Талийгаач нэг ухаан ороод дахин ухаан алдсан гэв
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газрын даргаар ажиллаж байсан Д.Амарсайхан энэ сарын 13-ны өдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаад амиа алдсан хэрэг гарсан.
Дээрх хэргийн талаар ШШГЕГ-ын дарга Д.Ядамдорж дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Түүний хэлснээр тухайн өдөр өмгөөлөгч нь уулзах хүсэлт тавьсан бөгөөд өмгөөлөгчөө хүлээж байхдаа ухаан алдан унасан тул үүрэг гүйцэтгэж байсан хянагч нь жижүүр эмчид мэдэгдсэнээр жижүүр эмч ирж, түүнд сэхээн амьдруулах яаралтай тусламж үзүүлэхэд хэсэг хугацааны дараа ухаан орж сэргээд, цөөн үг хэлээд дахин ухаан алдсан байна. Эмч нар шаардлагатай тусламжийг үзүүлсэн боловч түүний амьсгал, зүрх судасны үйл ажиллагаа сэргэлгүй нас барсан ажээ.
Мөн талийгаачид 2014 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс хойш цагдан хоригдох хугацаанд нийт найман удаа эмчийн үзлэг, хоёр удаа шинжилгээ хийж, хамгийн сүүлд тавдугаар сарын 11-ний өдөр давхар хариуцсан эмч үзлэг хийхэд түүний биеийн байдал хэвийн, ямар нэг зовиургүй байсан ба хоригдогчийн зүгээс эмнэлэгт хэвтэх, эмчилгээ үйлчилгээнд хамрагдах талаар ямар нэг санал хүсэлт гаргаж байгаагүй аж.
Түүнчлэн хоригдогч нас барсантай холбогдуулан Дотоод хяналт шалгалт, аудитын хэлтсээс албаны шалгалтыг явуулж байгаа бөгөөд шалгалтын дүнг үндэслэн буруутай алба хаагчид хариуцлага тооцох болно гэж мэдэгдлээ.
Нийтлэсэн: О.Энхмаа
URL: