Төр нь том бүтээн байгуулалтаа мартчихжээ

-08042014-1396939070-1465028037-sainshandМонгол Улсад хийгдэж байгаагүй томоохон бүтээн байгуулалтын талаархи чимээ дуулдаж эхэлснээс хойш чамгүй олон жил өнгөрчээ. Нарийн тооцвол долоон жил өнгөрсөн байна. Гэсэн ч өнөөдөр үзээд өгье гэхэд бүтээн байгуулалт хийгдээгүй, тэр ажил нь урагшаа яваагүй байгаа юм. Энэ бол “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор”.

Өмнөх Засгийн газрын үед “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”-ыг бүтээн байгуулъя гэдэг шийдвэр гараад мастер төлөвлөгөөг нь олон улсын нээлттэй тендерээр зарлаж хийлгэсэн байдаг юм. Үүнийг 2012 оны зургадугаар сард хүлээж авсан бөгөөд Засгийн газарт танилцуулга хийгдсэн байдаг аж. Ингэснээр энэ үйл ажиллагаа ҮХААЯ-нд шилжиж ирсэн байдаг. Яаман дээр ирснээр маш олон ажлууд урагшаа явсан.

Оюутолгой төсөлтэй энэ тэнцэхүйц том бүтээн байгуулалт мөн гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн атлаа урагшлуулах гэж төвдөхгүй байгаа нь улстөржилтөөс шалтгаалж байна гэж хардахад хүргээд байна.

Тодорхойгүй олон асуудлыг цэгцэлж, ТЭЗҮ бүрэн хийгдэж, дэд бүтцийг нь хэрхэн шийдэх, гүний усыг ямар байдлаар ашиглах вэ гэдгээ ч нарийн тооцоолж чадсан. Ингэснээр бүх бичиг баримтын асуудлаа цэгцэлсэн ч өнөөдөр гагцхүү хөрөнгө мөнгөний асуудлаас болж гацаанд ороод байгаа аж.

Цааснаас хэтрэхгүй төсөл хөтөлбөрийн нэг “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” болох эрсдэл тулгараад байна. Учир нь, улстөржилт, Засгийн газраас төсөв хөрөнгө тусгаж өгөхгүй байгаа учраас Эрдэнэтийн дараа орох их бүтээн байгуулалт зүгээр л цаас болж хувирах гээд байгаа юм. Уг нь ач холбогдол, хүлээх үр дүнг бүх Засгийн газар хүлээн зөвшөөрчихсөн.

Оюутолгой төсөлтэй энэ тэнцэхүйц том бүтээн байгуулалт мөн гэдгийг хүлээн зөвшөөрчихсөн атлаа урагшлуулах гэж төвдөхгүй байгаа нь улстөржилтөөс шалтгаалж байна гэж хардахад хүргээд байна. Энэ төсөлд Засгийн газраас баталгаа гаргаад өгчихвөл тэд өөрсдөө хөрөнгө оруулалтаа татаад төсөл хөтөлбөрт тусгасны дагуу дэс дараалалтай бүтээн байгуулалтаа хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Маш олон санал ирж байгаа ч Засгийн газар нь хөдлөхгүй байгаа учраас харзнаж байгаа гэх. Уг төслийн багийнхан тийм ч их мөнгө шаардаагүй.

Дэд бүтцийг шийдэх 15 хувь буюу 200 сая ам.долларыг гаргаад дэд бүтцийг нь хийгээд өгчихвөл бид хөрөнгө оруулъя гэсэн аж ахуйн нэгжүүд олон байгаа юм байна. Хамгийн чухал нь Гангийн үйлдвэрээ босгох. Дэлхийн гангийн хэрэглээ нэмэгдэж, урд хөршид төмрийн хүдэр нийлүүлдэг улс орнууд экспортдоо хяналт тавьж эхэлснээс харахад манайх Гангийн үйлдвэрээ нэн даруй хурдан хугацаанд ашиглалтад оруулах шаардлага байгаа юм. Хамгийн удлаа гэхэд л 2018 он гэхэд жилд таван сая тонн ган хайлуулах үйлдвэр ашиглалтад оруулчихвал гаднаас өр зээл тавьж, гудамж мэтийг санхүүжүүлдэг дорой байдлаасаа салж чадах учиртай.

Гангийн үйлдвэрийг дагаад кокс хими, аргалж хорголжийн, зэс хайлуулах үндсэн үйлдвэрүүд ч ажиллаж эхлэх бөгөөд эдгээр нь тус бүртээ 10-20 дагуул үйлдвэртэй байна гэсэн тооцоог гаргачихаж. MSC, “Болд төмөр Ерөө гол” зэрэг томоохон хувийн хэвшлийн компаниуд ч гангийн үйлдвэрлэл зэрэгт хамтарч ажиллах хүсэлтээ тавьж байгаа гэнэ лээ. 200 саяар аж үйлдвэрийн цогцолборын гол асуудал болох цахилгаан, төмөр зам, хүнд даацын автомашины зам тавих, усны асуудлыг шийдвэрлэх юм. Ингэж ажлаа эхлүүлээд гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг олж чадвал цаашдаа энэ том бүтээн байгуулалтад өөрөө мөнгөө босгоод үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд явчихаж чадах юм.

Гаднаас өр зээл тавьж өнөөдөр ноосны үйлдвэр санхүүжүүлж суухын оронд энэ мэт томхон бүтээн байгуулалтаа урагшлуулахсан

Тэд зүгээр нэг мөнгө нэхээгүй. Мэргэжлийн баг хамт олон өдөр шөнөгүй сууж хаанаас ямар эх үүсвэрээр усны асуудлаа шийдэх, цахилгаан дулааны асуудлаар яаж бүрдүүлэх вэ гэдгээ ч нарийн тооцоолчихсон. Төслөөс орж ирэх үр ашиг, тэрнийг дагаад хэчнээн ажлын байр нэмэгдэх вэ гэдгийг, мөн нэг том үйлдвэрийг дагалдан хичнээн олон жижиг үйлдвэр ашиглалтад орох вэ гэдгийг ч нарийн судалсан байгаа юм. Тухайлбал, Усны асуудлыг эхний ээлжинд гүний усан хангамжаар шийдэх гарц олжээ. Сайншандаас 20 километрийн зайд орших “Бор хөөвөр” болон “Сайн ус” гэсэн эх үүсвэрийг эхний таван жил ашиглаж, дараагийн жилүүдэд Хэрлэн голын усыг гадагшаа урсгалгүй шилжүүлэх замаар ашиглах боломжтой гэсэн судалгааг мэргэжлийн баг хийжээ. Хэрлэн голын усыг ашиглах нь хэмээн эсэргүүцэж байсан хэнтийчүүд гэхэд л өнөөдөр усаа ашигла, цогцолбороо хурдан ажиллуулж эхэл хэмээн шаардах болсон гэдэг.

Цахилгаан хангамжийн асуудлыг мөн л хоёр эх үүсвэрээс бүрдүүлэх бөгөөд төвийн эрчим хүчний системийг ашиглахын зэрэгцээ тэнд барих дулааны цахилгаан станцаас цахилгаан авах юм байна. Хөндлөн чиглэлд төмөр зам барьж, хүнд даацын авто машины замыг тавьснаар бүтээгдэхүүнээ хоёр хөрш рүүгээ экспортлох үүд хаалга нээгдэх юм. Төмөр зам байгуулснаар жилд 158 сая тонн ачаа эргэлдүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр Монгол Улсын төсөвт жилд найман тэрбум төгрөгийн орлого нэмэгдэх боломж бүрдэх сайхан мэдээг дуулгах аж. Даанч төр засаг том бүтээн байгуулалтаа мартаж орхиж. Гаднаас өр зээл тавьж өнөөдөр ноосны үйлдвэр санхүүжүүлж суухын оронд энэ мэт томхон бүтээн байгуулалтаа урагшлуулахсан.

Б.Балжир

Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих