Тайландад төрийн эргэлт гарлаа

5cc418940251cf0bigУрд шөнө тэртээ тэргүй байдал нэгэнт тогтворгүй байсан зүүн өмнөд азийн Тайланд улсад төрийн эргэлт гарсан нь өнөөдөр дэлхий нийтийн анхаарлыг татсан хамгийн халуухан үйл явдал болоод байна. Төрийн эргэлтийг тус улсын армийнхан хийсэн бөгөөд үйл явдал нэг шөнийн дотор буюу маш хурдан болж өнгөрчээ.

Тайландын армийнхан өнөө өглөө ард иргэдэд хандан хийсэн мэдэгдэлдээ “Манай улс орныг улс төрчдийн дампуурал, улс төрийн гүн хямрал идэж дууслаа. Тиймээс бид улс орондоо эмх журам тогтоохын тулд дайны цагийн хууль, онц байдлыг зарлахаас өөр аргагүй боллоо” хэмээн хэлсэн байна.

Армийнхан цэргийн эргэлт хийж, засгийн эрхийг гартаа авсны дараа нэгэн чухал шийдвэр гаргасан нь хэн нэгний эсрэг ямар нэгэн байдлаар хүч хэрэглэхгүй байхыг нийт армийнхаа бие бүрэлдэхүүнд зарласан явдал боллоо хэмээн дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнөө өглөөний мэдээлэлдээ онцолжээ.

Ийнхүү Тайланд хэмээх жижигхэн улсын үндэсний аюулгүй байдал цэргийнхний гарт шилжлээ. Зарим ажиглагчид цэргийнхэн төрийн эргэлт хийж, дайны цагийн онц байдал зарласан энэхүү үйл явдал нь Тайландад үүсээд байсан хурцадмал байдлыг улам дэвэргэж, дордуулснаас цаашгүй үйл явдал боллоо хэмээн үзэж байгаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлсээр байгаа юм.

Тус улсын нийслэл Бангкок хотын өнөө өглөөний дүр зургийг үгээр илэрхийлэх юм бол гартаа буу барьсан цэргүүд хотын хаа сайгүй холхиж, танкууд гудамжинд харагдана. Засгийн эрхийг гартаа авсан цэргийнхэн иргэдийг дуг нойрондоо дугжирч байх хойгуур бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Тодруулбал телевизийн бүх суваг, радио станцууд, болон сонин хэвлэлүүдийг хаасан байжээ. Засгийн газрын байр мөн адил цэргийнхний хатуу чанд харуул хамгаалалтаар дүүрчээ.

Тайландын хямралын товч түүх : 2006 оны 9 сард армийнхан ерөнхий сайд Таксин Чинаватраг албан тушаалаас нь огцруулсан

2007 оны 12 сард Таксин Чинаватрагийн нам засгийн эрхэнд гарсан

2008 оны 8 сард Таксин Чинаватра улс орноосоо зугатан гарсан

2010 оны 3-5 сарын хооронд Таксин Чинаватраг эсэргүүцэгчид эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулж, 90 хүний амь насанд хүрсэн

2011 оны 7 сард Ийнглик Чинаватра ерөнхий сайдаар сонгогдсон

2013 оны 11 сард Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөн гарсан

2014 оны 5 сард ерөнхий сайд огцрох шийдвэр гаргасан

Орчуулсан Б.Түвшин

Эх сурвалж: CNN.com

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих