Үр дүнгүй зуны амралт

Энэ оны хичээлийн жил дуусч зуны амралт эхлээд нэлээд хэдэн хоног өнгөрлөө. Харин хүүхдийн амралт эхлэнгүүт эцэг эх нь тэднийг хараа хяналтгүй үлдээх аль эсвэл насанд хүрээгүй хүүхдээ  хөдөлмөр эрхлүүлэх гээд олон асуудал гарч ирдэг. Зуны амралтанд зориулан Найрамдалаас эхлээд олон зуслангууд үүд хаалга нээгддэг ч тэр бүр хүүхдүүд яваад байх боломжгүй. Учир нь явах үгүй нь ар гэрийнх нь мөнгөний орлогоос шалтгаалдаг. үнэндээ амьдралын боломж, бололцоо сайтай айлын хүүхдүүд хэдэн зуугаар нь зарлагадан зусланд амарч байхад зарим нь гадуур хий дэмий сэлгүүцэх юм уу, хэн нэгэнд уруу татагдан буруу замд орох нь ч байдаг.

Гэр хороололд амьдардаг хүүхдүүдийн хувьд зуны амралт бүр ч хүнд наад зах нь тоглох тоглоомын талбай байхгүй. Тиймээс хөвгүүд нь дугуй унаж машины урьдуур орохоо алдаж, охид нь дээс эргүүлж зуны амралтаа арай гэж өнгөрүүлдэг. Зарим эцэг эхчүүд амрав уу үгүй юу хүүхдүүдээ хөдөө байгаа ахан дүүс өвөө эмээд нь дургүй байсан ч албадан явуулдаг. Энэ нь эцэг эхчүүдийн сэтгэлийг түрч болов амраах, зуны гурван cap ардаа санаа зовохгүй байж болох нэг арга нь. Хүүхдүүдэд ч хотод байхаас арай дээр ядаж л хотын тоос шорооноос хол цэвэр агаарт амарна.

Харин нэг санаа зовоосон зүйл бол насанд хүрээгүй хүүхдүүд амралтаараа ар гэрээ тэжээх, намар сургуульдаа өмсөх хувцас, ном дэвтрийнхээ мөнгийг олох гэж зунжин ажилладаг. Зах дээр тэрэг түрж, машин угааж тав арван төгрөг олно. Бүр ингэж яваад олсон хэдэн төгрөгийнхөө амтанд орж сургуулиасаа гарах тохиолдол элбэг.

Манай улсад хэт хүнд ачаа бараа зөөх, хурдан морь унах, болон циркийн үзүүлбэрийг хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрт тооцдог. Түүнчлэн сүүлийн жилүүдэд бага насны хүүхэд ихээр ажиллах болсон уул уурхай ч энэ ангилалд ордог. өнгөрсөн оны байдлаар хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн 25.4 хувь нь 5-9 настай, 35.1 хувь нь 10-14, 39.5 хувийг 15-17 насны хүүхдүүд эзэлж байна. Уг судалгаагаар хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд жил бүр өсч байгаа нь ажиглагдсан юм. Мөн уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүүхдүүдийн 48.3 хувь нь бие эрхтэндээ гэмтэл авсан байдаг аж. Энэ байдал нь хүүхдийн эрүүл мэнд, оюун ухаан, ёс суртахуун болон нийгэмийн хөгжил төлөвшилд хор уршигтайгаар нөлөөлдөг байна. Улс орныхоо ирээдүй болсон хүүхдүүд зуны амралтаа иймэрхүү л өнгөрөөх нь.

Р.Эрдэнэбат


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих