Мөнгийг цэмбэ хоргойны өөдсөөр арчиж цэвэрлээрэй
Эрдэнийн чулуу, үнэт эдлэлийн өнгөн хэсэгт үхэжсэн эс, тос наалдсанаас тодорхой хугацааны дараа өнгөө алддаг.
Иймээс цэвэрлэж сэргээж байх шаардлагатай. Эрдэнийн чулуу, үнэт эдлэлийг цэвэрлэх энгийн зөвлөгөөг “Бриллиант” дэлгүүрийн менежер Ш.Энхсаруул та бүхэнд хүргэж байна. Энэ аргууд таны хүссэн үр дүнг өгөхгүй бол зориулалтын үнэт эдлэл цэвэрлэдэг шингэн бодис шингээсэн алчуураар арчиж болно. Гялалзуулагч бодис хир толбыг арилгахгүй бол чийгтэй зөөлөн алчуураар арчаарай.
Алт
Маш хурдан өнгөө алдан бүдгэрч, өнгөр тогтдог. Савантай бүлээн усанд хийж шүдний сойзоор цэвэрлэнэ. Хэрэв өнгө орохгүй бол алт өнгөлөгч зориулалтын бүтээгдэхүүнээр арчих хэрэгтэй.
Мөнгө
Гялалзсан өнгөнд нь эргүүлж оруулахын тулд цэмбэ, хоргойны өөдсөөр арчдаг. Кальци агуулсан содоор арчдаг арга ч бий. Ингэхийн тулд 500 гр усанд нэг халбага хүнсний сод хийж уусгана. Шилэн эсвэл паалантай аяганд цэвэрлэх зүйлээ хийгээд дээр нь савангийн уусмал хийж таглаад таван минут сэгсэрнэ. Эдлэлээ гаргаж ноосон даавуун дээр тавьж усыг шингээнэ.
Цагаан алт
Бат бөх чанартай тул арчилгаа шаарддаггүй. Савантай халуун ус эсвэл алт цэвэрлэгч зориулалтын бодисоор арчихад л хангалттай.
Сувд
Өөрөө чамин байдлыг илтгэдэг болохоор тохирох арчилгаа шаардагдана. Сувд бөөрөнхий учир халтартахгүй, харин торгомсог утас нь амархан бохирддог. Ийм болохоор сувдан зүүлтний утсыг гурван жилд нэг удаа шинэчилж бай.
Хатуу эрдэнийн чулуу
Алмазыг болгоомжтой цэвэрлэж байх хэрэгтэй. Цэвэрлэгч шингэнийг халуун усанд хийгээд шинэ сойзоор хар толбыг цэвэрлэнэ.
Арчилгаа шаарддаг эрдэнийн чулуу
Маргад эрдэнийн чулуу ус тогтоодоггүй тул цэвэрлэхэд хэцүү. Тэгш гадаргуутай болгохын тулд зориулалтын тосонд хийгээд тэгшилж толигор өнцгүүд гаргана. Шингэн бодисоор цэвэрлэхийг хориглодог тул мэргэжлийн хүнд хандаарай. Зарим үнэт эдлэл шингэн бодист тэсвэргүй байдаг тул мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах хэрэгтэй.
URL: