Сурагчдаас мөнгө татсан “Дарма судар” компанийг шалгана
Монголын сурагчдын холбоонд эцэг, эхчүүдээс “Дарма судар” гэх компани хүүхдээс нь мөнгө татаад байгаа гомдол олноор иржээ. Тодруулбал, “Дарма судар” компанийнхан орон нутаг, дүүргийн сургуулиуд дээр очиж урлаг, спортын авьяастай хүүхдүүдийг оны шилдэг сурагчаар шалгарсан хэмээн өргөмжилж гэрийнхэнд нь дуулгадаг байна.
Шилдэг сурагч болохын тулд гэрчилгээ, батламж авах шаардлагатай, телевизээр сурталчилна гэж мөнгө нэхдэг тухай эцэг, эхчүүд ярьжээ. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сард тус компаниас “2013 оны 1000 шилдэг хүүхэд” аяныг өрнүүлсэн байна. Аяны хүрээнд шалгарсан хүүхдүүдийг номонд багтаана, Төрийн тэргүүнээс батламж гардана, нэгдсэн арга хэмжээнд оролцуулахыг дуулгаж нэг хүүхдээс дунджаар 100 гаруй мянган төгрөг татжээ. Мөнгөө өгсөн ч арга хэмжээнд оролцож, номоо авч чадаагүй хүүхэд олон байгаа гэнэ.
Тиймээс Монголын сурагчдын холбооноос хүүхдээр бизнес хийж байж болзошгүй хэмээн Нийслэлийн цагдаагийн газрын хүүхдийн байцаагч нарт ханджээ. Хүсэлтийн дагуу НЦГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсээс “Дарма судар” компанид шалгалт хийхээр болсныг эх сурвалж мэдээллээ.
Б.ЗАЯА /ЗУУНЫ МЭДЭЭ/
URL: