Авгай хүүхний хэрүүл шиг болсон ажил хэргийн уулзалт
УИХ дэхь МАН-ын бүлгээс Ерөнхий сайд Н.Алтанхуягт арав хоногийн хугацаатай шаардлага хүргүүллээ. Шаардлагыг тус намын дарга М.Энхболд, бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн ажлын албаны дарга Ш.Раднаасэд нар “гардуулсан” бөгөөд, үйл явц таагүй “уур амьсгал” дор болж өнгөрсөн гэхэд болно. Сүүлийн хоёр сарын хугацаанд УИХ тодорхой үр дүнтэй ажиллаагүй, сандал суудал сэлгэж, дээл хувцас тайлах тухай ярьсаар таарсан. Харин үүнийг сөрөг хүчин Засгийн газрын үйл ажиллагаатай холбон тайлбарлаж байна. Мөн хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа талцалтай, тодорхой бүлэг хүчнийхэнд үйлчлэх байдалтай ажиллаж байна гэв. Үүнээс болж хүний амь эрсдэх тохиолдол гарч байгаа учраас арав хоногийн хугацаатай шаардлага гардуулсан юм. Шаардлагад дээрх бүх нөхцөл байдалд хариуцлагагүй ажилласан хүмүүстээ арга хэмжээ авахыг ч тусгасан байлаа.
Гэхдээ эрх баригч хийгээд сөрөг хүчний тэргүүнүүдийн уулзалт ажил хэрэгч гэхээсээ илүү авгай хүүхдийн хэрүүл шиг болсон. Шаардагчид Ерөнхий сайдын өрөөний үүдэвд ирж хэсэг зогссоноо, бүлгийн дарга С.Бямбацогт ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг рүү утсаар ярьж, хүлээгээд авчих л даа хэмээн гуйж байж дотогш оров. Харин Ерөнхий сайд “Яасан сүртэй явж байх юм, тулган шаардалт энэ тэр бариад. Би гадны хүмүүстэй уулзалттай байлаа” хэмээн нэлээн ууртай гарч ирсэн. “Хоёр бие даагч гишүүн таны өрөөнөөс гараад явлаа шүү дээ” гэснийхээ төлөө С.Бямбацогт гишүүн “Өөрөө босч очоод миний өрөөг онгойлгоод үздээ” хэмээсэн хэрүүлийн үг Ерөнхий сайдаас авлаа.
Харин уулзалт цааш хэрхэн өрнөснийг бүрэн эхээр нь хүргэе.
Н.Алтанхуяг: Та намын дарга болсноос хойш их зохимжгүй ажиллагаа бий боллоо шүү. УИХ дотор яриад шийдчих асуудлыг заавал гудамжинд, эсвэл бүлгийн шаардлагыг заавал чамд өгнө гэж орж ирдэг. Бидний хоорондоо чалчиж байгаа энэ байдал, эдийн засгийн хувьд муу. Эдийн засаг муу байх нь Ардын намд ашигтай байгаа юм уу. Надад нэг дутагдал байгаад, би нэг үг хэлчихсэн юм. Би Ардын намтай хамтарч засаг байгуулахгүй гэсэн болохоос Ардын намтай хамтарч ажиллахгүй гэж хэлээгүй. Би өнөөдөр өдрийн хоолоо идэнгээ гадны хүнтэй ярьчихья гэтэл та нар хэвлэл мэдээллийнхнийг дуудаж ирээд, гадаа бүгдийг нь зогсоочих юм. Би та нартай уулзахгүй бол “Н.Алтанхуяг хүлээж авсангүй” гэх нөхцөлд орчих гээд байх шиг.
Ч.Сайханбилэг: Энэ бичиг миний гар дээр 7-8 минутын өмнө ирсэн. “Одоо 13:30 цагаас Ерөнхий сайдтай уулзах хэрэгтэй байна” гээд хэдхэн минутын завсарлагатай. Гэтэл Бямбацогт дарга сэтгүүлчдийн дэргэд 13:30 цагаас Ерөнхий сайдтай уулзах гээд цаг авчихсан байсан хоёр бие даагч гишүүнтэй барьцаж болъё. Ерөнхий сайдтай уулзъя гээд Их хурлын өөрийн зохион байгуулалтын бүтэц бүлгийнхэн ирчихээр гадаадын хүнтэй хийж байсан уулзалтаа хаяад орж ирж байна ш дээ. Шаардлагатай холбоотой зүйлд Ардчилсан намын ч тэр, Засгийн газрын ч тэр бүх гишүүн эмзэглээд явж байгаа. Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд саад болохгүйгээр юу хийж болох вэ гэдэгт Засгийн газар анхаарч ажиллаж байна.
С.Бямбацогт: Хариуцлагагүй байдал үнэхээр газар авчихаад байна л даа.
Н.Алтанхуяг: Ёс зүй ярьж байна. Би ганцхан зүйл хэлье. Cap гаруйн өмнөөс Ардын намын бүлэг дээр мэдээлэл хийе гэхээр огт хүлээж аваагүй мөртлөө, хорин минутын өмнө бичиг өгчихөөд…
С.Бямбацогк: Тийм биш ээ. Хүн ярих гэхээр хэтэрхий мэдээллээрээ давамгайлж байгаа юм шиг зүйл битгий яриад бай. Та бид хоёр 13:07 цагт ярьсан байна. /утасны дуудлагаа гаргаж харуулав/. Одоо 13:50 болж байна.
Ч.Сайханбилэг: 13:10 гэж байна.
М.Энхболд: Энд дэмий чалчиж орж ирээд байгаа зүйл ерөөсөө байхгүй. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулж ярих ёстой зүйлийг ярьж байна. Их хурал дээр зөвхөн дан давхар дээл, сайд огцруулах тухай яриад байгаа юм биш. Засгийн газрын өргөн барьсан хуулиуд Их хурал дээр явахгүй байна.
Ч.Сайханбилэг: Тэр бол олонхийн асуудал.
М.Энхболд: Чанаргүй зүйл оруулж ирж байгаа учраас Их хурлын гишүүд дэмжихгүй байна. Энэ бол чадамжийн асуудалтай холбоотой. Энэ бүхнийгээ засаач ээ.
Н.Алтанхуяг: Засья л гэж байна шүү дээ.
М.Энхболд: Чанартай оруулж ирж чадахгүй байгаа хүмүүстээ хариуцлага тооцооч ээ.
Н.Алтанхуиг: Одоо бүр өрөөнд орж ирээд…
М.Энхболд: Би Ерөнхий сайдаар энэ өрөөнд сууж байхдаа олон л нам эвсэл, хөдөлгөөний өргөх бичгийг авч байсан. Болдоггүй болчихсон бол, дүрэм журам зөрчсөн бол уучлаарай.
Н.Алтанхуяг: Танай хүмүүс буруу юм хийж байна. Хорин минутын өмнө бичиг өгчихөөд
М.Энхболд: Ерөөсөө 30 минутын өмнө манай бүлгийн хурал дууссан.
Ч.Сайханбилэг: Хоёр улс төрийн хүчин, хоёр нам, хоёр бүлэг байтугай хоёр Их хурлын гишүүн, найз хүртэл уулзахдаа бие биенийгээ хүндэтгээд цагаа асуудаг шүү дээ.
Н.Алтанхуяг: Одоо боллоо, дуусгая. Бүр өрөөнд дайрч орж ирээд тулгадаг болж.
Ингээд Н.Алтанхуяг дарга өрөө рүүгээ орж М.Энхболд дарга гарч одов. Ард нь ЗГХЭГ- ын дарга Ч.Сайханбилэг, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар уулзах хүсэлт тавьсан хийгээд хоорондоо утсаар ярьсан хугацааныхаа талаар мэтгэлцсээр хоцорлоо.
URL: