Сайн дураараа огцорчихвол гоё харагдана даа, дарга нараа
… БНСУ-ын Ерөнхий сайд Чун Хон Вон далайд живсэн “Севол” гатлага онгоцны ослын улмаас огцрох өргөдлөө албан ёсоор өгснөө олон нийтийн телевизээр ард түмэндээ дуулгалаа.
Тэрбээр “Би энэ тухай их бодсон, осол надаас шууд шалтгаалаагүй ч ингэх нь шударга явдал болно” хэмээн үзэж байна хэмээв…
… ОХУ-ын Тольятти хотын дарга Сергей Андреев сургууль, эмнэлэгт хийх бүтээн байгуулалтын ажил хугацаа алдан удааширсан нь өөрийнх нь бодлого шийдвэрээс шалтгаалсан хэмээн үзэж сайн дураар огцрохоор болжээ…
… Бээжин хотын дарга Го Цинь Лун Хятад, Японд урьд өмнө болж байгаагүй их аадар бороо орсноор үерийн гамшиг нүүрлэж, хүн үрэгдэж, хот тосгод сүйрсэнд өөрийгөө буруутган огцрох шийдвэр гаргажээ. Тэрбээр ард түмэн, улс орноо аюулаас сэрэмжлүүлэн хамгаалж чадаагүйнхээ төлөө уучлалт гуйжээ…
… Австралийн хамгийн том муж болох Шинэ Өмнөд Уэльсийн Ерөнхий сайд Берри 0 Фаррелл 3000 ам.долларын үнэтэй 1959 оны “Grange” дарс бэлгэнд авсныхаа төлөө албан тушаалаасаа огцрохоо зарлалаа …
… АНУ-ын Тагнуулын төв газрын тэргүүн Дэвид Петрэус гэр бүлээс гадуур харьцаатай байсан нь илэрснээс өөрийн хүсэлтээр ажлаа өгчээ…
Энэ бүхэн он цагийн хувьд өөр өөр ч хариуцлагаа ухамсарлаж мэддэг ёс зүйтэй албан тушаалтнуудын тухай олон олон мэдээллийн зах зухаас түүсэн цөөхөн хэд нь. Харин манайд энэ бүхэн хачирхаж унших мэдээ төдийхөн болохоос үлгэр авч дагаж дуурайх үйлдэл лав биш юм байна.
Өнөөдрөөс яг долоо хоногийн өмнө буюу энэ сарын 13-нд ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих төв албан ёсны нэрээрээ хорих 461 дүгээр ангид авлигын хэрэгт сэжиглэгдэн байсан Д.Амарсайхан нас барсан. Түүнийг Газрын тосны газрын даргаар ажиллаж байхдаа Хятадын компаниас их хэмжээний мөнгө авсан байж магадгүй хэмээн сэжиглэсэн манай хуулийнхан хэдэн он дамжин шалгаад ч буруутай эсэхийг нь тогтоож чадахгүй будилж суугаад аминд нь хүрсэн ч хариуцлага хүлээх ёс зүйтэй албан тушаалтан өнөөг хүртэл гарч ирээгүй л байна.
Хамгийн сүүлийн мэдээллээр эл хэргийн буруутнаар Урьдчилан хорих төвийн эмнэлгийн даргыг тодруулж байгаа бололтой юм. Түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай хууль хяналтынхан дуулгаж байна билээ. Уг нь энэ хэрэгт эмнэлгийн даргаас гадна олон хүн Монгол төрийн нэрийн өмнөөс хариуцлага хүлээх ёстой баймаар. Ёс зүй, хүн чанар гэж байдаг бол өдийд салбарын сайдаасаа эхлээд хэрэг үүсгэн шалгаж байна хэмээн сүржигнэж хүний амиар наадсан мөрдөн шалгагчдынхаа өмнөөс Авлигатай тэмцэх газрын дарга Н.Ганболд, хяналт тавьдаг гэх үүрэгтэй ч дарамтлахаас илүүг чаддаггүй прокурорынхоо өмнөөс Ерөнхий прокурор Д.Дорлигжав нь эс гэхэд Нийслэлийн прокурорын газрын дарга Б.Бат-Орших нь хуулийг гууль болгон хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн эл хэргийн хариуцлагыг хүлээн огцрох ёстой. Тэднээс ийм эр зориг гарвал жинхэнэ утгаараа гоё харагдах юм. Харамсалтай нь тэдний хэнээс ч ийм зориг гарахгүй бөгөөд хариуцлагын эцсийн цэгийг хэн хэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт л хатгана хэмээн тооцож, газрын дарга, хорих ангийн дарга, эмнэлгийн дарга гэсэн хэд хэдэн хурган даргыг түлхээд ам хаана хэмээн төлөвлөсөн байж магадгүй.
Эл хэрэг болсны дараа талийгаачийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам хэвлэлийнхэнд “Манай үйлчлүүлэгчийн бие тааруу байсан. Бие муутай хүн. Тийм болохоор хоригдсоноос нь хойш прокурор, шүүхийнхэнд заавал хорих шаардлагагүй, энэ хүн өвчтэй гээд өвчнийх нь онош болон түүхийг нь хуулбарлаад батлан даалтад гаргаж, эмчлүүлэх хүсэлтийг бид удаа дараа тавьсан. Мөн Хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн дарга Дарханбат болон талийгаачийг эмчлэгч эмч Отгонбаатар нарт энэ талаар мэдэгдэж байсан. Тэд “За ойлгож байна” гэж хэлж байсан атлаа дараа нь яагаад эмнэлэгтээ хэвтүүлж эмчлүүлэхгүй байгааг асуухад “Дээрээс хэвтүүлж эмчлүүлэх шаардлагагүй гэсэн чиг өгсөн учраас хэвтүүлэхгүй” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр нь өнгөрсөн баасан гаригт үйлчлүүлэгчийнхээ эрүүл мэндийн талаар дэлгэрэнгүй хүсэлт гаргаж өгсөн. Тархины хүнд хэлбэрийн өвчтэй байсан. Тэр бүхнийг нь хэлж ойлгуулсан.
Гэвч тангараг өргөсөн эмч нар үл тоосон. Шүүхээр хүний гэм буруутайг тогтоодог. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хуулийнхан дээрээс чиг өгсөн гэх үндэслэлээр эмч нар өвчтөнд эмчилгээ хийхгүй байна гэж байж болох уу. Тэр тусмаа хүнлэг ардчилсан нийгэмд ийм зүйл байж болохгүй биз дээ” хэмээн халаглаж байсан. Тэр ч бүү хэл Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч болон энэ хэрэгт хяналт тавьж байсан прокурор Сарангэрэл нарын хүмүүсийг нэр цохон буруутгасан. Учир нь хорих ангийн эмч нарын ярьснаар талийгаачийг эмчилж болохгүй, эмнэлэгт хэвтүүлэх шаарддагагүй гэх зааврыг тэд өгч байсан болж таараад байгаа юм.
Гэтэл уг хэргийн талаар прокурорынхон огт өөрийг ярьж буй юм билээ. Бараг л талийгаач өөрөө буруутай гэнэ. Сэжигтнээр шалгагдаж байгаа нөхцөлд өдөр бүр ирж бүртгүүлэхийн оронд эмчлүүлэх нэрээр Солонгос явчихсан байсан учраас цагдан хорих арга хэмжээ авахаас аргагүй байсан маягийн тайлбар хийхээр зэхэж буй сурагтай. Авлигынхан ч үүнтэй агаар нэг зүйлийг ярина. Хэн хэн нь уснаас хуурай гарах аргаа хэдийнэ олчихсон л суугаа. Тэгээд ч манайд сүүлийн үед авлигын хэрэг гэх нэрээр улс төрийн өшөө авалт өрнөж байна уу даа гэхээр үйл явдал ар араасаа гарсаар л байгаа. Н.Энхбаяртай хамаатай байж болох нэрээр баахан бизнесмэнийг барьж хорьсон. Тэднийг ч мөн он дамжуулан, хорих хэсүүлэн хорьж шалгасан ч хэргийнх нь өнгө өөрчлөгдөж авлигын хэрэг нь татвар дутуу төлсөн ч гэдэг юм уу тэс ондоо зүйл болон хувирсан тохиолдол олон гэдэг. Хэрэв шалгуулж байх үедээ хуулийн нэр барьсан дарангуйлагчийнхаа хэлснээр байж нэхсэн мөнгийг нь өгчихөж чадвал тэгсхийгээд хэрэгсэхгүй болдог тухай яриа хөөрөө ч бий. Харамсалтай нь үүнийг үнэн гээд батлах, өгч авалцсаныг нь нотлох баримт байдаггүй. Хэрэв мөнгө өгөөд асуудлаа зохицуулснаа ам алдаад хэн нэгэнд хэлчихвэл буцааж аваачаад хорих эрх мэдэл нь хуулийнханд байгаа учраас айдаг ч биз. Тиймээс далд сүлжээнд нь оролцохгүй, нэг үгээр төлбөр хийхгүй хэмээн гүрийсэн хэсэг нь ясаа цайтал шоронд сууж эцэст нь амиа алдахдаа хүрч болохыг талийгаач Д.Амарсайхан харууллаа ч гэлцэж байна.
Одоо мөдхөн араас нь “Жаст”-ын Ш.Батхүү орох вий гэх болгоомжлол ч олон хүнд байсан. Учир нь түүнийг хорих 461 дүгээр ангид хориод есөн сарын нүүр үзэж буй. Энэ хооронд хууч өвчин нь сэдэрч, шинээр өвчин нэмж аваад сүүлдээ хөл, гарын хуруу нь үхжиж эхэлсэн нэг үгээр эрүүл мэнд нь ноцтой байдалд орсон гэнэ. Азаар хорихоос шилжүүлж Клиникийн нэгдүгээр эмнэлэгт хүргэсэн, яаралтай мэс засал хийхээр болсон тухай хэвлэлд мэдээлсэн байна билээ. Бүхэл бүтэн есөн cap хорьж шалгаад тогтоож чадахгүй ямар хэрэг байдаг юм бол. Эсвэл хуулийн байгууллагынхны хуудуутай ажиллагаанаас үүдэж ийм зүйл болоод байна уу гэдгийг анхаарч шалгах цаг болсон баймаар. Ийм зүйлийг хийж чадахгүй бол шинэчлэл ярьж худлаа цэцэрхэх хэрэг ч байхгүй гэдгийг энэ төрийн толгойд буй эрхэм томчуудад сануулахад илүүдэхгүй нь.
URL: