Х.Болорчулуун: Харамсалтай нь, ганц кноп дутлаа

BSN_8472-МАН-ын гишүүд бүгд эсрэг санал өглөө. Тэдэнд  бол улсын эрх ашгаас илүү намын эрх ашиг, хувь хүмүүсийн амбиц нь чухал байдгийг Газрын тосны хуулийн санал хураалтын үеэр харууллаа-

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт Газрын тосны тухай хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн олонхийн санал авч чадаагүй унасан.  Яагаад энэ хууль уначихав, энэ хуулийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд юу гэж дүгнэж байна?

-Газрын тосны хуулийг боловсруулахад өнгөрсөн намрын чуулганаас хаврын чуулган хүртэл найман сарын хугацаанд УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажилласан. Энэ ажлын хэсгийг би ахалж, УИХ дахь нам, эвслийн бүлгийн төлөөлөл болон эрдэмтэд, докторуудаас бүрдсэн сайн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг олон сарын турш хичээн ажилласан. Газрны тосны хууль нь байгалийн баялгийн ашигт малтмалын дараа орох маш чухал хууль. Уг хуулийг хэлэлцэх хуралдаан тавдугаар сарын 16-ны өдөр болж, УИХ-ын  64 гишүүн оролцож, гишүүдийн санал  50:50 хувиар тэнцэж, хууль батлагдаж чадаагүй нь харамсалтай. Ганц кноп дутлаа гэсэн үг. Энэ хууль батлагдаж чадаагүй шалтгаан нь тухайн өдрийн хуралдааны гишүүдийн ирц, зарим сайд нарын ажилдаа хариуцлагагүй хандсанаас болсон. Мөн МАН-ын гишүүд бүгд эсрэг санал өгч энэ хуулийг унагасан. Энэ хууль сайн боловсруулагдсан хууль байсан. Улстөржилт хийж унагасан гэхэд болно.

-Сөрөг хүчний зүгээс олонх ирцээ бүрдүүлж чадаагүй учраас Газрын тосны хууль унасан гэж тайлбарлаад байгаа шүү дээ?

-МАН-ын гишүүд бүгд эсрэг санал өгсөн шүү дээ. Тэдэнд  бол улсын эрх ашгаас илүү намын эрх ашиг, хувь хүмүүсийн амбиц нь чухал байдгийг Газрын тосны хуулийн санал хураалтын үеэр харууллаа. Газрын тосны хууль бол олон хүний хөдөлмөрөөр бүтсэн. Засгийн газраас өргөн барьсан хууль нь ч сайн хууль байсан. Монгол Улсад маш хэрэгтэй хууль. Олон Улсын жишиг, судалгаан дээр суурилсан, мэргэжлийн хүмүүс болон газрын тосны салбарын эрдэмтдийн санал бодлыг тусгасан, 10 бүлэг 47 зүйл бүхий чухал хууль.

Манай зарим эрх мэдэлтнүүд байгалийн баялагтай холбогдох хуулиудыг бусад улсуудын хуультай харьцуулахад хэт сул, гадныханд тааламжтай л байвал сайн хууль гэж дүгнээд байх шиг. Бид бүх зүйлээ лоббинд автаад гадныханд зориулаад байвал ард түмэн хэзээ  сайхан амьдрах вэ. Монголын нийт хүн амын 40 хувь нь ядуу байна. Гэхдээ МАН-ынханд ард түмний ядуу байгаа байдлыг ойлгох сэтгэл байхгүй юм байна. Улс орны эрх ашгийн төлөө ард түмний төлөө гэсэн нэр барьж, өөрсдийнхөө эрх ашгийг боддог гэж дүгнэж байна. Ялангуяа МАН-ын удирдлагууд газрын тосонд дэндүү их  “хутгалдаж халтартсан” байна. Тиймдээ намаараа хайрцаглаж, энэ хуулийг унагасан. Дээрээс АН-ын зарим гишүүд хариуцлагагүй хандсан зүйл бий.  АН дотор энэ хуулийг эсэргүүцэж байсан хүмүүс ч бас бий. Тэд нар бол эрх ашиг, сонирхлын зөрчилтэй  олигархиуд.

-Та МАН-ынхан тосонд хутгалдаж халтартжээ гэж хэллээ. Тэгэхээр МАН-ынхан одоогийн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудтай ямар нэг байдлаар холбоотой учраас хамгаалаад үлдчихлээ гэж хардаж болох уу?

-Тийм байх магадлал өндөр.  Тус бүлгийн жирийн гишүүдийн зүгээс “Газрын тосны хууль дээр нэг ч хүн хуруу хөдөлгөж болохгүй шүү гэж үүрэгдсэн, намынхаа үүргээс зөрж чадаагүй” гэж хэлж байсан. Уг нь тэр хүмүүс намын бүлгийн эрх ашгаас илүү улс орны эрх ашгийг  бодох байсан. Нам гэдэг яаж хүмүүсийг хайрцаглаж, ард түмний эрх ашгийг умартаж бэртэгчин болгож чаддагийг газрын тосны хуулийн хэлэлцүүлэг харуулж байна.

-Газрын тосны хууль гарснаар Дорнод, Дорноговь аймгийн эгэл жирийн иргэд болоод аймгийн санхүү, эдийн засаг, цаашлаад байгаль экологид ашигтай байсан юм биш үү. Тэгэхээр дээрх аймгийн иргэдийг төлөөлөн УИХ-д сууж буй Н.Номтойбаяр, Ж.Батсуурь нарын гишүүд тойргоо бодоод энэ хуулийг дэмжиж болоогүй юм болов уу?

-Тэдэнд намын эрх ашиг, улмаар намаар дамжин хүртэх хувийн эрх ашиг нь итгэл хүлээлгэн сонгосон аймаг, орон нутаг, тэнд аж төрж буй жирийн иргэдийн эрх ашгаас илүү байна гэж ойлгогдож байна.

-Хуралд оролцсон гишүүдийн санал тэнцсэн гэхээр Засгийн газар  оруулж ирсэн хуулиа хамгаалаад, олонхоо бүрдүүлээд хуулиа батлуулаад гарах боломж байсан юм биш үү?

-Ардчилсан намын зарим гишүүд ч хариуцлагагүй хандсан. Ялангуяа “давхар дээл”-тэй сайд нар картаа шургуулаад алга болсон байсан. Олонх ирцээ бүрдүүлж чадахгүйгээс шалтгаалж хууль унасныг үгүйсгэх аргагүй. АН дотор ч ашиг сонирхлын зөрчилтнүүд их байна. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг нар хурлаа хаяж, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа бүр эсрэг санал өгсөн. Үүний цаана асуудал байна гэж би ойлгож байгаа.

-Засгийн газар өөрийн оруулж ирсэн хуулиа хамгаалж чадахгүй, олонхын ирц бүрдэхгүй байна гэхээр эргээд л “давхар дээл”-ийн төслийг баталсан бол ийм асуудал үүсэхгүй байх байсан уу гэж бодогдож байна л даа?

-“Давхар дээл”-ийн хуулийг Засгийн газрын гишүүдийн 30 хувийг үлдээхээр батлах гэж байсан. Энэ асуудлыг Үндсэн хуульд өөрчлөлт оруулаагүй цагт Засгийн  газрын сайд нар “давхар дээл”-ээ 100 хувь тайлахгүй байсан. Хууль тогтоох, гүйцэтгэх засаглал хоёр нь тусдаа байх ёстой. Ер нь цогцоор нь шийдвэл Засгийн газар УИХ-аас гадна бүтцээ бүрдүүлээд явах ёстой. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулаад Ерөнхийлөгч, Засгийн газарт санал авахаар хүргүүлээд байгаа. Хуулийн дагуу 30 хоногийн дотор хариу ирсний дараа УИХ-д өргөн барина. Ер нь УИХ нь хуулиа тогтоон, хяналтаа тавьж, Гүйцэтгэх засаглалын сайд нар нь парламентаас бус салбартаа туршлагатай, чадварлаг хүмүүс томилогддог байх хэрэгтэй.

-Газрын тосны хууль шинэчлэгдэж чадахгүй удаж байна, энэ хууль батлагдсанаар ямар ач холбогдолтой байсан бэ?

-БНМАУ-ын үеийн бүх хууль өөрчлөгдсөн. Хуучнаараа үлдсэн ганцхан хууль нь Газрын тосны хууль. Өдийг хүртэл МАН /хуучнаар МАХН/-ынхан яагаад Газрын тосны хуульд өөрчлөлт оруулахгүй байсан юм бол. Хоёр удаа УИХ-д оруулж ирэх гээд чадаагүй гэсэн. Энэ удаад чуулганаар орсныг эцсийн хэлэлцүүлэг дээр унагааж чадлаа, тэд. Газрын тостой гүн бат холбогдож, тосонд халтартсан хүмүүс гэдгээ харуулав уу гэсэн хар төрж байна.

Ер нь энэ хууль шинэчлэгдэн батлагдсанаар газрын тосны салбарт эрэл, хайгуул, ашиглалт хийх, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу бүтээгдэхүүн хуваалт, нөөц ашигласны болон хайгуул ашиглалтын төлбөрийг хэрхэн авах, хэрхэн газрын тосны үйл ажиллгаанд санхүүгийн болон бусад хяналт тавих, УИХ, Засгийн газар, аймаг сумын эрх үүрэг хэрхэн хэрэгжих, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, үүрэг хариуцлагыг тодорхой тусгасан зэрэг олон чухал ач холбогдолтой байлаа.

МАН-ынхан долларын ханш  өслөө гээд улстөр хийгээд байгаа шүү дээ.Хэрэв тэд үнэхээр ханш өссөнийг эсэргүүцэж байсан бол Газрын тосны хуулийг дэмжих байсан. Энэ хуулинд газрын тос борлуулалтын төлбөрийг гадаадын биш Монгол Улс дахь банкаар дамжуулна гэсэн заалт бий. Хэрэв Монголын банкаар дамжуулж борлуулалтаа хийвэл валютын нөөц нэмэгдэхэд л хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэднийг ард түмний амьдралыг дээшлүүлэх, сайхан болгох бодолгүй байна гэж ойлгохоор байна.

-Дэлхийн бусад орнуудтай харьцуулахад манай улс газрын тосноосоо эзэмших хувь нь тун бага байдаг гэж сонссон?

-Монголд “Петро Чайна Дачин Тамсаг”, “Доншен” зэрэг Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд газрын тос олборлож байгаа. Монгол Улс нийт газрын тосныхоо 24 хувийг л хүртдэг. Гэтэл дэлхийн бусад орнууд маш өндөр хувь эзэмшдэг. Жишээлбэл, Норвеги л гэхэд 78 хувийн татвар авдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 23 хувийг Газрын тосноосоо бүрдүүлдэг. Өнөөдөр Норвегийн газрын тосны нөөц нь манай улсаас зөвхөн нэг дахин их буюу 780 сая тонн байдаг. Мөн Индонез гэхэд бүтээгдэхүүн хуваах гэрээний 71 хувийг төр нь авдаг. Ингэж улс орон байгалийн баялаг, тэр дундаа газрын тосоо ашиглаж байхад манайх 24 хувийг л ашиглаж байна. Манай улс 348 сая тонн газрын тосны нөөцтэй. Хууль батлагдсанаар ашгийг 50, 50 хувь хүртэх боломжийг бүрдүүлэх байсан. Газрын тос гэдэг хайгуул хийгээд нэг л нөөцийг нь тогтоочихвол маш өндөр ашигтай бизнес.

-Уул уурхай олборлолт явуулж байгаа нөхцөлд тухайн орон нутагт үлдэх юмгүй, сүйдсэн байгаль үлдэнэ гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Хуульд энэ бүгдийг хэрхэн зохицуулсан байсан бэ?

-Өнгөрсөн жил гэхэд 800 000 орчим тонн газрын тос экспортонд гарсан. Гэтэл тухайн аймгийн иргэд болон орон нутаг юу ч хүртдэггүй. Ялангуяа байгаль орчин, ан амьтан, малчдад сөргөөр нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, булааж авч байгаатай адил. Шинэ хууль гарснаар байгалийн нөөц ашигласны татварын 30 хувь, хайгуул, болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн 30 хувь орон нутаг хөгжүүлэх нэгдсэн санд орж, тэндээсээ газрын тостой аймаг арай илүү хүртэх байсан. Орон нутагт ямар ч хүртээлгүйгээс болж баялаг олборлож байгаа байдлыг эсэргүүцэх явдал байнга гардаг шүү дээ.

-Газрын тосны хуулийг дахин оруулж ирэх боломжтой юу?

-Засгийн газраас дахин оруулж ирэх байх. Гэхдээ сая батлагдах байсан хуулийг зэрэмдэглэх хүсэлтэй хүмүүс нэлээдгүй байгаа. Тэд лобби нөлөөгөө идэвхжүүлж улс оронд хэрэгцээтэй зүйл заалт, өгүүлбэрийг нь хасахын төлөө ажиллах нь дамжиггүй. Ер нь бол байгалийн баялагтай холбоотой хууль олон улсын жишгийн дагуу, Монголын ард түмний эрх ашигт нийцэн батлагдах ёстой. Гэхдээ өнөөгийн парламентийн үед их л бартаа саадыг давж байж гарах байхаа.

Ярилцсан Ш.ОЮУНЧИМЭГ

Эх сурвалж: “NEWS WEEK” сонин №062


URL:

Сэтгэгдэл бичих