Б.Батжаргал: Улсын өрийн тодорхойлолтоос зарим зүйлийг хассан байна
Өрийн удирдлагын босгыг 70 хувьд хүргэх тухай сүүлийн үед ярих боллоо. Энэ талаар эдийн засагч Б.Батжаргалаас зарим зүйлийг тодрууллаа.
-Өрийн удирдлагын босгыг 40 биш 70 хувь болгохоор яриад байна. Энэ нь хэр зохистой харьцаа вэ. ДНБ-ий 70 хувьтай тэнцэх хэмжээний зээл авахад эргүүлээд төлөх баталгаа бий юу?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол төрийн санхүүгийн харилцааг зохицуулж байгаа суурь буюу шүхэр хууль бөгөөд түүнд суурилан Төсвийн тухай хуулийг шинэчлэн найруулж, батлан мөрдүүлсэн. Төсвийн тухай хуулийн 48-р зүйлд өрийн удирдлагын процессын асуудлыг зохицуулсан Өрийн удирдлагын тухай хуультай байна гэж заасны дагуу энэ хуулийн төсөл УИХ-д өргөн баригдсан. Ийнхүү өргөн барихдаа суурь хууль болох Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар зохицуулж байсан улсын өрийн харьцааг энэхүү процессийн хуульд оруулж ирсэн юм. Дотоодын нийт бүтээгдэхүүнд харьцуулсан Улсын өрийн хэмжээ 40 хувиас хэтрэхгүй байхаар заасан нь өнөөгийн үнэ цэнээр тооцох зохицуулалт юм.
Засгийн газар Чингис бондыг гаргахын өмнөхөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулж “улсын өр”-ын тодорхойлолтоос Төр, хувийн хэвшлийн түншлэлийн өглөгийн дүнг хассан байсан. Энэ бол аль ч улсын өрийн хэмжээнд бүртгэгдээд явах ёстой өглөгийн дүн. Гэтэл сая өргөн барьсан Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн хүрээнд дахин “улсын өр”-ын тодорхойлолтоос Засгийн газрын баталгаа, Улсын үйлдвэрийн өрийг хасахаар тусгаад оруулж ирсэн байна. Ийнхүү тодорхойлолтоо нимгэлэх нь нэрлэсэн үнээр илэрхийлэгдсэн Монгол Улсын өнөөгийн өрийн хэмжээг бага харагдуулж, шинээр их хэмжээний зээл авахаар тооцож байгаа юм уу гэж бодоход хүргэж байна. Хэдийгээр улс орон хөгжлийнхээ гараанд ихээхэн хэмжээний зээл авч хөгждөг боловч авсан зээлээ өнгөрсөн 1-2 жилд зарцуулсан байдлаар явбал эдийн засгаа хөгжүүлэх бус уруудуулахад хүргэж болзошгүй юм.
Монгол Улс цөөн хэдэн ашигт малтмалаас хамаарсан хөдөө аж ахуйд суурилсан эмзэг эдийн засагтай учир өрийн хэмжээг ДНБ-ий 40 хувиас хэтрэхгүй байхаар тогтоох бодлого батлагдсан. Жилээс жилд эдийн засаг өсөхийн хэрээр ДНБ-ий хэмжээ нэмэгдэж энэ хэмжээгээр Монгол Улсын шинээр авах өрийн хэмжээ нэмэгдэнэ гэж тооцсон. Харин эдийн засгийн суурь дэд бүтцийг (төмөр зам, цахилгаан станц, газрын тос боловсруулах үйлдвэр) бий болгоход зориулан өрийн хэмжээг 60 хүртэл нэмэгдүүлэх заалтыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан байгаа. Товчхондоо, дахин шинээр зээл авбал хуульд заасан зориулалтаар зарцуулах шаардлагатай.
-Эндээс харвал одоогийн яриад байгаа 70 хувь гэдэг нь өрийг бууруулах гэж байгаа гэсэн үг болж байна уу?
-Тэгэхээр улсын өр гэдэг тодорхойлолтоос Засгийн газрын баталгаа, Улсын үйлдвэрийн өр хоёрыг хасахаар 40 хувьд хүрнэ. Тиймээс 70 хувь хүртэл өр тавьж болно гэж хэлэх гээд байгаа юм. Хуулийн төслөөс харахад одоо байгаа өрийн хэмжээнээс багаар нэмэгдүүлэхээр оруулж ирж байгааг нь гайхсан боловч өрийн зарим хэсгийг өр гэж үзэхгүй гэснээрээ шинээр их хэмжээний зээл авах боломжийг бүрдүүлжээ гэж харж байна. Төвбанк энэ хоёр заалтын талаар ярьж байгаа гэж сонссон. Энэ маш зөв асуудал. Ер нь өрийн хязгаарыг хэд болгох, гаднаас хэдэн төгрөгийн өр оруулах гэж байгаа нь чухал биш. Хамгийн гол нь юунд зарцуулах гэж байгаагаас үр дүн гардаг юм.
-2016 онд Хөгжлийн банкны өр, 2017 онд Чингис бондын мөнгийг төлж эхэлнэ. Гэтэл төсвийн гадна зарцуулчихаад төсвөөс төлөх гэж байгаа нь зөв үү?
-Юуны өмнө Чингис бондыг хуулийн дагуу төсөвтөө тусгаад явах нь зөв байх. Чингис бонд нь Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс гаргасан учраас төсвөөс буцааж төлөх нь зүйн хэрэг. Харин Хөгжлийн банкны тухайд өр төлбөрийг тус банк хариуцан барагдуулах хуулийн зохицуулалттай. Дашрамд хэлэхэд сүүлийн үед өрийн хэмжээ Америк, Япон, Англи зэрэг улсууд 100 хувьтай байдаг, манайх 40 хувь гэж байгаа нь бага гэж яригдаж байна. Гэтэл тэдгээр улсын санхүүгийн актив нь манай улстай харьцуулашгүй өндөр бөгөөд олон зуун жилийн туршид өрийн хэмжээ нь нэмэгдсээр 100 хувьд хүрсэн. Гэтэл бид 2-3 жил тутамд 30-40 хувиар нэмэгдүүлэх гээд байна. Тухайн үед төсвийн тогтвортой байдлын тухай хуульд богино хугацаанд өр тавиад гурван жилийн хугацаанд буцааж төлөх цонх гаргаж өгч байсан. Тэр нь 40, 50, 60, 50, 40 гэсэн шатлалтай. Түүнийг тухайн үед ашиглаж чадаагүй. Уруудах үед нь хөгжлийн банкны бонд гаргасан бол дуусах үед нь 1.5 тэрбумыг босгосон юм. Гэхдээ Чингис бондын хөрөнгийг хуулийн дагуу удирдаж, зарцуулаагүй нь бодлогын алдаа гэж боддог.
-Чингис бондын хөрөнгийг яагаад буруу зарцуулсан гэж та бодож байна вэ?
-Төсвийн тогтвортой байдлын хууль дээрээ юунд зарцуулах вэ гэдгийг заасан. Тухайлбал, цахилгаан станц, төмөр зам, газрын тос боловсруулах үйлдвэр, экспортыг дэмжих үйлдвэрт зарцуулна гэсэн байгаа. Эдгээрийг босгож чадвал манай улсын хөрөнгө шингээх чадвар нэмэгдэж хэчнээн ч хэмжээний мөнгө гаднаас орж ирсэн инфляц болж шатахгүй болно гэсэн үг юм. Энэ үед макро эдийн засгийн үндсэн тэнцвэрүүдийг эвдэхгүй. Гэтэл гаднаас авсан зээлээрээ богино хугацаанд үр ашгаа өгөхгүй орон сууц, авто зам зэрэг олон хөтөлбөрт тарааж зарцуулж, төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлсэнээр төгрөгийн ханшийг 30 хувиар унагалаа.
-Эдийн засаг хүнд үед төсвөө таная, тэр мөнгийг нь тогтворжуулалтын санд оруулъя гэж байгааг та юу гэж харж байна вэ?
-Мөнгөний хэмжээ ба эргэлдэх хурд нь үнийн төвшин болон үйлдвэрлэлтэй тэнцүү. Зах зээл дээр гаргасан мөнгөний хэмжээ үйлдвэрлэж буй баялагтай тэнцүү байх ёстой. Эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлтийг хэт тэлснээс ханш унасан. Төсвөөс гадуур Чингис бондын хөрөнгийг зарцуулсан нь ханш унах шалтгаан болсон. Мөн төсөвт тусгаагүй нь хууль зөрчсөн үйлдэл. Хийх ёсгүй зүйлээ хийчихээд оронд нь төсөвт байгууллагуудын төсвийг таная гэж байгаа нь маш буруу. Үүнд хэн өртдөг вэ гэвэл батлагдсан төсвөө арай ядан хүргэх гэж байгаа байгууллагууд. Уг нь төсвийг танахдаа тэгшитгэж бус онцлогийг харгалзах нь зүйтэй. Тухайлбал, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллага, боловсрол, цагдаа зэрэг олон байгууллагууд хамрагдана. Энэ нь арай ядан хүрч байгаа зардал нь багасана гэсэн үг. Үүний цаана энгийн иргэн хохироод үлдэх уршигтай. Зүй нь хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрөөсөө хэрэгтэйг нь авч үлдээд хэрэггүйг нь хасах ёстой юм. Тэгэхгүйгээр төсвийн зарлагыг хувь тогтоож тэгшитгэн бууруулах нь зохисгүй юм.
-Тогтворжуулалтын санд байгаа мөнгөөр бондын өрийг дарах тухай ярьж байна?
-Манай төсвийн орлогын 50 орчим хувь нь ашигт малтмалын үнээс хамааралтай. Тухайлбал, зэсийн үнэ буурвал төсвийн орлого буурна. Энэ нь эдийн засагт нөлөөлдөг байлаа. Тэгэхээр нь зэс болон нүүрсний үнийг тогтворжуулж өгсөн. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр 8000 ам.доллар байвал төсвийн төлөвлөгөөнд 4000-аар авна. Энэ үед зэсийн үнэ 6000 болж буурахад төсөвт нөлөөлөхгүйгээр барахгүй илүү 2000 нь тогтворжуулалтын санд орж байдаг юм. Үүнийг төсвийн тогтвортой байдал гэж нэрлээд байгаа. Энэ сангийн мөнгийг төсвийн орлого бүрдэхгүй сандрах үед төсөв рүү татаж зарцуулдаг хамгаалалт гэсэн үг. Эдийн засгийн 40-50 хувийг нь тогтвортой байлгаж байгаа үндсэн бодлогынхоо хэрэгслийг өрөө дарахад зарцуулах гэж байгаа бол сандарсан үедээ хэрэглэхээр хадгалсан хөрөнгөө хайр гамгүй зарцуулж байна гэсэн үг юм.
Зууны мэдээ
URL: