ЦАГДААГИЙНХАН АЖИЛ ХАЯЛТ ХИЙЖ, БОСЛОГО ГАРГАХ УУ

100000000002014 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлсэн Цагдаагийн албаны тухай шинэчилсэн хуулиар цагдаагийн цол нь цэргийн бус “албан тушаалын цол” болсон. Гэхдээ цагдаагийн болон дотоодын цэргийн байгууллагад ажиллаж байсан алба хаагч, ажилтны цалин хөлс, хангамжийн нөхцлийг дордуулахгүй байх зохицуулалт хийхийг Засгийн газарт даалгаж, энэ асуудлыг зохицуулан “Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”, “Цагдаагийн алба хаагчдад албан ажлын онцгой нөхцлийн нэмэгдэл олгох журам”, “Цагдаагийн албан тушаалын цолны нэмэгдлийн хувь хэмжээ”, “Цагдаагийн алба хаагчдад мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам”-уудыг Засгийн газар гаргасан боловч бодит байдал дээр олон цагдаагийн алба хаагчийн цол,  цалин, нэмэгдэл буурч байгаа юм байна.

Цагдаагийн байгууллагад  залуу насаа зориулж, өдөр шөнө, өглөө оройгүй хүйтэнд хөрч, халуунд халж , нойр хоолгүй зүтгэж, гэмт хэрэгтэй тэмцэх, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж зарим зүйл дээр төрийн тушаалаар нохойд барьдаг мод шиг явж ирсэн жирийн алба хаагчдийн цол өнгөрсөн долоо хоногт гэнэт буурч, зарим нь энгийн болж цолоо хасуулан авдаг хэдэн төгрөг нь багасчээ. Уг нь дээр дурьдсан Засгийн газрын тогтоолуудаар цалин, нэмэгдэл нь хэвээр байхаар тусгагдсан ч энэ нь хэрэгжсэнгүй.

Түүнээс гадна олон жил ажиллаж байж гардаж авсан ахмад, хошууч, дэд хурандаа цолтонгууд гэнэт дэслэгч гэдэг цолтой болж дөнгөж сургууль төгссөн цагдаагийн ажлын талаар номон дээр бичсэнээс ихгүй мэдлэгтэй, танил талтай дэслэгч, ахлах дэслэгч нар ахмад, хошууч, дэд хурандаа цол хүртсэн нь цагдаагийн ихэнх алба хаагчдын дургүйцлийг төрүүлж , энэ асуудлыг эсэргүүцэгч хэсэг бүлэг хүмүүс  цагдаагийн нэгжүүд дээр бий болж зохион байгуулалтанд орж эхэлжээ.

Цагдаад “Үйлдвэрчний эвлэл” гэдэг байгууллага байдаггүйтэй холбоотойгоор одоогийн байдлаар өргөн хэмжээний нэгдмэл үйл ажиллагаа явуулж эхлээгүй байгаа ч Цагдаагийн албаны тухай шинэхуулиар цагдаагийн алба хаагч ажил хаялт хийхийг хориглоогүй тул ойрын үед цагдаа ажил хаялт хийж магадгүй байна.

Энэ чимээнээр цагдаагийн удирдлагууд сандран ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар,  Ж.Ганбаатар, туслах комиссар Д.Батжаргал нар            Нийслэлийн цагдаагийн газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн дарга нарыг цуглуулан хариуцсан газар хэлтсийн хээ гомдол тэмцэл гаргаж байгаа алба хаагч нарыг дуугүй болгох, хэрэв ямар нэг асуудал гарвал өөрсдөд нь хариуцлага тооцохыг сануулж, үүрэг өгсөн байна.

Үнэхээр Монголд Цагдаа ажил хаявал нийгэмд ямар байдал үүсэхийг таахын аргагүй юм.

Сэтгүүлч: Г.Жаргалбаяр shumuul mn


URL:

Сэтгэгдэл бичих