АН-ын дотоодод үүссэн хүлээлт

Ардчилсан на­мын нөхцөл байдал өөрч­лөгдсөнийг хүлээн зөвшөө­рөх ёстой байх. Хэрэв юу ч өөрчлөгдөөгүй, асуудал огт байхгүй гэж удирдлагууд нь үзэх юм бол “өвчнийг нууж эдгээдэггүй” гэдэг үгийн үнэнийг тэд ойлгох хүртэл хүлээж таарна.

Засгийн эрхийг хамтран хэрэгжүүлж байгаа нам ньУлсын дээд шүүхэд ердөө долоо хоногийн өмнө шинээр бүртгүүлж, нэр болоод үзэл баримтлалаа өөрчилж, тэрчлэн АН-ын бэлгэдэл болсон хөх, улаан, цагаан өнгө рүү өөрсдийн туг, тэмдгээ хүртэл хувиргачихлаа. АН үзэл баримтлалаа өөрчлөхгүй гэхэд тодотгох, нийгэмд өөрсдийгөө сануулах, намын гишүүдийн зүгээс тавиад байгаа өнгө өнгийн асуудлыг хэлэлцэж, тэр бүрт хамтын шийдвэрээр хариу гаргах шаардлага үүссэн гэдэг нь хөндлөнгийн хэнд ч илэрхий болов.

Намын удирдлагууд болон нөлөө бүхий лидерүүд нь “Улс төрийн намд зөвхөн сонгууль л дүн тавина” гэдэг “онол”-оор түрээ бариад 2012 он хүртэл таг дуугүй дүмбийчихэд болно гэж бодож байгаа бол чухам эндүүрэл. Намын даргын сунгаанд өөрийгөө сойгоод эхэлчихсэн сонирхлыг юугаар цаламдах вэ, хойноос ирээд хотон дотор буйр засах гээд унь, тоон хайж яваа хүмүүсийг хэрхэн “номхотгох” вэ, энэ бүхнийг эцсийн эцэст Их хурлаар хэлэлцье гэсэн дуу хоолойг яаж таслах вэ? Энэ бүх асуултуудад энэ сарын 19-нд болох Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хариу хэлэхгүй л бол АН өвчнөө нуух гээх өвөр дотроо буглаа үүсгэх аюулд орно.

Их хурал эцсийн зөв хувилбар уу?

АН-ын нөхцөл байдал МАН-ын хурлаас хойш өөрчлөгдсөн гэдэг байр суурийг “Ээлжит бус Их хурлын төлөө хөдөлгөөн”-ийнхөн илэрхийлж байгаа. Сонгуульд МАХН нэрээр санал авсан нам нь нэр, мөрийн хөтөлбөрөө өөрчилж, хариуцлагаас бултахад өөрсдийгөө бэлтгэчихээд байхад АН-ын нөхцөл байдал өөрчлөгдөөгүй гэвэл гэнэн хэрэг болно. Ээлжит бус их хурлын төлөө хэсгийнхний дэвшүүлж буй асуудал нь намынхаа үзэл баримтлалыг тодотгох, хамтарсан Засгийн газарт ажиллах хугацаа, хийх ажлыг тодорхой болгох, мөн улс төрийн хариуцлагыг нь МАН-тай хэрхэн хуваах вэ гэдгийг намын эрх барих дээд байгууллага Их хурлаараа хэлэлцэх ёстой гэсэн байр суурь юм.

МАН нэрээ солих асуудлаараа нийгмийг хамарсан PR явуулж, үүнийхээ цаана цоо шинэчлэгдсэн улс төрийн хүчин боллоо гэсэн ойлголтыг масст төрүүлэхийг зорьсон. Шинэчлэгдэн сэлбэгдсэн МАН хамтарсан Засгийн газрын цөм нь, тархи толгой нь гэсэн ойлголт ээлжит сонгууль хүртэл үргэлжилбэл энэ Засгийн газрын амжилт бүрт эвийн ивээс нь болсон АН юутай хоцрох вэ. Үнэхээр ч хамтарсан Засгийн газрын хариуцлагыг АН яаж хуваах, амжилтыг нь хэдэн хувиар өмчлөх нь тус намын гишүүдийн хувьд санаа зовох л ёстой асуудал юм. Үйл хэрэг бүхэнд нь эвийн ивээс нь болж явчихаад эргээд МАН-д далаараа цэвэр тавиулах вий гэдэгт гишүүдээс нь өөр хэн санаа тавих ёстой гэж. Хамтарсан Засгийн газрын хариуцлагыг яаж үүрэх, хэдий болтол ажиллах, ажиллах хугацаандаа цаашид юу хийх зэргийг тодорхой ярья гэсэн нь “Ээлжит бус их хурлын төлөө” хөдөлгөөнийхний зөв болов уу. Намын удиардлагууд тэдний тавьж буй шаардлагад нь үнэний ор байгааг анзаарах нь тодорхой. Учир нь “Одоо бүх зүйл болж, бүтэж байна” гэж өөрсдийгөө хуураад ирэх сонгууль л дүн тавина гэж харанхуй зоригоор зүтгэх нь сууж буй мөчрөө хөрөөдсөнөөс ялгаагүй болно.

Амбици, ашиг сонирхлуудад хариу өгөх үү?

АН-ын дараагийн дарга хэн байх вэ гэсэн асуултыг хариулттай нь хамт гаргаад ирсэн лидерүүдэд ямар тактик байгаа нь сонирхол татаж байна. Энэ асуудлаар мессеж тарааж, олон нийтийн санаа бодлыг тандах, дасгах гэсэн арга баримталж байгаа тэд 19-нд болох ҮЗХ-ны хурлыг хүлээж байгаа. Үндэсний зөвлөлдөх хорооны хурал дээр намын даргын асуудлыг яриад өнөөгийн даргыг өөрчлөх эсэх дээрээ тулбал Их хурлыг зарлаж таарна. Мэдээж үүний тулд ҮЗХ-ны 228 гишүүний гуравны хоёр нь дээрх асуудлыг дэмжих ёстой. Их хурлыг зарлан хуралдуулья гэдэг хөдөлгөөнийхний шахалт ч нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдийн зарим нь асуудлыг Их хурлаар ярилцья гэсэн байр суурийг дэмжин хөдөлгөөнийхөнд гарын үсгээ өгч байгаа ч ҮЗХ-ны хурал дээр асуудал хаашаа эргэхийг тааварлахад төвөгтэй аж. Намын даргын асуудлыг хамтарсан Засгийн газрын хувь заяатай холбон яривал байдал бүр ч төвөгтэй болно гэж үзэх хүмүүс байна. Гэхдээ хамтарсан Засгийн газарт АН байх ёстой, харин намын дарга нь Засгийн газрын гишүүн байх зохисгүй гэсэн байр суурийг зарим нь илэрхийлж буй мэдээлэл бий.

Энэчлэн ярих, хэлэлцэх, хуралдах шалтгаан байна гэдгийг дохиолсон үйл явдлуудад Үндэсний зөвлөлдөх хорооны хурал хариу бэлтгэх шаардлагатай болжээ. “Өвчнийг нууж эдгээдэггүй” гэдэг шиг үүссэн асуудлуудыг хэлэлцэж, өнгө өнгийн сонирхлуудад хариу өгөхөөс өөр арга АН-д харагдахгүй байна. Харин үүссэн асуудлуудыг хэлэлцэх явцыг хэрхэн хөтөлж, ямар шийдэлд хүргэх нь одоохондоо тодорхойгүй аж.

ҮЗХ-ны хурлын өмнө АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдах ёстой төдийгүй энэ даваа гаригт хуралдана гэсэн хүлээлт зарим талд үүсчээ. Гэхдээ даваа гаригт Гүйцэтгэх зөвлөл хуралдахгүй гэж албаны эх сурвалж хэллээ. Юутай ч энэ долоо хоногтоо багтаан хуралдуулна гэлээ. Тэгэхээр үйл явцыг хааш нь хөтлөхийг намын удирдлагууд дор бүрнээ тооцоолж, бас ч цаг хожиж буй бололтой.

З.БОРГИЛМАА


URL:

Сэтгэгдэл бичих