариуцлага тооцох, ял оноох төрийн үүрэг боловч, өршөөх нь өөрөө мөн л төрийн үүрэг байдаг. Гэхдээ хэнийг өршөөхгүй вэ гэдгийг ялгаж, зааглах хэрэгтэй байгаа юм. Жишээ нь, авлигачдыг, хүчингийн хэрэгтнүүдийг, хүн худалдаалагчдыг өршөөмөөргүй байна.
-Эрүүдэн шүүх “яргаллын сандал”-ыг татах ажиллагаа одоо ч явагдаж байгаа гэсэн үү?
-Эрүүдэн шүүх сандлыг татах ажиллагаа явагдаж байгаа. Хүний эрхийн үндэсний комисоос эрүүдэн шүүх, мөрдөн байцаалтад хэрэглэхтэй холбоотой сандлыг Хууль зүйн яаманд ирүүлсэн. Үүний дагуу бид шалгалт явуулаад, өмнөх Засгийн газрын үед буюу Д.Сандаг-Очир гэдэг хүнийг Цагдаагийн ерөнхий газрын дарга байх үед тухайн сандлуудыг оруулж ирснийг тогтоосон. Энэ сандлыг мөрдөн байцаах үйл ажиллагаанд хэрэглэх талаараа Хууль зүйн яамнаас зөвшөөрөл авалгүйгээр тараасан асуудал хөндөгдсөн. Үүнтэй холбогдуулаад цагдаагийн тэргүүн, дэд даргыг ажлаас нь чөлөөлсөн, Зөвхөн үүнтэй холбогдуулаагүй. Мөн энэ сандлуудыг буцааж татаж ав, мэдээллээ буцаагаад өг. Яагаад энэ сандлуудыг хэрэглэхээр тараасан гэдэг дээр асуудал тавьсан. Хууль зүйн яамнаас асуудал хөндсөөр байтал Цагдаагийн ерөнхий газрын зүгээс прокурорт энэ сандлыг ашиглах талаар зөвшөөрөл авах хүсэлт явуулсан байсан. Тиймээс яамны бодлого болон хууль тогтоомж, олон улсын түвшинд Монгол Улсын нэр хүндэд санаатай юм шигээр таагүй ажил зохион байгуулсан учраас хариуцлага тооцсон. Сандлыг татаж авах ажил зохион байгуулагдаад дуусч байна.
Энэ асуудалтай холбоотай хариуцлагыг нэг даргатай тооцоод өнгөрөхгүй. Дахиад ийм алдаа гарахгүй байх нарийн дүрэм журмуудыг сайжруулна. Тухайлбал, иргэний эрх чөлөө, хязгаарлалттай холбоотой тоног төхөөрөмжийг хууль сахиулах байгууллагын дотор хэрэглэх шийдвэр гаргах гэж байгаа. Ингэхдээ зөвхөн Хууль зүйн яамнаас зөвшөөрөл авч гаргадаг дүрэм журам руу шилжинэ. Хууль зүйи яам болоод ардчиллын механизмын хяналтгүйгээр хэн нэгэн албан тушаалтан дур зоргоороо шийдвэр гаргах боломж хязгаарлагдна гэсэн үг.
-Намрын чуулганаар ямар хуулийн төслүүдийг өргөн барих вэ?
-Хууль зүйн яамны зүгээс 42 хуулийг өргөн барихаар төлөвлөсөн. Эхний найман хууль өргөн баригдаад зургаа нь батлагдсан. Хоёр хууль нь УИХ дээр хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа. Энэ намрын чуулганаар бид нарын Эрүүгийн хууль гэж ярьдаг. Гэмт хэргийн тухай хуулийг өргөн барина. Энэ бол маш том хууль. Намрын чуулганы бүрэн бүтэн хэлэлцүүлгийг авах байх. Намрын чуулганы сүүлээр Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэж ярьдаг процессын хуулиуд өргөн баригдана. Үндсэндээ энэ намар Монгол Улсын хэмжээнд хамгийн том дөрвөн хуулийг өргөн барих юм. Гэмт хэргийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Гэмт хэрэг, хянан шийдвэрлэх тухай хууль, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай энэ дөрвөн хууль дангаараа 50 хувийг эзэлдэг юм.
-МАН-аас удс орны эдийн засгийн байдал хүндхэн байгаа талаар мэдээлсэн. Эдийн засаг таагүй байх энэ байдал юунаас улбаатай вэ?
-Эдийн засаг таагүй байгаа юу гэвэл, таагүй байгаа. Энэ нь олон учир шалтгаантай. Эдийн засгийг босгож, мөнгө олж болох тэр салбарууд руу хөрөнгө оруулалт хийж болох байсан хөрөнгүүдээ бид улс төрийн амлалтаар тараагаад дуусчихсан. Өнгөрсөн дөрвөн жилийн тараасан мөнгөний деффект одоо гарч ирж байна.
Дээр нь хэт эх оронч, ашигт малтмалуудыг зөвхөн бид мэдэх ёстой гэж цээжээ дэлддэг хүмүүсийн гайгаар бид ашигт малтмалаар дамжиж хөгжил рүү хүрч болох гарц, цаг үеэ алдсан. Жишээ нь нүүрс зөөх байсан төмөр замаа тавилгүй таван жилийн хугацааг алдсан. Үүнээс болоод одоо бид нүүрсний өрсөлдөөнд ялагдлаа гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд очиж байна.
-Яагаад?
-Учир нь үнэтэй, зарж болох байсан үедээ бүх юмыг цоожилж, гацаачихаад тэрний тоглолтын үр дүнд одоо бол Орос л нүүрсээ зарж чадаж байна. Энэ бол нэг жилийн бодлогын тухайд биш, өнгөрсөн зургаан жил бид ямар бодлого явуулж байгаад эдийн засгаа боомилчихов гэдгийг эргэж харах ёстой. Мэдээж Чингэс бонд оруулж ирж байж дотоод мөнгөний эргэлтийг сайжрууллаа. Энэ мөнгө орж ирээгүй байсан бол эдийн засаг аль эрт нойл цэг дээрээ унах байсан.
-Хуульчдын холбоо байгуулахаар болсон талаар та мэдэгдсэн. Энэ холбоо ямар ач холбогдолтой вэ?
-Бид нийгмийн том хүлээлтэд хариу өгөхийн тулд Хуульчдын холбоо байгуулахаар болсон. Гол нь олон нийт, иргэдийн зүгээс хуульчдад хариуцлага алга гэдэг зүйлийг байнга давтан хэлдэг. Жишээ нь, өмгөөлөгч алдаа гаргахад түүнтэй холбоотой асуудлыг Өмгөөлөгчдийн холбоонд хэлж, гомдол гаргадаг. Гэтэл Өмгөөлөгчдийн холбоо нь өмгөөлөгчөө өмгөөлөөд дуусчихдаг. Шүүх, прокурор мөн адилхан ийм байдаг. Тийм учраас өөр өөрсдийгөө өмөөрдөг энэ тогтолцоонд бид цэг тавьдаг системийг бий болгох байдлаар Хуульчдын холбоог байгуулахаар болсон. Дээр нь тус холбоон дотор мэргэжлийн хариуцлагын хороог байгуулна. Мэргэжлийн хариуцлагын хороо өөрөө мэргэжлийн дүрмийн дагуу иргэдийн гомдол дээр үндэслэж, хуульчдын хянадаг систем рүү, орж ирж байгаа. Тэр хүрээнд хариуцлагын нарийн тогтолцоо бүрдэх юм. Хуульчдын хувьд хамгийн хүнд хариуцлага нь лицензээ алдах. Лицензээ алдсан хуульч хэзээ ч дахин мэргэжлээрээ ажиллах боломжгүй. Ийм өндөр хариуцлагатай болж байгаа учраас иргэдийн хувьд хариуцлагагүй гэдэг гомдол саналыг шийдвэрлэх механизм ажиллана гэсэн үг.
Дээр нь хуульчдын нэр хүндийн тогтолцоо ажиллаж эхэлж байгаа. Хуульчид мэргэжлийнхээ хувьд зэрэгцээ байгаа мэргэжилтнүүдээ шаардлага тавих боломж нээгдэх юм. Өнөөдөр шударга бус хуульчид байна гэж шүүмжлэл дагуулдаг. Хуульчид ч гэсэн өөрсдөө хэлдэг боловч тэр хүмүүстэй хариуцлага тооцох, эгнээнээсээ цэвэрлэх механизм ажиллаж чадалгүй өдий хүрсэн. Тэгэхээр Хуульчдын холбоо байгуулж байгаатай холбоотойгоор хариуцлага тооцохоос гадна амжилттай ажиллаж байгаа тохиолдолд мэргэжлийн нэр хүндийг өсгөх хэмжүүр болно. Одоо бол манайхаас бусад улс оронд гавьяат хуульч гэдэг цол байхгүй шүү дээ. Төр хуульчдыг үнэлдэггүй. Мэргэжилтнүүд өөрсдөө үнэлгээ тогтоодог. Энэ үнэлгээн дээр үндэслээд, жишээ нь шүүгчдийн томилгоо гэхэд хамгийн нэр хүндтэй хүн л шүүгч болох ёстой. Тэрнээс биш аль нэг улс төрчийг таньдаг, бүлэглэлд ордог, өөрийгөө сурталчилж чаддаг хуульч шүүгч болдог биш. Үнэхээр хүний эрхийн төлөө тэмцдэг, шударга ажиллаж чаддаг шалгуурууд нь тодорхой болоод эхэлнэ гэсэн үг.
-Тэгэхээр цаашид шүүгчийн томилгоонд Хуульчдын холбоо хөндлөнгөөс хяналт тавина гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Хуульчийн эрх зүйн тухай хууль батлагдсантай холбоотойгоор шүүгчид нэр дэвшигчдэд хуульчдын холбоо дүгнэлт гаргадаг систем тогтолцоотой болно. Тэр дүгнэлт нь энэ хүн бол мэргэжлийн ур чадвар, нэр хүндийн хувьд таарахгүй гэдэг дүгнэлт Ерөнхийлөгчид очлоо гэхэд тухайн шүүгчийг томилох эрхтэй субъект өөрөө Хуульчдын холбооны дүгнэлтийг хараад, “алдаатай, учир дутагдалтай юм байна. Би томилоход эргэлзэж байна” гэдэг байдлаар мэдээлэл өгөх бололцоо бүрдэх юм л даа.
undesten
URL: