Арван жилийн хугацаанд хориход 210 хүн нас баржээ
Сүүлийн арван жилийн судалгаагаар хорих байранд амь насаа алдсан хүний тоо 210-т хүрчээ. 2005 онд хамгийн олон буюу 35 хүн хориход нас барсан бол 2012 онд хамгийн цөөн буюу 12 хүн амь насаа алдаж байжээ. Тэдний дийлэнх нь сүрьеэ, зүрхний шигдээс, бөөрний дутагдал зэрэг өвчнөөр амиа алдсан байна. Тиймээс хорих байгууллагуудыг олон улсын стандартын шаардлагад нийцүүлэхийн тулд хууль, шүүхийн шинэчлэлийг цаашид шат дараатайгаар авч хэрэгжүүлнэ гэдгийг УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар нар хэллээ.
Д.Ганбат гишүүн хорих “461 дүгээр ангид хоригдож байгаад амь насаа алдсан Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан эмнэлгийн тусламж авч чадаагүй хэргийг холбогдох хууль, хяналтын байгууллага шалгаж байна. Ер хорих байгууллагад хүний эрх зөрчигдсөөр байгаа. 2014 он гарсаар таван хүн хорих байранд амь насаа алдсан тохиолдол гарсан байна. Цаашид Гэмт хэргийн тухай хууль, Гэмт хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулиудыг батлуулж хүний эрхийн асуудлыг цэгцэлнэ” гэлээ.
ӨДРИЙН ШУУДАН
URL: