ОХУ-ын Ерөнхийлөгчийг Монголд айлчлахыг урьж, визгүй зорчдог болох санал тавив
ШАНХАЙ. //ITAR-TASS/. Мягмар гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, хоёр улс хоорондын хамтын ажиллагааны асуудлууд, тэдгээрийн дотор тээврийн салбарын асуудлыг хэлэлцлээ.
“Өнгөрсөн үеэс өвлөж авсан томоохон сайн хамтарсан үйлдвэрүүд манай хоёр улсад бий. Манай хоёр улсын ирээдүй гэрэл гэгээтэй байна” гэж Путин уулзалтын эхэнд хэлээд, Монголын худалдааны түншүүд дунд ОХУ хоёрдугаарт эрэмбэлэгдэж буйг дурджээ.
Хоёр улсад цаашид олон салбарт, тэдгээрийн дотор төмөр замын тээврийн салбарт хамтран ажиллах боломж бий гэдэгтэй санал нийлж буйгаа Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлсэн. Тэрбээр Путинтай орос хэлээр ярилаа.
“Монгол Улс нь Хятад болон Оросын хооронд оршдог учраас төмөр зам болон бусад тээврийн хэрэгслээр дамжин өнгөрөх хамгийн богино зам юм. Харин одоо эдгээр боломжийг хэрхэн ашиглахад бид анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэж Ц.Элбэгдорж хэлэв.
Тээвэрлэлтээр дамжуулан энэ салбарт хамтран ажиллах гурван талын хэлэлцээр байгуулахаар бэлтгэж байгаа гэж тэрбээр мэдэгдэхийн сацуу “Улаанбаатар төмөр зам”-ыг байгуулах тухай 1949 оны хэлэлцээрт өөрчлөлт оруулахаар Монгол Улс ажиллаж буйг тэмдэглэв.
Үүнээс гадна, хоёр улсын хооронд визгүй зорчдог болох саналыг Монголын төрийн тэргүүн тавилаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг уулзалтын үеэр, “Таныг ирэх наймдугаар сард Монголд айлчлахыг урьж байна. Наймдугаар сарын хоёрдугаар хагаст байсан ч болох юм” гэж Ерөнхийлөгч Путинд хэлжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч ч мөн адил Монгол Улсын Ерөнхийлөгчийг Орост айлчлахыг урьсан байна.
Г.Доржханд montsame
URL: